Энэтхэгийн хамгийн олон хүн амтай хоёр мужид хэт халалтын улмаас 96 хүн нас баржээ. Тодруулбал, Хойд Уттар Прадеш, зүүн Бихар мужуудад сүүлийн хэдэн өдөр 45 хэм хүртэл халжээ. Зургадугаар сард энэ мэт халах нь элбэг бөгөөд иргэд нойтон даавуугаар толгойгоо ороогоод гарцгаадаг.
Гэвч нас баралтын талаас илүү хувь нь зөвхөн нэг л дүүрэгт бүртгэгдсэн байгаа нь анхаарал татав. Уттар Прадеш мужид бүртгэгдсэн нас баралтууд бараг бүгдээрээ Баллиа дүүрэгт байжээ. Бусад олон газар адилхан халж байхад яагаад зөвхөн Баллиа дүүрэгт олон хүн нас барсныг албахынхан шалгаж эхэлсэн. Баллиа руу илгээсэн шинжээчдийн баг нас баралтыг өөр хүчин зүйлээс үүдэлтэй байж магадгүй гэж таамагласан ч чухам юу болохыг олоогүй байна.
Нас барсан хүмүүст эхлээд цээж өвдөх шинж тэмдэг илэрсэн. Гэтэл энэ нь халуунд нэрвэгдсэн хүний шинж тэмдэг биш гэдгийг шинжээчдийн баг хэлж байна.
Шинжээчдийн багийн үзэж буйгаар нас баралт бохир устай холбоотой байж магадгүй. Баллиа дахь эмнэлэгт өндөр халуурч, бөөлжиж, гүйлгэж, амьсгалахад хүндрэлтэй байгаа 400 орчим хүн хэвтэн эмчлүүлж байна.
Баллиа дүүрэгт эмнэлэг хүрэлцээгүй байгааг сөрөг хүчнийхэн шүүмжилжээ. "Төрийн анхаарал болгоомжгүй байдлаас болж муж даяар маш олон хүн амиа алдлаа. Тэд ард иргэддээ хэт халалтын талаар сэрэмжлүүлэх ёстой байсан. Сүүлийн зургаан жилд энэ дүүрэгт нэг ч эмнэлэг баригдаагүй. Хоол хүнс, эм тариа, эмчилгээний мөнгөгүй ядуу тариачид амиа алдаж байна" гэж Самажвади намын тэргүүн Ахилеш Ядав хэлэв.
Хүний хүчин зүйлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий даяар цаг агаарын эрс тэс уур амьсгалыг бий болгож байна. Халууны давалгаанаас болж үер, ой хээрийн түймэр болсоор байна.
Хэт халалтын үеэр Энэтхэг ихэвчлэн усны хомсдолд ордог. Тус улсад 2023 он гарсаар тэнгэр хангай галзуурав уу гэлтэй байгаа аж. Тухайлбал, цөлийн Ражастан мужид аадар бороо орсноор тосгон усанд автаж, үерийн ус хүний бэлхүүсээр татахуйц хэмжээнд хүрчээ. Гуравдугаар сард ердийнхөөс илүү чийглэг, дөрөвдүгээр сард ер бусын сэрүүн гэх мэтээр цаг агаарын эрс тэс уур амьсгал үргэлжилсээр байна.
Эх сурвалж: THE GUARDIANS