ОХУ-ын арми өнгөрсөн шөнө /2023.06.20/ Украины цэргийн болон бусад дэд бүтцийн байгууламжийг онилж, агаараас довтолжээ. Украины арми Иранд үйлдвэрлэсэн 35 шахед дроны 32-ыг нь унагаасан байна. Эдгээрийг ОХУ-ын Брянск муж болон Азовын тэнгисээс харвасан. Хүний амь эрсэдсэн талаар мэдээлэл алга байна.
Агаарын довтолгоо Киевээс эхлээд Украины ихэнх хот, мужийг хамарчээ. "Ираны дронуудын гол бай нь Киев байсан. Киевт 20 гаруй дроныг Украины Агаарын довтолгооноос хамгаалах хүчин устгаж чадсан. Агаарын довтолгооноос хамгаалах дуут дохио гурван цаг орчим үргэлжилсэн" гэж Киевийн цэргийн захиргааны дарга Серхий Попко хэлэв.
Мөн Польшийн хилээс 70 км зайд орших Львов хотод иргэний дэд бүтэц цохилтод өртжээ. Тиймээс өглөөний ид ачаалалтай үеэр трамвайны чиглэлийг өөрчлөхөөс өөр аргагүй болсон байна. Яг ямар дэд бүтэц гэдэг нь тодорхойгүй байна. "Тэд асар чухал байгууламжид гурван удаа цохилт өглөө" гэж хотын захирагч Максым Козыцкый хэлжээ.
ОХУ-ын арми зүүн өмнө зүгт орших аж үйлдвэрийн хот Запорожье руу искандер болон S-300 пуужингаар халджээ. Запорожьегийн цэргийн захиргааны дарга Юрий Малашкогийн хэлснээр оросууд харилцаа холбоо, хөдөө аж ахуй, газар тариалангийн дэд бүтцийг онилсон байна. Урьдчилсан мэдээллээс харахад Запорожье руу долоон пуужин харважээ.
Дашрамд дурдахад, ОХУ ойрын өдрүүдэд дроны халдлагаа эрчимжүүлж магадгүй гэж Украины цэргийнхэн үзэж байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ