УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн /2023.06.20/ хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн үндсэн гадаад хэл англи хэл байна гэсэн заалт унасан юм. Гишүүдийн тайлбарлаж буйгаар үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх заалтыг дэмжээгүй гэж тайлбарлаж буй ч хувийн сургуулиудын лоббигоор уг заалтыг унагасан байж болзошгүй гэдэг асуудал ч хөндөгдөж байгаа юм. Харин дээрх заалт гишүүдээс дэмжлэг авч чадалгүй унасанд Боловсролын ерөнхий хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ахалж ажилласан, УИХ-ын гишүүн Г.Дамдинням шүүмжлэлтэй хандсан. Ингээд байнгын хороон дээр англи хэлтэй холбоотой заалтыг унагасан гишүүдийн танилцуулъя.
- УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн
“Би бүх Монголоо эмчилнэ” хэмээн алга ташуулан, олны дэмжлэг хүлээн гарч ирсэн УИХ-ын гишүүн бол Ж.Чинбүрэн. Тэрбээр англи хэлний талаар байр сууриа илэрхийлэхдээ "Англи хэлийг бусдад олгохгүй, ялгаатай хандах гэж байгаа зүйл байхгүй. Монгол Улс гэдэг тусгаар улсын хар хайрцагны бодлого гэж бий. Тэр утгаараа Монголынхоо тусгаар тогтнолыг хамгаалах, бие даасан байдлыг хадгалах нь улсын хар хайрцагны бодлого. Бид ганц нэг хуулиараа бусдад илүү нөхцөл бий болгохоор тусгаар тогтнолд гай тарих нь онцгүй.
Төлбөртэй болон төлбөргүй сургуулиуд дунд англи хэл үзэж судлахыг хориглосон бодлого байхгүй. Эсрэгээрээ илүү дэмжих байх.
Улсын сургуулиуд англи хэлийг үздэг болох асуудлыг УИХ-ын гишүүдийн дэмжиж буй. Харин энийг томъёолохдоо бас зөв томъёолох нь чухал. Үндэсний хөтөлбөр гэж оруулаад тэр дотор нь эх хэлийг нь дэмжиж сургана гэдэг зүйл заалт оруулж байгаа болохоор англи хэл үзэхгүй гэдэг асуудал байхгүй. Төрд зүтгэж байгаа бид дэлхийн бодлоготой зэрэгцэж, их ухаалаг байх чухал" гэсэн юм.
- УИХ-ын гишүүн Б.Баярсайхан
Хэвлэлийн салбараас гишүүнээс сонгогдсон бүсгүй шинэ парламентад хэд, хэд бий. Тэдний нэг нь Б.Баярсайхан. Тэрбээр парламентад анх удаа сонгогдсон. Түүнээс өмнө 2016-2020 онд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын зөвлөхөөр ажиллаж байлаа. Хөдөөгийн амьдрал байтугай, хотын гэр хорооллынхны амьдралыг мэдэхгүй "ганган" бүсгүй гэнэт Завханаас нэр дэвшиж ялалт байгуулсан нь түүний сайных биш. Үе, үе Завхан явж, иргэдийн аж амьдралтай танилцахаас илүү өөрийгөө рекламдсан зургаа сошиалд цацах дуртай нэгэн.
Тэрбээр өмнө нь "Хэлний асуудлыг нэлээд ярьж байна. Ганцхан гадаадад байгаа монгол хүүхдүүдийн асуудал биш юм. Монголд байгаа тэр тусмаа хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдийн монгол хэл асуудал болж байна. Аливаа улс үндэстэн үндэсний эх хэлээ алдах юм бол үндэсний дархлаагаа алдана.
Хэл байхгүй бол Монгол Улс байхгүй. Өнөөдөр гар утас бариад гадаадын контент үзэж байгаа. Хөдөө орон нутагт "yes, no" гэж хэлд орж байгаа хүүхэд маш их. Айл бүрт байгаа. Тиймээс эх хэлээ алдагдуулахгүй байх хар хайрцагны бодлого бол Монгол Улсад заавал байх ёстой. Тиймээс ажлын хэсгийн гишүүд англи хэл бол үндсэн гадаад хэл байна гэсэн болохоос биш А үсэгтэй зэрэгцээд A,B,C гэж заана гэж ерөөсөө яриагүй" гэдэг байр суурийг илэрхийлсэн байдаг.
- УИХ-ын гишүүн Э.Батшугар
Түүнийг улс төрд оруулж, гишүүний суудалд суулгасан хүн нь түүний аав Н.Энхбаяр. Залуу улстөрч бас Инновац, цахим бодлогын байнгын хороог ахалдаг. Э.Батшугар өнгөрөгч 2021 оны аравдугаар сард гишүүний тангараг өргөж, УИХ-ын танхимд багтаж байжээ. Тэрбээр 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд “өвдөг шороодсон” ч түүний аав Н.Энхбаяр намын тамгаа наймаалцсаны хүчинд эрхэм гишүүн гэгдэх болсон билээ.
Тэрбээр байнгын хорооны хуралд англи хэлийг хуульчлах шаардлагагүй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр "Ямар нэгэн хэлийг шууд хуульд оруулж болохгүй. Тэртэй тэргүй Засгийн газар, УИХ-ын бодлого хоёрдогч хэлийг англи хэл гэж баримталж буй. Энэ утгаараа заавал хуульд оруулах шаардлагагүй гэж бодсон. Англи хэлийг гуравдугаар ангиас зааж эхэлнэ. Засгийн газрын бодлого нь тийм юм чинь. Ямар ч хувийн сургуулийн лобби байхгүй" гэсэн.
- Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан
Салбарын сайд энэ асуудалд "Бид дэлхийд туршигдсан хамгийн том платормыг туршиж үзлээ, маш их үр дүнд хүрч, хөдөөгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс хоцрохгүйгээр суралцаж болдог юм байна гэдэг нь туршигдлаа. Англи хэлийг гуравдугаар ангиас нь эхлэн заая гэдэг ойлголттой байгаа. Нэг заалтыг нөгөө заалтаар солихоос болж, хүүхдийн англи хэл сурах боломжийг хулгайлж байгаа юм шиг үг үйлдэл унагаж болохгүй. Зөвхөн англи хэлний асуудал хөндөгдөөгүй, боловсролын салбарын шинэчлэлийн асуудал хөндөгдөж байгаа" гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр саяхан Боловролын зээлийн сангийн асуудалд нэр холбогдсон. Учир нь түүний эхнэр энэ сангаас зээл авч, суралцсан байдаг. Л.Энх-Амгалан сайд энэ тухай тайлбарлахдаа "Манай эхнэр 2004 онд анхны Австралид ХЗДХЯ-ны захиалгаар сурсан 10 оюутны нэг. Би өөрийгөө зөвтгөхийг хүсэхгүй байна. Тийм учраас 2004-2007 МУИС-ын Хууль зүйн сургуульд 10 гаруй жил багшилж, гэрээний дагуу чөлөөлөлтөд хамрагдсан. Зарим иргэдийн шаардлагын дагуу чөлөөлөгдсөн хэдий ч зээлээ эргэн төлсөн байгаа" гэдгийг хэлж байсан.
- УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
УИХ-ын гишүүн, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг нь хууль тогтоох дээд байгууллагад хоёр дахь удаагаа дараалан сонгогдсон ч ирцэнд орж, кноп дарж суухаас илүүг хийж чадаагүй байна. Тэрбээр энэ удаа ерөнхий боловсролын сургуулийн үндсэн гадаад хэл англи хэл байна гэсэн заалтыг дэмжээгүй гишүүдийн нэг.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга түүнийг УИХ-д анх сонгогдоход “Ардын намын АТМ Б.Дэлгэрсайхан чирж явсаар гаргалаа” гэж ярих хүн олон байсан бол хоёр дахь удаагаа сонгуульд ялалт байгуулахад “Ерөнхий сайд асан Сү.Батболд дэмжлэг боллоо” гэж шуугиж байв. Монгол Улсын сонгуулийн тогтолцоо нь мөнгө, хөрөнгө цацаж байж гарч ирдэг бохир “дүрэмтэй” тул улс төрийн намууд эмэгтэй нэр дэвшигчдээ бэл, бэнчинтэй хүмүүс бараадуулж, “уядаг” жишгээр Г.Мөнхцэцэг гишүүн хоёр ч удаагийн сонгуульд хамтрагч нарынхаа хүчээр гарч ирсэн азтай, одтой гэж хэлж болно.
- УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа
Сонгинохайрхан дүүргээс анх удаа сонгогдож, парламентын шинэ гишүүдийн тоог нэгээр нэмсэн Б.Жаргалмааг хүмүүс “Ийгл” телевизийн, сэтгүүлч, нэвтрүүлэгчээр таньдаг. Харин улстөрчийн хувьд тэрбээр "шинэ хүн". Түүнд улс төрийн арвин туршлага, туулсан зам мөр байхгүй. Парламентын гишүүд дундаа танигдаагүй улстөрч. Тэрбээр ерөнхий боловсролын сургуулийн үндсэн гадаад хэл англи хэл байна гэсэн заалтыг дэмжээгүй байна.
Тэрбээр 2013 оноос “Бадарчийн Жаргалмаа” гэх нэвтрүүлэгтэй болж, нийгэм улс төрийн салбарыг хөндсөн ярилцлага хийж, телевизийн салбарт 30 жил ажилласан намтар, түүхтэй. Ингэхдээ 2004-2020 онд “Ийгл” ТВ, сэтгүүлч, дэд захирлаар ажиллаж ирсэн. 2018 онд АН-аас, 2012 онд МАН-аас сонгуульд нэр дэвших санал ирсэн тэрбээр “Өөрийнхөө дуртай ажлыг хийнэ” гэж татгалзсан удаатай ч 2020 онд МАН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. МАН Сонгинохайрхан дүүрэгт хоёр "шинэ хүн"-ээ Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарт даатгаж, нэр дэвшүүлсний нэг нь Б.Жаргалмаа байсан юм. Улс төрийн хүрээнд түүнийг Голомтын Д.Баясгалангийн "хүн" гэх нь ч бий.
- Эрүүл мэндийн сайд С.Чинзориг
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын суудлаас Эрүүл мэндийн сайд руу шилжсэн гишүүн бол С.Чинзориг. Тэрбээр хоёр хүүхдээ Боловсролын зээлийн сангаар сургаж, өндөр боловсрол эзэмшүүлсэн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Тэгвэл тэрбээр англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалтыг унагаах саналыг дэмжсэн юм. Байнгын хорооны хуралдаан дээр "Үндсэн хуулиараа ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэдэг заалттай. Төрөөс тавьж байгаа нөхцөл болзлыг хангаж байгаа бол хувийн хэвшил ерөнхий боловсрол олгож болно гэсэн заалттай. Боловсролын ялгаатай холбоотой асуудлыг гишүүд их ярилаа. Энэ дээр л ялгаа их гараад байна.
Хувийн сургуулиудын төлбөртэй холбоотой асуудлыг Үндсэн хуулийн заалттай нийцүүлэх, төрөөс тавьж буй нөхцөл шаардлага биелүүлж байгаа бол хувийн хэвшил гүйцэтгэж болно гэдгийг юу гэж ойлгох юм. Энийг сайн ярих хэрэгтэй.
Боломжтой, хөрөнгө мөнгөтэй айлын хүүхдүүд нь хувийн сургуульд сураад, ЭЕШ -ын оноо нь өндөр байдаг. Гадаад хэлний төвшин нь өндөр болоод энэнээс болоод боловсролын ялгаа их гарч байна. Хөдөөгийн 12 дугаар анги төгсч байгаа хүүхэд өндөр төлбөртэй сургуульд сурсан хүүхэдтэй яаж өрсөлдөж, БЗС-гаас зээл авч гадаадад сурах юм бэ. Тийм учраас хувийн сургуулийн төлбөртэй холбоотой асуудлыг зайлшгүй ярих, хязгаарлах, зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байна" гэдэг байр суурийг илэрхийлэв.
Холбоотой мэдээ