"Х.Ганхуяг бид хоёр УИХ-ын гишүүн болохоор энд шүүгдээд зогсч байна"

Хуучирсан мэдээ: 2023.06.20-нд нийтлэгдсэн

Live"Х.Ганхуяг бид хоёр УИХ-ын гишүүн болохоор энд шүүгдээд зогсч байна"

"Х.Ганхуяг бид хоёр УИХ-ын гишүүн болохоор энд шүүгдээд зогсч байна"

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 46 дахь өдрөө үргэлжилж байна.


 

17 : 02
2023-6-20

"Хөгжлийн банкнаас зээл авах үндэсний томоохон аж ахуй нэгжүүд олдохгүй байх"

Шүүгдэгчид үг хэлж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тайлбар хэлж байна.

Тэрбээр “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төслийн хувьд манай өмгөөлөгч нар иргэний хариуцагчид нэлээд тайлбарлаад өгсөн байх. Тухайн компанийн борлуулалт өнөөдөр 120 тэрбумд хүрсэн байна лээ. Хөгжлийн банкны гол зорилго бол эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, ажлын байрыг бий болгох, татвар нэмэгдүүлэх, экспортын орлого, импортын орлогыг бий болгох зорилгоор байгуулагдсан. Энэ хүрээнд тухайн компани амжилттай хэрэгжүүлсэн. “Вертекс майнинг партнерс” компаниас мөнгө авсан гэдэг асуудлыг прокурор хэлдэг. Энэ бол 2015 оны асуудал. Би өөрийн эзэмшлийг яриагүй. Тэр компаниас авлагатай. Хоёр компани хоорондоо хэлцэл хийгээд өр авлагадаа тооцон шилжүүлсэн асуудлыг зээлтэй холбож яриад байдаг. Би далдыг хардаг далай лам биш 2020 онд юу болохыг яаж мэдэх вэ. Яриад байгаа зээл, компани хоорондын зээлийн асуудлыг ХОМ-д мэдүүлсэн байдаг. Нийтэд нээлттэй мэдээлэл болохоор үүнд санаа зовоогүй. Ний нуугүй хэлэхэд нотлох баримт нь байхгүй болчхоод байна. 2018,2019 онд би Канадад сурахаас гадна дэлхийгээр аялагч гээд нэвтрүүлэг хийдэг байсан. Дүгнээд харахад Хөгжлийн банк дээр байсан гайгүй зээлүүд төлөгдөөд явж байна. Төрийн өмчит компаниуд үлдсэн байна. Одоо Хөгжлийн банкнаас зээл авах үндэсний томоохон аж ахуй нэгжүүд олдохгүй байх. Дарамтлахыг нь дарамтлаад нотлох баримтын сонсголоор оруулаад шившиглээд хэдэн зээлээ төлөх боломжгүй компаниуд үлдсэн байна. Үндсэндээ банкны ирээдүйг байхгүй болгочихлоо. Шүүгч нартаа талархаж байна. Олон хоног тэвчээртэй сууж цаг гаргаж чөлөө олгосонд талархаж байна.

Шүүгдэгч Г.Амартүвшин:

-Шүүх хурлыг нээлттэй явуулж байгаад талархаж байна. Яагаад гэвэл энэ хэрэгтэй холбоотой олон гүтгэлэг няцаагдсан. Гэмт хэрэг үйлдээгүй болох нь тодорхой боллоо. "Вертекс майнинг партнерс" ХХК-ийн зээл Хөгжлийн банкны зээлийн шаардлагад нийцээгүй, шаардлага хангаагүй гэж ярьдаг. Гэтэл энэ компани туршлагатай уул уурхайн олборлогч компани. Монгол Улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Үүнээс нүүрсний экспорт дангаараа 56 хувийг эзэлдэг. Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд нэг тоог баттай хэлье. Улсын төсвийн 40 хувийг нүүрсний экспорт шууд болон шууд бусаар бүрдүүлдэг. Энэ компани уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байхад яагаад Хөгжлийн банкны зорилгод нийцэхгүй гэж. Хэрэв өнөөдөр ийм төслийн зээлийн хүсэлт орж ирвэл би хоёр гараа өргөөд дэмжихээр байна. Тус компани зээл авахаас өмнө дандаа гаднын операторууд “хийдэг” байсан. Тэр дотроо Хятадын компаниуд. Үндэсний компанийг дэмжих нь зөв. Г.Амартүвшин, Х.Ганхуяг хоёр хамт бизнес хийдэггүй, албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байхгүй. Тогтоогдсон зүйл байхгүй. Цэвэр улс төрийн зорилгоор миний нэрийг сэвтүүлэх зорилготой байсан гэж харж байна. Та бүхэн санаж байгаа байх. 2022 оны эхээр Хөгжлийн банкны дэд захирал хэвлэлийн бага хурал дээр Г.Амартүвшин бусдын зорилгыг хулгайлсан, найздаа зээл олгосон гэж гүтгэж сошиалаар бужигнуулсан.

Энэ захирал нь 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт өрсөлдөж байсан нөхөр. Намайг харлуулах гэж дээрх гүтгэлгийг явуулсан гэж хардаж байгаа.

Энэ компанид зээл олгуулсан гэж итгүүлэхийн тулд мөрөөрөө ажлаа хийж байсан залуусыг энд хамаатуулсан. Эд нарт ямар ч буруу байхгүй. Шахалт, дарамт, эрүүдэн шүүсэн нөхцөл байж болзошгүй дээр таамгийн шинж чанартай мэдүүлэг авагдсан байна лээ. Энэ хурлаар тодорхой боллоо. Х.Ганхуяг бид хоёрыг найз гэж тогтоохоор үзсэн байна. Өөр юм байдаггүй. Энэ компани туршлагатай, зээлээ төлөх хөрөнгөтэй, зээлээ зориулалтын дагуу ашигласан байна. Зээлээ зуун хувь хүүтэй, алдангитай нь эргүүлэн төлсөн. Тиймээс Хөгжлийн банк хохирол нэхээгүй байдаг. Ер нь би банкны удирдлага эрсдэлийн удирдлага тал дээр хаана ч хэзээ ч өөрийгөө нүүр бардам хамгаалж чадна. Хөгжлийн банк зээлээс жил бүр 4.3 тэрбум хүүгийн орлого олдог байсан.

Ийм чанартай зээлийг яах гэж Эрүүгийн хэрэгт оруулсан юм бэ. Банкир хүний хувьд ерөөсөө ойлгохгүй байна. Банкийг ийм байдлаар удирддаггүйг мэргэжлийн хүний хувьд хэлье.

Намайг хэрэгт оруулахын тулд ажлаа хийж байсан гэмгүй залуусыг хомроглон гэмт хэрэгт холбогдуулж гүтгэсэн. Энэ залууст ямар ч буруу байхгүй. Би газрын захирлуудад хариуцлагатай, шуурхай ажилла гэдэг шаардлага тавьдаг байсан. Яагаад гэвэл энэ зарчмын дагуу би ажиллаж хүмүүжиж ирсэн банкир. Тэр утгаараа мөн л өндөр шаардлага тавьдаг байсан. Шаардлагыг дарамт шахалт гэж ойлгоод байна. Тийм юм байхгүй. Тиймээс энэ залуусыг цагаатгаж өгөхийг хүсч байна. Х.Ганхуяг бид хоёр УИХ-ын гишүүн болсон болохоор энд шүүгдээд зогсч байна. Тиймээс энэ хэрэгт гэм буруугүйг тогтоож, цагаатгаж өгнө үү.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж