Украины "төмөр жанжин" Валерий Залужный энэ долоо хоногт цэргийн дүрэмт хувцасныхаа энгэр дээр шинэ тэмдэг зүүсэн нь олны анхаарлыг татав. Цэргийн дүрэмт хувцасны засварууд нь янз бүрийн хэлбэр, хэмжээтэй байдаг бөгөөд өргөн хүрээний утгыг агуулж чаддаг ч Залужныйгийн энгэрийн тэмдгийн утгыг хэн ч хараахан тайлж чадаагүй байна. Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Залужный цэргийн бусад дээд албан тушаалтнуудтай дайны талаар дэлгэрэнгүй ярилцаж байхдаа энгэртээ "Baby Yoda" /грогу/ тэмдгийг зүүснийг харуулсан видео Даваа гаригт нийтлэгдсэн.
"Украины хамгийн ширүүн тулалдаан болж буй бүс нутагт хамгийн хүнд даалгавруудыг гүйцэтгэдэг цэргүүдийн ангиудад Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Сергей Шапталатай хамт ажилласан" гэж Залужный жиргэжээ.
Тэрбээр "Дайсан манай анги нэгтгэлүүдийн давшилтаас урьдчилан сэргийлэхийг оролдож байна. Эзлэн түрэмгийлэгчдийн ширүүн эсэргүүцлийг үл харгалзан манай цэргүүд Украины газар нутгийг чөлөөлөхийн тулд чадах бүхнээ хийж байна. Үйл ажиллагаа төлөвлөсний дагуу үргэлжилж байна. Баярлалаа. Ялалт ойртуулдаг хүн бүрт!" гэж мэдэгдсэн байна.
Залужный Диснейн "Оддын дайн" цуврал киноны шүтэн бишрэгчдийн дуртай дүр болох "Мандалориан" хүүхэлдэйн киноны дүр Грогуд яагаад хүндэтгэл үзүүлсэн нь тодорхойгүй. Гэхдээ энгэрийн тэмдгийн ард ямар нэгэн сэтгэл догдлуулам түүх байгаа гэж жиргээчид таамаглаж байна.
Түүний жиргээг Украины засгийн газрын албан ёсны хуудас дахин хуваалцахын сацуу "Хүч Украинтай хамт байх болтугай!" гээд "Ноён "Baby Yoda"-г анзаарсан бол дахин жиргэ" гэсэн байв.
Уг видео нь иргэдийн сонирхлыг төрүүлэхийн зэрэгцээ түүнийг өнгөрсөн сард Херсон мужид байлдааны үеэр амь үрэгдсэн гэсэн оросуудын тараасан цуу яриаг үгүйсгэжээ. Тэрбээр 2021 оны долдугаар сараас хойш Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ажиллаж буй. Дайн эхэлснээс хойш Залужный цэргийн ажиллагааг удирдаж, сөрөг довтолгоогоо эхлүүлснээр Украины зүүн болон өмнөд хэсэгт багахан хэмжээний нутаг дэвсгэрийн ялалт байгуулжээ.
Киевийн жанжин штабын өчигдрийн мэдээллээр пуужин болон их бууны ангиуд Оросын стратегийн байрлал, цохилтын хяналтын цэг, сумны агуулах, буудах газар, агаарын довтолгооноос хамгаалах системд хэд хэдэн удаа цохилт өгсөн гэв.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский энэ долоо хоногт ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Зарим газар манай дайчид урагшилж, зарим газарт байр сууриа хамгаалж, эзлэн түрэмгийлэгчдийн эрчимжсэн довтолгоог эсэргүүцэж байна” гэж мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ