Тэрбээр 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.
Батмөнхийн Чинбат нь 1985 онд Хөгжим бүжгийн коллежид /Монгол Улсын консерватори/ элсэн оржээ. Тэрбээр бага ангид байхдаа “Баавгайн явдал”, “Морины төвөргөөн” зэрэг жижиг аязуудыг зохиож, хөгжим зохиох авьяас нь тодорч байсан бол наймдугаар ангид байхдаа “Ая зохиогч хүүхдүүдийн улсын уралдаан”-д “Хангайн дуу” бүтээлээрээ оролцож шагнал авч байжээ. 2013 онд тэрээр СУИС-ийг хөгжмийн зохиолчоор суралцаж төгссөн байна.
Б.Чинбат 1993 онд "Никитон" хамтлагийн гишүүн болжээ. Тэрээр АНУ-д ажиллаж амьдарч байхдаа "Металлика", "U2", Алишиа Кейс, Арета Франклин, Стиви Вондэр, Пийбо Брайсон зэрэг ододтой нэг тайзнаа тоглож, дуучин Арета Франклины төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагчаар ажиллаж байв. Мөн нүүдлийн цирк болох "Ringling Bros and Barnum & Bailey Circus"-д хөгжмийн зохиолчоор ажиллаж байжээ.
Мөн 2009 онд Нью-Йорк хотноо болсон Нельсон Манделад хүндэтгэл үзүүлэх "Mandela Day" тоглолт, "Radio City Music Hall"-д болсон "Rock and Roll Hall of Fame" 25 жилийн ойн тоглолтод тоглосон байна.
Тэрбээр “Дурлалын сум” мюзиклийн хөгжмөөр "Гэгээн Муза" наадмын "Шилдэг хөгжмийн зохиолч" шагналыг авсан бөгөөд 2011 онд “Аравт” киноны хөгжим, 2014 онд “Цахлай нисэх гэж төрдөг” олон ангит киноны хөгжим, 2014 онд “Ээжээ надтай гэрлээч” уран сайхны кино, 2015 онд "Ромео Жульетта" жүжгийн хөгжим, "Миний аялсан мянган хот" нэвтрүүлгийн хөгжмийг бичжээ.
Түүнчлэн өөрийн бие даасан “Хязгааргүйн цаана”, “Давтагдашгүй”, “Эзлэн” тоглолтоо хийсэн юм. Б.Чинбат 2019 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Түүний гэргий Ц.Сарнай донор болсон бөгөөд мэс засал нь амжилттай болсон юм. Тэд БНСУ-д хагалгааны дараах эмчилгээгээ хийлгэж байгаад тусгай нислэгээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголдоо ирсэн билээ. Өнгөрсөн оны аравдугаар сард тэрээр хамтлагийнхантайгаа “Niciton and friends” болон “Aravt” тоглолтыг нэгтгэсэн "Chinbaa and friends" талархлын тоглолтоо хийсэн юм.
Холбоотой мэдээ