УИХ-аас нүүрсний сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг шинээр байгуулж ахлагчаар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг тавьжээ. Зэс, уран, нүүрс гээд хуулийн сайдын оролцохгүй сэдэв, хийхгүй ажил гэж алга болсон. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар багтжээ.
Гэхдээ сонсгол хэзээ болох нь тодорхойгүй. Ямар ч гэсэн тодорхой хугацаанд бэлтгэл базаана гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн байна лээ.
2023 оны хоёрдугаар сард АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж буй албан тушаалтнууд дунд ЗТХ-ийн сайд асан нэг, ТНБД асан хоёр, аймаг, сумын Засаг дарга хоёр, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, Гаалийн улсын байцаагч 12, хил хамгаалах байгууллагын дөрөв, АТҮТ-ийн дөрвөн албан тушаалтан, боомтын захиргааны мэргэжилтэн хоёр, "Эрдэнэс Тавантолгой" компанийн зургаа, "Тавантолгой төмөр зам" компанийн гурван нэр бүхий хуулийн компанийн албан тушаалтан 14, энгийн 22 иргэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн зүйл ангиар яллагдагчаар татагдаад байгаа гэсэн.
Тэдний нэг нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж буй “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг баривчлан саатуулаад зургаан сар болж буй. Түүний мэдүүлгийн дагуу 17 хүнийг сэжигтнээр татсанаа АТГ-аас зарлаад мөн зургаан сар өнгөрч байна. АТГ-аас зарласан 17 хүний 10 нь МАН-ын, долоо нь АН-ын гишүүд юм.
- Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
- УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
- Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
- Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
- "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
- Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ зэрэг хүмүүс одоогоор багтаж байна.
Энэ хугацаанд Монголын улстөрд юу болж өнгөрсөн бэ гэвэл нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн бол Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг УЕП-ын хүсэлтийн дагуу түдгэлзүүлэн шалгаж байгаа. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, Т.Аюурсайханы хэргийг “боогоод” шүүхэд шилжүүлэхээр болсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан боловч шүүхээс албан ёсны тайлбар хэлээгүй. ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа нүүрсний хулгайтай холбоотой нэг ч хавтаст хэрэг шүүхэд шилжээгүй болохыг мэдээлсэн юм. Тэгэхээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулж МАН-ынхан ганц нэг хүнээр туг тахиад чоно цатгалан, сүрэг бүтэн үлдэх магадлалтай. Өмнөд ЖДҮ, жаран тэрбум, Хөгжлийн банк, төмөр замын авлигын хэргээс харвал. Үнэндээ Хөгжлийн банкны дуулианыг намжаахын тулд Б.Батзориг, Б.Ундармаа, Д.Хаянхярваа гэх мэтчилэн “хөгшин хонины гарз”-гүй хүмүүсээр МАН туг тахиад өнгөрсөн. Энэ удаад “Эрдэнэс Тавантолгой”-н экс удирдлагуудад ялаа үрүүлээд жинхэнэ гэмт хэрэгтнүүд нь сандал суудал, албан тушаалтайгаа үлдэх магадлал өндөр. Жишээлбэл, нүүрсний хулгайн хэрэгт ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түүний ойрын хүн болох Д.Чулуунзагд нарыг холбоотой болохыг зарим хэвлэлүүд ч мэдээлж буй.
Хэрэвзээ хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй, хэн нэгнийг ял завшуулахгүй гэж байгаа бол нүүрсний нээлттэй сонсголд экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд нэр холбогдсон, нэр дурдагдсан УИХ-аас чөлөөлөгдсөн болон чөлөөлөгдөөгүй гишүүдээ, засгийн сайд нарыг дуудаж, оролцуулахад Х.Нямбаатар анхаарах ёстой. Өөрийнх нь хэлснээр хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй, хэн нэгнийг ял завшуулахгүй гэж хүсч байгаа бол нээлттэй сонсголд хаалттай цензур бүү тавиарай.
Б.БАТ