Парламентын тогтолцоотой болсноор найман сонгууль явуулахдаа найман өөр хууль баталсан завхарлыг УИХ-ын дарга хэлэн шогширч, энэ явдлыг эцэс болгож буйг цохон тэмдэглээд, ес дэх Сонгуулийн хуулийг батлав. Эмэгтэйчүүдийн тэгш эрх гэж тив дэлхийгээр нь урьж донгоссон хэр нь 2028 оноос эмэгтэйчүүдэд 40 хувийн квот олгохоор батлав. “Хүмүүн төрөлтхтөн”-ийн 100 жилийн ойгоор хөөрхий бидний бүсгүйчүүд хөгжлийн замдаа орох мөрөөдөлтэй үлдэв. Арав дахь сонгуулиар арав дахь хуулийг батлахгүй гэсэн баталгаа даан ч алга…
…Өнгөрсөн өвлийн 1,3 их наядын хэмнэлтээ даруй 500 тэрбумаар нэмж, 1,8 их наядыг төсвийн тодотголоор нэмэв. Энэ мөнгөөр тэтгэвэр нэмж, хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгохоор болов.
“Хүүхдийн мөнгө бол халамж биш” гэх сөрөг хүчний үгийг тэд зээлдэв. Ялгаварлал ингээд дуусаагүй. Малчдын НД-ын шимтгэлийн 50 хувийг иргэдээс хураасан татвараас даах хуулийн төслийг наадмаас өмнө батална. Хамгийн их тэгш эрх ярьдаг тэд хамгийн ихээр ялгаварлах бодлого барьдаг.
Сонгуулийг угтсан ээлжит хорлон сүйтгэлээ эрх баригчид хийж байна. Найман жил төр барьж Монголыг зомгол болтол зорсон тэд золиослоод ч болов эргэн сонгогдох нь чухал болов. Сталины хэлсэнчлэн “Нэг хүний үхэл эмгэнэл. 1000 хүний үхэл статистик” гэдгийг Монголд хэрэгжүүлсээр ирсэн тэд эмгэнлийг эрээ цээргүйгээр ашигласаар буй нь төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг болов. 2019 онд С.Зоригийн хэргийг шинээр үүссэн нөхцөл байдал гэгчээр сонгуульдаа ашиглаж, тагнасан, ялласан АН-ын нөхдүүдийг шоронд хийсэн бол энэ удаад ч яг л сурсан зангаараа Ц.Амгаланбаатарын бичлэгийг ХЭҮК-оор дамжуулан ил болгож сюрприз барив.
Үүнийг ажигласан өмгөөлөгч Б.Мэргэн энэ талаар “Шүүх хуралдаанд Ц.Амгаланбаатар гэрчээр орж ирэв. Хоёр цаг гаруй мэдүүлэг авахад ярьсан зүйл нь хэд хэд зөрөв. “Таны өмнөх мэдүүлгүүд зөрүүтэй, эргэж буцсан байх юм. Одоо ч өөр өөр юм яриад байна” гэхэд хээвнэг “Би угаасаа худлаа ярьдаг юм” гэж билээ. Хэрэг шалгах явцад маш олон удаа худлаа түүх зохиож цагдаа нарыг төөрөгдүүлж явсаар эцэст нь нотлох баримтуудаар тогтоосон байдаг” гэж бичжээ.
Ц.Амгаланбаатар Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлийг хэрэгт холбогдуулах даалгавраа ээрч муурсаар биелүүлэв. Сонгуулийн өмнө массын тархийг угаадаг МАН-даа шалгарсан, маньдаа улиг болсон нөгөө л нэг улс төрийн бохир технологи. Хамгийн эмгэнэлтэй нь хүний эрхийг хамгаалах ёстой байгууллага нь хэрэгтний эрхийг хамгаалаад сүйд…
С.Зоригийг хөнөөсөн хэргээр намынхныг нь намнах хэрэгсэл болгон ашиглаж ирсэн МАН-д наад захын хүн ёсны хэмжүүр алга.
2000 онд хурандаа Д.Мөрөнг дэвшүүлэхдээ л ашиглаж байсан гээд тооцвол долоон удаагийн сонгуулиар С.Зоригийг хөнөөсөн хэргээр сонгогчдыг самууруулах нь. Үүнийг нь мэдсэн юм шиг С.Зориг монгол хүнд биш, монголчууд саруул ухаантайд ч биш, саруул ухаанд итгээд байж.
МАН хүний амь хороосон хэрэг байтугай монголчуудын үүх түүхийг үгүйсгэхдээ өчүүхэн ч харамсдаггүй нам. Бусдын гар хөлж болж, октябрын хувьсгалыг Монголд импортлохдоо жинхэнэ хувьсгалчдыг нь адгийн шаар болгож түүх бичлэгт гүтгэсээр ирсэн тэд одоо ч монголчуудын үүх түүх, үнэт зүйлсийг гутаасан хэвээр байгаагийн тод жишээ нь зунжингаа хийх жалганы 100 жилийн ойнууд.
Тэд өмнө нь хэлмэгдүүлж, хядаж, түүнийгээ зөвтгөж, үхсэн хүний ясыг хүртэл өндөлзүүлэн үр хүүхдийг нь хавчиж байсан. Одоо ч өөрчлөгдсөнгүй. С.Зоригийн бүхэлд нь нууцаас гаргахгүй хэр нь өөрсдөдөө ашигтай байдлаар хэсэгчлэн олон нийтэд ил болгосоор хэргийн оролцогчдийг хүртэл сулласан. Одоо харин өрсөлдөгч хүчнийхээ лидерүүдийг тэднээр гүтгүүлэн сонгуулиар яллах бэлтгэлээ л базаагаад байгаа.
Ер нь ганц С.Зоригийн хөнөөсөн хэрэг ч биш. Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, ЖДҮ, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь гээд их хэмжээний тоносон, дээрэмдсэн, цөлмөсөн хэргийн ард тэд байсаар байгаа хэр нь бусад руу чихдэг. Харин өөрсдөө улайм цайм үйлдсэн хэргээ ч хүлээж чаддаггүй, арчаагүй нам.
Тогтвортой хөгжлийн бодлого яриад тогтвортойгоор хулгай хийхээ л бодохоос бус хөгжлийн тухай ойлголт тэдэнд байхгүй. Эдийн засгаа жинхэнэ утгаараа сэргээж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад тэдний зориг дутна. Энэ нам үүсэн байгуулагдсан цагаасаа л эх орны нэр барьж эх орончдыг хядаж, хядаагүй юм гэхэд хядуулах боломжийг олгож ирсэн. Одоо ч монголчуудыг талцуулаад хуваан цөлмөж байна. Бодоог, Чагдаржавыг, Данзанг, Гэндэнг, Амарыг, Сүхбаатарыг хэн хөнөөсөн юм бэ, тэд. Тэдэнд тийм зүйл хийх боломжийг хэн олгосон бэ, бид… Хэрээ хүртэл талийгаачийн ясыг тайван үлдээдэг байтал түүнд шунан, ашиг хонжоо хайх, хүний ой ухаанд багтамгүй адгийн араншин коммунистуудаас л гарсаныг бичигч бус түүх гэрчилнэ.
Монголчуудын үүсэл гарал, ёс заншил, түүх соёлыг өөрсдийн бий болсон 100-хан жилээр төсөөлж, жишдэг жижигхэн тархитай намчдад "улай эргэх" гэдэг үгний утга учрыг хэдэн зуун жил монголчууд хэрэглэснийг хэлэх нь илүүц биз ээ.
Холбоотой мэдээ