АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Бээжин дэх айлчлал үргэлжилж байна. Тэрбээр Даваа гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Тайванийн тусгаар тогтнолыг АНУ дэмжихгүй" гэж хэлсэн нь анхаарал татав.
"Тайванийн хоолой, Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн өдөөн хатгасан үйл ажиллагаанд АНУ санаа зовж байна. Тайванийн тухайд АНУ-ын олон жил баримталсан Нэг Хятад бодлогыг би давтан хэлж байна. Тэр бодлого өөрчлөгдөөгүй. Энэ нь Тайванийн харилцааны тухай гэрээ, гурван талын хамтарсан мэдэгдэл, зургаа баталгааныхаа дагуу явж байгаа. Бид Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй. Бид статус-квогийн аливаа нэг талын өөрчлөлтийг эсэргүүцсээр байна. Асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг хүлээсээр байна. Мөн бид Тайванийн харилцааны тухай гэрээний дагуу үүрэг хүлээсэн хэвээр байна" гэж Блинкен хэлжээ.
Энэхүү хэвлэлийн бага хурлын өмнө Блинкен Хятадын дарга Ши Жиньпин, Гадаад бодлогын тэргүүлэх дипломатч Ван И нартай уулзсан. Энэ үеэр Ван И Блинкений мэдэгдэлтэй яг ижил утгатай үг хэлсэн байна.
Тодруулбал, энэ асуудал дээр Хятад улс хатуу байр суурьтай байгааг Ван И онцлоод, зөвшилцөх, буулт хийх боломж байхгүй гэжээ. Мөн АНУ-ыг Нэг Хятад бодлогыг баримталж, Тайванийн тусгаар тогтнолыг эсэргүүцэх ёстой гэж хэлжээ.
Блинкений мэдэгдэл нь "Тайванийг хамгаалахын тулд АНУ хөндлөнгөөс оролцоно" гэсэн Жо Байдены өмнөх мэдэгдлүүдтэй зөрчилдөж байна. Байдены засаг захиргааны зарим консерватив үзэлтнүүд Блинкений мэдэгдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, АНУ болон Хятадын Коммунист намын стратегийн өрсөлдөөний танхимын сонгон шалгаруулах хороонд ажилладаг Жим Бэнкс энэ мэдэгдлийг "сул дорой байдлын нэг хэлбэр" гэж тодорхойлсон. Америкийн Гадаад бодлогын зөвлөлийн ахлах ажилтан Майкл Соболик хэлэхдээ Блинкенийг өмнөх амлалттайгаа зөрчилдөж байна гэсэн бол сенатор Марша Блэкбөрн АНУ-ын засаг захиргаа дээрэлхэгчдийн эсрэг зогссонгүй гэж шүүмжилжээ.
Эх сурвалж: NEXT SHARK
Холбоотой мэдээ