Энэ жилийн ЭЕШ-д нийт 34.432 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлж, 47 байранд хуваарилж авсан. Эдгээр байранд ЭЕШ зохион байгуулахаар хянан шалгагч, багш, цагдаа, эмч, үйлчлэгч гээд нийт 2460 орчим хүн ажилласан. Тэгвэл олон нийтийн сүлжээнд зарим багш нар бага цалин хөлс авсан тухайгаа бичжээ.
Нэг багш "ЭЕШ-ын зохион байгуулалтад дөрөв хоног ажиллалаа. Багш нарыгаа доромжилж ханахгүй юмаа. Нэг шалгалт нь 25 мянган төгрөг гэж байснаа 20 мянга болоод тэгээд суутгал нь явагдаад 18.500 төгрөг гэх шиг. Ийм үнэлэмжтэй юманд хэн дараа нь ажилладаг юм. Боловсролын үнэлгээний төв өөрсдөө энэ ажлаа хийвэл таарна. Менежерүүд нь бас санал авч энд ажиллуулмаар юм. Хүчээр очоод тэнд ядартлаа 80, 100 минут зогсчихоод ийм цалин авч байгаадаа уур хүрч байна" гэжээ.
Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Ганбат:
Энэ жил 30 мянга орчим нь энэ онд 12 дугаар ангийг сурч, төгсч буй. Өмнөх онд төгссөн 4000 гаруй шалгуулагч байна. Нийт шалгуулагчийн ихэнх буюу 23 мянга орчим нь математикийн хичээлийг сонгосон байна. Аймаг, төв болгонд нэгдсэн хяналтын систем ажиллаж, шалгуулагчдын мэдээллийг авч байна. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эмч нар шалгалтын байранд ажиллаж байгаа. Олон хүүхэд дунд дүн оноо ахиу авахаар журам зөрчсөн тохиолдол мэр сэр гардаг. Жил бүр тест даалгавар задарсан гэх мэдээлэл цацагддаг. Албан ёсоор хэлэхэд 2007 оноос хойш шалгалтын материал задарч байсан тохиолдол огт байхгүй.
Ийм асуудал нь журам зөрчиж гар утастай орсон хүүхэд шалгалтын материалын зургийг дарсан нь ЭЕШ-ын өмнө задарсан юм шиг буруу ойлголтыг өгдөг. Энэ жил гар утас, ухаалаг цаг авч орохгүй байх тал дээр онцгойлон анхаарч байгаа. Хэрэв журам зөрчвөл шалгалтын дүн оноог хүчингүй болгож, их сургуульд энэ жил элсэх боломжгүй байх арга хэмжээг авна гэж мэдээлж байв.
Холбоотой мэдээ