Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Кью Эс Си” компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийн, ажиллаж байсан ч тодорхой үүргээ биелүүлээгүй үндэслэлээр өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын шийдвэрээр төрийн мэдэлд буцаан авсан юм. Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар өнгөрсөн хугацаанд тус үйлдвэрт шалгалт хийгээд “Кью Эс Си” компани нь төрд 1.2 их наяд төгрөгийн хохирол учруулсан байна гэдэг дүгнэлт гаргасан нь дуулиан дэгдээгээд байна.
Иймд "News" агентлаг энэ долоо хоногийн VS буландаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир нарын байр суурийг онцолж байна.
Б.ЦЭНГЭЛ
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга
Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хийсэн иж бүрэн санхүүгийн шалгалт 40 гаруй хоногийн хугацаанд үргэлжиллээ. Байгаа бичиг баримтуудад тулгуурлаж хийсэн энэхүү шалгалтаар улсад 1.2 их наяд төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Тухайлбал төмөр зам, авто замын төлбөрийг улсаас авсан 240.8 тэрбум төгрөг, Дархан төмөрлөгийн үйлдвэр компаниас зээлээс шилжүүлж авсан нь 312 тэрбум, хүдрийн үнэ бууруулж гэрээлснээс үүдсэн алдагдсан боломжийн өртөг 840.9 тэрбум, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн төлөөгүй байгаа татвар 122 орчим тэрбум төгрөг гэдэг баталгаатай тоонууд гарсан.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулж, гангийн үйлдвэртэй болох шаардлагатай гэдэг шийдвэр 2010 оны үед гарч байсан. Дээрх шийдвэрийн дагуу 2011-2012 онд хөрөнгө оруулалт оруулах уралдаант шалгаруулалт зарлахад нэр хүндтэй олон компани өрсөлдсөнөөс зөвхөн тамга тэмдэгтэй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй компани шалгарсан байдаг.
Шалгаруулах процессын ажлын хэсгийг Төрийн өмчийн хорооноос байгуулж, тэр нь хоёр хоногийн дотор хуралдан, гурав дахь хоногтоо шийдвэрээ гаргахдаа ямар ч компанийн түүхгүй, тайлан баланс байхгүй ийм компанид өгсөн. Хоёрхон жилийн дараа үүнийг хөрөнгө оруулагч тал нь концессоор өгөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байдаг.
Төрийн өмчийг хувьчлах, менежментээр шилжүүлэх үндсэн найман арга бий. Эдгээрийн алинд ч байхгүй аргыг зохиож, хуйвалдааны шинжтэйгээр төрийн өмчийг үнэгүйдүүлж, авсан бодит жишээ нь энэ. Иймд төр буцааж авах нь зүйтэй гэж үзсэн. Мөн концессоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хүлээж авахад 635 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байсан. Ер нь авсан үнээсээ хэд дахин өр төлбөр үүсгэсэн байгаа. Компани ашигтай ажиллах ёстой байтал өр төлбөрт оруулж, үнэгүйдүүлж байгаад 100 хувь хувийн болгож авах төлөвлөгөөтэй байсан болов уу гэж харагдсан.
Э.ШИЖИР
“Кью Эс Си” компанийн захирал
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга өнөөдөр /2023.06.20/Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нарыг суулгаж байгаад мэдээлэл авах үеэрээ “Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрт маш их хэмжээний хохирол учруулсан гэдэг хариуцлагагүй мэдэгдэл хийлээ.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр явж байсан гэрээг 2022 оны дөрөвдүгээр сард цуцалсан. Цуцалсан шалтгаанаа “Кью Эс Си” компанийн буруу юм шиг, их хохирол учруулсан юм шитээр буруу мэдээлэл цацаж ирсэн. Бид нарыг хүлээн авч, албан ёсны уулзалт хийлгүй явж ирлээ. “Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийхээр анх гэрээг байгуулж байсан 2009 оны тайлан балансыг үзүүлье. Энэ дээр тухайн үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн хөрөнгө нь 14 тэрбум төгрөг, нийт тэнцэл нь 40 тэрбум байсан. Ийм хэмжээний хөрөнгөтэй үйлдвэрт “Кью Эс Си” компани хөрөнгө оруулалт хийж ирсэн. 2009 оны хойш улсаас ямар нэгэн хөрөнгө оруулалтыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт огт хийгээгүй. Бүх хийсэн ажил, хөрөнгө оруулалт нь “Кью Эс Си” компаниас хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон. “Кью Эс Си” компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг олон их наяд төгрөгөөр хохироочихсон юм шиг зүйл ярьж байна. Улсыг хэрвээ хохиролд оруулсан гэх юм бол 40 тэрбум төгрөгийн тайлан тэнцэлтэй, 14 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй компанийг энэнээс илүү дүнгээр хохироох боломжгүй гэдгийг санхүүгийн мэргэжлийн хүмүүс ойлгох байх.
Засгийн газрын сайд, дарга нар төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээ цуцалснаас хойш “Кью Эс Си” компанийн төлөөллийг хүлээн авч, ажил хэрэгч уулзалт хийгээгүй. Шууд л цагдаа руу асуудлыг явуулчихаад манай компанийг заавал нэг хэрэг хийсэн байх ёстой юм шиг хандлага гаргаж байгаа нь маш буруу жишиг, буруу үйл явдал болж байна
Б.Цэнгэл дарга шалгалт хийсэн, шалгалтаар маш их зөрчил илэрлээ гэлээ. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хяналт шалгалт явуулахын өмнө ямар асуудлаар шалгалт хийх вэ гэдгээ танилцуулдаг. Дээрээс нь шалгалтын үйл ажиллагаа явуулчихаад илэрсэн ямар нэг зөрчил дутагдал байгаа бол шалгуулсан байгууллагадаа танилцуулж, тодруулга мэдээлэл авах шаардлагатай байдаг. Гэтэл огт тийм үйлдэл хийхгүйгээр “Кью Эс Си” компанийг гүтгээд яваад байгаа нь маш буруу жишиг.
Монгол Улсын хөгжлийн төлөө хөрөнгө оруулалт хийж эрсдэл хийн явж байгаа хувийн хэвшлийн компанидаа иймэрхүү байдлаар хандаж байгаа нь маш буруу үйл ажиллагаа. Сүүлийн үед Засгийн газрын тэргүүн “хувийн хэвшлийг дэмжинэ, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжинэ” гэж ярьж байгаа. Тэгсэн хэрнээ урьд нь байгуулсан байсан төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээ цуцалсныхаа дараа түншлэгч байгууллагатайгаа эвийн журмаар ярихгүй, цагдаа руу яагаад явуулаад байдаг юм бэ.
Концессын жагсаалт батлагдахад гангийн үйлдвэрлэлтэй зэрэгцээд цахилгаан эрчим хүчний төслүүд зэрэгцээд хийгдэх ёстой байсан ч төр засгийн үйл ажиллагаатай холбоотойгоор нэг ч цахилгаан станц баригдаагүй. Өнөөдөр үйлдвэр баригдлаа гэхэд цахилгаангүй үйлдвэр ажиллах уу гэдгийг бүгдээрээ ойлгох байх. Бид цахилгаан эрчим хүчний бага шийдлээр ажиллаж болох гангийн үйлдвэрлэлийн ТЭЗҮ-ийг шинээр боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Дөнгөж батлуулаад ажлаа дүн өвлөөр эхлэх боломжгүй байхад гэрээг цуцалсан.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төр хураан авахаас өмнө 600 гаруй тэрбум төгрөгтэй, борлуулалтын орлого нь 400 гаруй тэрбум төгрөг давсан, улсад тайлагнасан татвар нь 80 тэрбум болтлоо өссөн байсан. Өөрөөр хэлбэл, улсад өгч байгаа үйлдвэрийн өгөөж нь маш их нэмэгдсэн. 2009 онд ердөө 1.2 тэрбум төгрөгийн татвар төлж байсан бол биднээс хурааж авахын өмнө 80 тэрбум төгрөг болтлоо өссөн байсан юм. Гэтэл өнгөрсөн оны тайлан тэнцэл нийт борлуулалтын орлого нь 400 тэрбумаас 100 тэрбум болтлоо буурсан, татвар нь 4.5 тэрбум болж буурсан байгаа нь төр буцаан аваад сайхан болгосон гэж яриад байгаа нь бодит үнэнтэй нийцэхгүй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ