Мэй Маскийг тэрбумтны ээж гэдгээс нь илүү загварын бэлгэ тэмдэг гэдгээр нь хүмүүс андахгүй. Өдгөө 74 настай ч загварын сэтгүүлүүдийн нүүрийг тогтмол чимдэг, инстаграмд сая гаруй дагагчтай Мэй Маскийн тухай ФЭШН буландаа онцолж байна.
Супермодель Мэй Маск 15 настайгаасаа хойш загварын ертөнцөд ажиллаж байгаа нэгэн. Тэрбээр хүү Элон Маскийг сансрын мөрөөдлөөрөө олонд танигдахаас ч өмнө алдар нэрд хүрчихсэн байсан. Канадын уугуул тэрбээр загварын ертөнц дэх хэвшмэл ойлголт, насны хязгаарыг эвдэж чадсанаараа залуу үеийнхэнд итгэл найдвар, өөртөө итгэх итгэлийг өгч явна. Хар багаасаа моделиар ажиллаж эхэлсэн ч "тэтгэвэрт гарах" нас нь боллоо гээд загварын тайзнаас буулгүй, үргэлжлүүлэн шилдэг агентлагууд, топ брендүүдтэй хамтарч ажилласаар иржээ.
60 наснаасаа цагаан үсээ будахгүй байхаар шийдсэнээр өдгөө өөрийг нь илэрхийлдэг гол имижийг бүрдүүлжээ. Тодруулбал, АНУ-ын "Virgin America" агаарын тээврийн компанийн сурталчилгаанд тоглосных нь дараа бүрэн цайсан үс нь олны анхаарлыг татаж, сайшаал хүртсэн бөгөөд улам алдаршуулсан байна.
Түүнийг амжилтад хөтөлсөн өөр нэг зүйл нь загварын мэдрэмжээс гадна насаа нуух гэж хичээдэггүйд байгаа юм. Тэрбээр өөрийгөө одоо байгаагаар нь бүрэн хүлээн зөвшөөрч, дутагдлаа давуу тал болгон зэвсэглэж чаддаг.
Мэй Маск 69 настайдаа "Ambassador" сэтгүүлийн нүүрийг чимсэн хамгийн хөгшин модель болсон. Үүгээр ч зогсохгүй Бейонсийн ‘Haunted’ дууны клипенд урилгаар тоглосон.
Мэй Маск моделиор ажиллахаас гадна хоолны дэглэм ба хоол судлалын чиглэлээр хоёр магистрын зэрэгтэй. Өмнөд Африкт дунд сургуульд суралцаж, амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлсэн учраас тэнд хоолны дэглэмийн чиглэлээр ажилладаг. Мэй 1960-аад онд Өмнөд Африкийн гоо бүсгүй шалгаруулах үндэсний шалгаруулалтад оролцож, эцсийн шатанд шалгарч байв. Өмнөд Африкт ахлах сургуульд байхдаа Элон Маскийн эцэг, инженер Эрролтой учирч, 1970 онд гэрлэсэн. Харамсалтай нь тэдний гэрлэлт аз жаргалгүй байсан бөгөөд есөн жилийн дараа гэрлэлтээ цуцлуулжээ. Энэ хугацаанд тэд гурван хүүхэд төрүүлсэн бөгөөд Элоноос гадна Тоска, Кимбал гэх хүүхдүүдтэй.
Мей гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаанаа хожим тайлбарлахдаа, нөхөр Эррол нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч байсныг дурссан байдаг.
Тэрбээр 40 гарсан хойноо Канадад буцан ирж, хоол судлаачийн чиглэлээр карьераа үргэлжлүүлэхээр ажиллаж эхэлсний зэрэгцээ "Time", "Vogue" зэрэг сэтгүүлүүдийн нүүрэнд залрах болжээ. Тэрбээр нас дээр гарсан ч биеэ цэгцтэй байлгаж, эрүүл байхын тулд өдөрт олон цагаар алхдаг бөгөөд йогийн сунгалтын дасгал, оффисын дугуй жийдэг гэж ярьсан. Насаараа загварын тогоонд чанагдсан Мэй Маск залуу охидод хандан хэлсэн зөвлөгөөндөө "Сайхан хувцаслалтын хүч чадлыг хэзээ ч үл тоож болохгүй. Өөрийгөө илэрхийлсэн тодорхой дүр төрхийг бүрдүүлж, зохимжтой хувцаслах нь хүнийг илүү хүчирхэг болгодог. Сайхан хувцасласан үед надад гайхалтай мэдрэмж төрдөг. Илүү өндөрт алхаад байгаа ч юм шиг санагддаг" гэж хэлжээ.
Холбоотой мэдээ