МАН малчдын саналыг татах нэрээр татвар төлөгчдөө мөлхүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.06.20-нд нийтлэгдсэн

МАН малчдын саналыг татах нэрээр татвар төлөгчдөө мөлхүүлнэ

МАН малчдын саналыг татах нэрээр татвар төлөгчдөө мөлхүүлнэ

МАН ирэх сонгуулиар малчдын саналыг татахын тулд татвар төлөгчдөө мөлхүүлэх нь ээ. Учир юу вэ гэвэл, Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төсөлд “Малчин Нийгмийн даатгалын шимтгэл/НДШ/-ээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлсөн нөхцөлд 50 хувийг нь төрөөс  таван жил даах заалт тусгасан” гэж УИХ-ын гишүүн П.Анужин мэдэгдээд буй.

Монголд өнөөдөр 230 мянган малчин байгаагаас НДШ –ийг ердөө 20 хувь нь төлдөг аж. Тиймээс ирээдүйд үүсэх эрсдэлээс сэргийлэхийн тулд дээрх арга хэмжээг авах шийдвэрт хүрсэн гэж тайлбарлаж байгаа юм.

Уг нь малчид “Бидний НДШ-ийн 50 хувийг төрөөс даах шаардлага байна. Дэмжлэг үзүүлээч” гэж гуйгаагүй. Харамсалтай нь, МАН-ынханд 230 мянган малчны санал цуглуулах нь чухал учраас татвар төлөгчдөө мөлхүүлж байгаад ч болов НДШ-ийн 50 хувийг төлүүлэх нь. Яагаад гэвэл төрийн мөнгө гэж байхгүй,  татвар төлөгчдийн мөнгө л гэж бий.

Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн удирдлага НДШ-ээ төлөхийн тулд өөрсдийгөө ломбардахаас наахнуур чардайж зүтгэдэг. Яагаад гэвэл НДШ-ийн хувь хэмжээ сарынх 26 хувь. Тодруулбал, Ажил олгогчийн талаас төлдөг шимтгэлийн хэмжээ 13.5 хувь бол хувь хүн хариуцдаг шимтгэлийн хэмжээ 12.5 хувь юм. Иймээс цалингийн ихэнх хувь татварт суутгуулаад таарч байна гэж ярьдаг нь оргүй үг биш юм.

Өөрөөр хэлбэл, НДШ-ийн хувь хэмжээ өндөр байна гэдэг асуудлыг бизнес эрхлэгчид тогтмол хөндөж ирсэн. Харин эрх баригчид цар тахалтай байсан үеэр л бага зэрэг бууруулж тооцсоныг эс тооцвол Нийгмийн даатгалын сан алдагдалд орох нь гэж тайлбарлан, 26 хувиа бууруулахгүй өнөөг хүргэсэн. Гэтэл малчдыг гуйгаагүй байхад НДШ-ээс нь төлөлцөөд, зөрүүг нь татвар төлөгчдийнхээ чардайтлаа зүтгэж олсон мөнгөөр нөхөж туйлах гэж байгаагаа зарлаж буй нь үнэхээр харамсалтай.

Нэг болохоор “Нийгмийн даатгалын сан алдагдал ихтэй байна. ОЛон улсын валютын сангаас өгсөн зөвлөмжийн дагуу НДШ-ийн хувь хэмжээг нэмнэ. Тэтгэврийн насыг нэмэхээс аргагүй” гэж ярьж, татварын дарамт шахалт үзүүлж ирсэн хэрнээ нөгөө хэсэгтээ НДШ-ээ нөхөн төлөх боломж олгоод зогсохгүй, төрөөс 50 хувийг даах зэргээр ялгавартай хандах нь Үндсэн хуулийн зөрчил биш үү.

Нөгөө талдаа малчид гэдэг НДШ-ээ төлж чадахгүй болтлоо ядарсан туйлдсан хүмүүс биш. Хамгийн орлого багатай гэгдэх захын малчин 300 толгой хоньтой байна.  Дээр нь саалийн таван үнээтэй, уналгын арван морьтой.

Арга ядахад арван хонь холбож аваад аймаг руугаа ачаад явахад 2 цагийн дотор борлуулж, 1-2 сая төгрөгтэй болдог. Ажилтай анхиатай нь сүү цагаан идээгээ борлуулаад 1 кг ааруулыг 30 мянган төгрөгөөс эхлэн зарж байна. Ямааны ноолуур 1 кг нь 120 мянган төгрөгийн үнэтэй байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх шаардлага үүслээ гэхэд нэг шар унагахад л 1 кг махыг нь 18 мянган төгрөгөөр худалдаад л “босгочихно”.

Ийм боломжийн байхад л “Малчид НДШ-ээ төлж чадахгүй байна” гэж попроод л Нийгмийн даатгалын санд ачаа үүрүүлэн, татвар төлөгчдийг шимэгчлэн, НДШ-ийн 50 хувийг даах заалт оруулах нь зөв гэж үү.

Хэрэв ийм заалт оруулах юм бол хувийн хэвшлүүд яах юм. Тэднээс долоон дор орлого олж, өнөөдрийн хоолны махаа арайхийн залгуулдаг хувиараа хөдөлмөр эрхлэгч ялгаварлагдаад үлдэх ёстой юу.

Эцсийн эцэст шимтгэл төлсөн нь хохирдог, төлөөгүйгийнх нь зол болж, хождог энэ мэт үйлдлийг эрх баригчид та бүхэн өөгшүүлж, хууль баталж баталгаажуулж өгснөөр Нийгмийн даатгалын сангийн алдагдал өнөөдөр тэтгэврээ ч тавьж чадахгүйд хүрсэн шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж