Энэ цаг мөчид Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлалтай хамтран “Хааны эрэлд-2023” энхийн ажиллагааны олон улсын сургуулийн чадавхыг нэмэгдүүлэх сургалтын хүрээнд “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт семинарыг зохион байгуулж байна.
Тус семинар нь эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал чиглэлээр НҮБ-аас гаргасан тогтоолуудыг цэргийн алба хаагчдад сурталчлан таниулах, Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед аливаа бодлого, шийдвэрийг жендэрийн талаас харж мэдрэмжтэй шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, чадварыг олгох зорилготой юм.
Семинарыг нээж ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд хэлсэн үгэндээ “Монгол Улс, АНУ-тай цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч ажилладаг. Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны хүрээнд хэрэгждэг томоохон арга хэмжээний нэг нь 2003 оноос эхлэн зохион байгуулж буй “Хааны эрэлд” энхийн ажиллагааны олон улсын сургууль юм. “Хааны эрэлд-2023” энхийн ажиллагааны олон улсын сургуулийн чадавхыг нэмэгдүүлэх сургалтын хүрээнд “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт семинарыг бид хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Тус семинар нь энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг бэлтгэх, тэр дундаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед жендерийн мэдрэмжтэй шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, чадварыг цэргийн алба хаагчдад эзэмшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Тийм ч учраас семинарт хамрагдах бүрэлдэхүүнийг зөвхөн Монгол Улсын Зэвсэгт хүчнээр хязгаарлахгүй, ЦЕГ болон Төрийн цэргийн байгууллагын төлөөллийг хамруулахаар төлөвлөсөн. Уг семинарт хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид та бүхэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ семинарыг зохион байгуулах боломж олгож, Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдын мэдлэг, ур чадварт үнэтэй хувь нэмэр оруулж буй Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон Австрали, Фижи Улсаас хүрэлцэн ирсэн сургагч багш нарт талархал илэрхийлье” гэлээ.

Семинарт Монгол Улсын Зэвсэгт хүчин болон ЦЕГ, ОБЕГ, ХХЕГ, ШШГЕГ-ын 50 орчим алба хаагчид хоёр ээлжээр хамрагдаж буй бөгөөд эхний ээлжийн сургалт 6 дугаар сарын 20-22, хоёр дахь ээлжийн сургалт 6 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд тус тус зохион байгуулагдах ба семинарыг Номхон далай дахь АНУ-ын ХЗЦК-аас хоёр, Австрали Улсаас нэг, Фижи Улсаас нэг, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс нэг нийт дөрвөн багш удирдаж явуулах юм.


















Эх сурвалж: Соёмбо редакц
Холбоотой мэдээ