Байнгын хороо: Ардын хүүхдүүд уланд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2023.06.20-нд нийтлэгдсэн

Байнгын хороо: Ардын хүүхдүүд уланд үлдлээ

Байнгын хороо: Ардын хүүхдүүд уланд үлдлээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.20/ хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн үндсэн гадаад хэл англи хэл байна гэсэн заалт унасан юм. Гишүүдийн тайлбарлаж буйгаар үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх заалтыг дэмжээгүй гэж тайлбарлаж буй ч хувийн сургуулиудын лоббигоор уг заалтыг унагасан байж болзошгүй гэдэг асуудал ч хөндөгдөж байгаа юм. Харин дээрх заалт гишүүдээс дэмжлэг авч чадалгүй унасанд Боловсролын ерөнхий хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ахалж ажилласан, УИХ-ын гишүүн Г.Дамдинням шүүмжлэв.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:

Өнөөдөр дуулиан тарьж байгаа Боловсролын зээлийн сан/БЗС/-гаас хэн зээл авсан байна, англи хэлтэй хүүхдүүд л авч байгаа. Англи хэлтэй хүүхдүүд нь боломжтой айлын хүүхдүүд. Энэ хүүхдүүдийн буруу байхгүй. Манай систем өөрөө буруу байгаа. Тэгш боломжийг байхгүй болгочихоод байгаа. Ардын хүүхдээс англи хэлийг харамлаж болохгүй. Аавын хүүхдүүд хаана байгаагаасаа, аль сургуульд сурч байгаагаасаа үл шалтгаалж, англи хэл үзэж байж, олон улсад өрсөлдөх чадвартай иргэн болж, төлөвшиж гарч ирэх юм.

Засгийн газрын төсөл дээрээ байгаа англи хэлийг үндсэн хэл байна гэсэн заалтыг авч үлдэх хэрэгтэй байна. Тэд тэгш боломж, тэгш хүртээмж, тэгш ирээдүйг хүсч байгаа.

Боловсролын ялгаварлал хэрээс хэтэрсэн. Боломжтой хэсэг нь улам тасраад дэлхийн хэмжээнд хүрсэн, боломжгүй хэсэг нь уландаа үлдэж байна. Бид ард иргэдээ ингэж ялгах бодлого хийж болохгүй. Хүүхдүүддээ үлдээх бидний хамгийн төв өв дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгох хэлний өөрчлөлт байх болов уу гэж ажлын хэсгийн ахлагчийн хувьд харж байгаа. Ардын хүүхэд сурч болдоггүй англи хэл үү.

 УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Англи хэлийг хуулиараа хориглож байгаа юм шиг, ардын хүүхдийн англи хэл сурах боломжийг хааж байгаа юм шиг хариуцлагагүй үг унагаж болохгүй УИХ-ын гишүүд.

Англи хэл Монгол Улсын үндсэн гадаад хэл байна. Ухарч болохгүй. Боловсролын ерөнхий хуулийн төсөлд, мөн дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд цаашдаа төрийн бодлого тогтвортой байх эрх зүйн тогтолцоог хийж өгч байгаа. Засгийн газар унах бүрийд Боловсролын сайдаар ирсэн болгон хөтөлбөрийн шинэчлэл зарладаг алдаа байсан. Энэ хууль бол нэг боловсролын хөтөлбөрөөс нөгөө боловсролын хөтөлбөрт шилжихэд тодорхой боловсролын хөтөлбөрийн менежмэнтийн циклтэй болдог, энэ нь хамгийн багадаа 10-12 жилийн циклтэй байдаг эрх зүйн баталгааг хийж өгч байгаа.

Хоёрдугаар асуудал бол аль хичээлийг хэддүгээр ангиас, хэдэн цагаар заах вэ гэдэг нь цэвэр сургалтын хөтөлбөрийн асуудал.  Шинэ хуулиар хийх гэж байгаа сургалтын хөтөлбөрийн шинэчлэлд англи хэл үндсэн гадаад хэл байна гэж томъёолсон. Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын үр дүнг харсан байх. Төрийн өмчийн сургууль төгсч байгаа 2000 гаруй хүүхэд олон улсын IELTS эсвэл TOEFL  өгч, шалгалтад тэнцээд ЭЕШ-аар дүйцүүлж байна.  Энэ бол маш том дэвшил. Англи хэл зааж байгаа багш нарын ур чадвар, арга зүй, технологийг өөрчлөхгүйгээр, шинэчлэхгүйгээр хот хөдөөгийн сургуулийн ялгаа, төр, хувийн сургуулийн ялгааг арилгаж чадахгүй. Төр, хувийн сургуулийн ерөнхий боловсролын хамгийн том ялгаа англи хэл дээр гарч байгаа. Хүүхэд хаана амьдарч байгаагаасаа үл шалтгаалж, хүүхэд бүр англи хэл сурах боломжийг олгох ёстой. Тэр тусмаа эрт наснаас нь англи хэл заах ёстой. Энэ бодлогоосоо ухраагүй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүн болоод чуулганы танхимд хэлсэн үгэндээ “Англи хэл Монгол Улсын хоёр дахь хэл байна” гэдгээ зарласан. Энэ бол Монгол Улсын бодлого.

Бид дэлхийд туршигдсан хамгийн том флатормыг туршиж үзлээ, маш их үр дүнд хүрч, хөдөөгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс хоцрохгүйгээр суралцаж болдог юм байна гэдэг нь туршигдлаа. Англи хэлийг гуравдугаар ангиас нь эхлэн заая гэдэг ойлголттой байгаа. Нэг заалтыг нөгөө заалтаар солихоос болж, хүүхдийн англи хэл сурах боломжийг хулгайлж байгаа юм шиг үг үйлдэл унагаж болохгүй. Зөвхөн англи хэлний асуудал хөндөгдөөгүй, боловсролын салбарын шинэчлэлийн асуудал хөндөгдөж байгаа.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ:

-Үндсэн хуулиараа ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэдэг заалттай. Төрөөс тавьж байгаа нөхцөл болзлыг хангаж байгаа бол хувийн хэвшил ерөнхий боловсрол олгож болно гэсэн заалттай. Боловсролын ялгаатай холбоотой асуудлыг гишүүд их ярилаа. Энэ дээр л ялгаа их гараад байна. Хувийн сургуулиудын төлбөртэй холбоотой асуудлыг Үндсэн хуулийн заалттай нийцүүлэх, төрөөс тавьж буй нөхцөл шаардлага биелүүлж байгаа бол хувийн хэвшил гүйцэтгэж болно гэдгийг юу гэж ойлгох юм. Энийг сайн ярих хэрэгтэй.  Боломжтой, хөрөнгө мөнгөтэй айлын хүүхдүүд нь хувийн сургуульд сураад, ЭЕШ -ын оноо нь өндөр байдаг. Гадаад хэлний төвшин нь өндөр болоод энэнээс болоод боловсролын ялгаа их гарч байна. Хөдөөгийн 12 дугаар анги төгсч байгаа хүүхэд өндөр төлбөртэй сургуульд сурсан хүүхэдтэй яаж өрсөлдөж, БЗС-гаас зээл авч гадаадад сурах юм бэ. Тийм учраас хувийн сургуулийн төлбөртэй холбоотой асуудлыг зайлшгүй ярих, хязгаарлах, зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаа.

Хуулийн төсөлд 43.1, 43.11 -ээр гэрээний шалгуурыг сайд батлах юм байна, гэрээний гүйцэтгэлд үндэслэж, хувьсах зардал олгох олгохгүйгээ шийдэх зохицуулалт орж ирж байгаа юм байна. Хувийн сургуулиудын төлбөрт улсын дунджаар амьжиргааны төвшинтэй уялдуулсан зохицуулалт хийхгүй бол асар их боловсролын ялгаа газар авна. Хувийн сургуулийн төлбөр дээд тал нь 30 мянган ам.доллар байна. Үүнийг хувьсах зардлаар зохицуулна гэх юм бол боловсролын ялгааг багасгах асуудал шийдэгдэхгүй.

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Сургалтын чанар, сургалтын шинэчлэл, сургалтын шинэ технологи дээр манлайлж байгаа хувийн хэвшлийн сургуулиудаа ад үзэж болохгүй.  Хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуульд 50-иад мянган хүүхэд суралцаж байна.  Тэр тусмаа боловсролын шилжилтийн үеийн хамгийн хүнд ачааг төртэй хамт үүрэлцсэн хувийн сургуулиуд байгаа, хүлээн зөвшөөрөх ёстой. Ер нь яагаад хүмүүс хүүхдээ хувийн сургуульд сургах гээд тэмүүлээд байгаа юм. Яагаад хэлсэн үнийг нь төлж, сургаад байгаа юм. Тэнд боловсролын чанар байна, стандарт байна. Тийм учраас төрийн өмчийн 800 орчим сургуулиа яаж хувийн сургуулиудтай ойролцоо болгох вэ, хүүхдийн тэгш хүртээмжийн асуудлыг яаж ойролцоо болгох вэ гэдэг нь бидний толгойны өвчин байхгүй юу. Олон улсын хөтөлбөр оруулаад ирсэн сургуулиудын төлбөрийг тэдэн төгрөгт бариулна гэх нь хуучин социалист маягийн хязгаар тавьж болохгүй.

Боловсролын багц хуулиараа шинэчлэх гээд байгаа зүйл нь хот, хөдөөгийн ялгааг арилгая, хувь, төрийн сургуулийн ялгааг санхүүжилтээр нь шийдье гэж байгаа. Ялгааг яаж арилгах юм гэдэг дээр тогтолцооны шинэчлэл хийх гэж байна. Одоогийн нэг хүүхдийн хувьсах зардал хүүхдийн сурлагын чанартай, багшийн ажлын хөдөлөмөрийн үнэлэмжтэй, хүүхэд сурч байгаа сургалтын орчинтой ямар ч холбоогүй.  Байгууллага санхүүжүүлсэн тогтолцоо хэрэгжүүлж ирсэн байна. Тийм учраас өнөөдөр хүүхэд хаана суралцаж байгаагаас үл шалтгаалж, боловсролын тэгш хүртээмжийг өгөх нэг хүүхдийн хувьсах зардлын аргачлалыг өөрчилж, боловсролын чанар дээр шинэ өөрчлөлт гаргая гэдэг зарчим барьж байгаа. Засаглалын шинэчлэлтийн өөрчлөлт хийе, үнэлгээнийхээ тогтолцоог өөрчилье, багшаа дэмжье, багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих тогтолцоог хийж өгье. Цахим шилжилтээр дамжиж дэлхий дээрх боловсролын технологийг хүүхэд бүрт тэгш боломж олгоё гэдэг шинэчлэл хийхээр хууль боловсруулсан. Боловсролын салбараасаа нэг төгрөг ч татахгүйгээр харамлахгүйгээр тавиад өгөх юм бол ойрын хугацаанд боловсролын салбар сэргэх боломж байгаа гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж