Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг хүүхдүүдийг хүчирхийлдэг байж болзошгүй гэх хэрэг гарсан. Тус хэргийг хууль хяналтын байгууллага болон хүний эрхийн байгууллагууд шалгаж байгаа аж. Шалгалтын явц ямар байгаа талаар тодруулахад хамаарах байгууллага, нэгжүүд бүгд цагдаагийн мөрдөн шалгах ажиллагааг хүлээж байгаа гэсэн юм. Иргэдийн зүгээс энэ асуудалд хүний эрх, хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байна гэж харж байгаа учраас харьяа комисс нь зайлшгүй шалгах ёстойг илэрхийлж буй. Тиймээс тус асуудалд анхаарал тавьж байгаа эсэхийг Хүний эрхийн үндэсний комиссоос тодруулахад "Нийт хоёр удаагийн шалгалт хийсэн. Дахин хяналт шалгалт хийх эсэхийг урьдчилж хэлэх боломжгүй ч ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж байна.
Зөрчил дутагдал илрээгүй байхад дахин шалгана гэж бид дур мэдэж болохгүй. Цагдаагийн байгууллага болон бусад холбогдох газрын мөрдөн шалгах ажил дуусаагүй байна. Хэрэв шаардлагатай бол хүний эрхийн зөрчил гаргасан эсэхийг бид шалгана.
Хүний эрхийн үндэсний комиссоос энэ асуудлыг анхаарч байгаа. Гэхдээ хуулийн байгууллагын дүгнэлт гарвал дараа, дараагийн арга хэмжээг авна гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Ирэх долоо хоногоос ХЭҮК-ын Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөнөөс Гандантэгчэнлин хийдэд шалгалт оруулна" гэсэн юм.
Ямартай ч цахим хуудаст удаа дараа гарж буй мэдээлэлтэй холбоотойгоор хүний эрхийн зөрчил гаргасан эсэхийг хариуцсан комиссоос шалгахаар болсон байна. Хамгийн чухал нь зөрчил дутагдал гаргаж хүний эрхийг ноцтой зөрчсөн нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага тооцох аж. Гэхдээ одоогоор мөрдөн шалгах ажил ч дуусаагүй учраас шууд мэдээлэл өгөх боломжгүйг цагдаагийн байгууллагаас мөн хэлсэн.
Тодруулбал, мэдээлэл гарсан даруйд цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажил дуусаагүй байна.
Тус асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд бүртгэн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Харин Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас тодруулахад "Тус асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мөн харьяа Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газар ажиллаж байна. Тиймээс одоогоор мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбар өглөө.
Холбоотой мэдээ