Хятадын эдийн засгийн давхар уналт

Хуучирсан мэдээ: 2023.06.20-нд нийтлэгдсэн

Хятадын эдийн засгийн давхар уналт

Хятадын эдийн засгийн давхар уналт

Хятад улс бат бөх, тууштай манлайлал, эдийн засгийн тогтвортой өсөлтөөрөө бахархдаг. Гэвч сүүлийн саруудад дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэнэтийн зүйлээр дүүрэн байна. Хятадын засгийн газар энэ онд эдийн засгаа тав орчим хувиар өсгөнө гэсэн зорилт тавьсан. Гэвч энэ зорилт биелэх янзгүй харагдаж байна гэж шинжээчид үзжээ.

Covid-19 цар тахлын хязгаарлалтаа сулруулсны ачаар энэ оны эхний гурван сард Хятадын эдийн засаг төсөөлснөөс илүү хурдацтай өсчээ. Гэвч дөрөв, тавдугаар сард эдийн засгийн өсөлт хүлээлтэд хүрсэнгүй. Жижиглэнгийн худалдаа, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт гээд бүх үзүүлэлт төсөөлснөөр байсангүй.

Түүнчлэн Хятадын хот суурин газрын залуучуудын ажилгүйдлийн түвшин 20 хувиас давсан нь 2018 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улс 2018 оноос л энэ үзүүлэлтээ бүртгэж эхэлсэн.

Дээрх хүчин зүйлсээс хамаараад энэ оны хоёрдугаар улиралд Хятадын эдийн засаг огт өсөхгүй ч байх магадлалтайг шинжээчид хэлж байна. Үүнийг эдийн засгийн давхар уналт гэж нэрлэх аж.

Уналтын гол илрэлийг үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс харж болно. Угтаа бол оны эхэн үед дефолт, борлуулалтын уналт, бойкот гэх мэт гамшиг дундаас үл хөдлөх хөрөнгийн салбар сэргэх төлөвтэй байсан. Засгийн газар хур өртэй үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдэд хөрөнгө босгох боломж бүрдүүлснээр олон жил гацсан бүтээн байгуулалтын ажил дахин цэцэглэсэн. Гэнэтийн хөл хорионы үеэр худалдан авалт хийхээс татгалзсан байсан айл өрхүүд шийдвэрээ өөрчилж эхэлсэн.

Тиймээс үл хөдлөхийн зах зээл тэсрэлттэйгээр сэргэх нь гэсэн тансаг таамаглал зарим шинжээчийн дунд байжээ. Гэвч байдал эсрэгээрээ байна.

Голдман Сакс банкнаас гаргасан индексийг харвал тавдугаар сард шинэ орон сууцны үнэ өмнөх сартай харьцуулахад буурчээ. Цаашилбал, цар тахал байгаагүй үе буюу 2019 оны мөн үеийнхтэй харьцуулбал үл хөдлөх хөрөнгийн борлуулалт 70 хүртэл хувиар буурсан байна. Хятадын Ардын банк үнийн уналтад огтхон ч санаа зовоогүй бололтой. Эсвэл зээлийн хүүг бууруулснаар банкуудын ашгийг хэт их хэмжээгээр бууруулна гэж таамагласан байх магадлалтай.

Хятадын Ардын банк энэ сарын 6-ны өдөр томоохон зээлдүүлэгчдээс хадгаламжийн хүүгээ бууруулахыг хүссэн. Энэ нь бодлогын хүүг 0.1 нэгж хувиар бууруулах замыг зассан явдал болжээ.

Морган Стэнли банкны мэргэжилтний таамагласнаар Хятадын Ардын банк зээлийн хүүг цаашид бууруулж магадгүй. Мөн нэг, хоёрдугаар зэрэглэлийн хотуудад орон сууц худалдан авах хязгаарлалтыг зөөлрүүлж магадгүй гэж үзэж байна. Хятадын бодлогын банкууд дэд бүтцэд илүү их зээл олгож магадгүй юм. Цаашилбал, орон нутгийн засаг захиргаа илүү олон бонд гаргахыг зөвшөөрч магадгүй юм.

Мөнгөний бодлогыг зөөлрүүллээ гээд үр дүн гарахгүй гэж “Bank of China International” дүгнэжээ. Үл хөдлөх хөрөнгийн салбарынхан болон орон нутгийн засаг захиргаа өрийн дарамтад ороод байгаа энэ үед зээлийн эрэлт нь хүүгийн түвшинд мэдрэг биш байна. Зээлийн эрэлт нь эдийн засгийг сэргээх цор ганц арга биш юм.

“Хэрвээ Төв банкны бодлогын хүү хоёр нэгж хувиар буурвал Хятадын хүүгийн төлбөр 7.1 тэрбум юаниар буурч, хөрөнгийн үнэ цэнэ өснө” гэж Нийгмийн шинжлэх ухааны академийн шинжээч онцолжээ.

Эдийн засгийн уналттай холбогдох дараагийн асуудал бол ажилгүйдэл. Хятадын үйлчилгээний салбарын ажил эрхлэлт цар тахалгүй байсан үетэй харьцуулбал мэдээж бага байгаа. Гэхдээ ирэх 12 сарын хугацаанд 16 сая ажлын байрыг сэргээнэ гэж үзэж байна. Ажлын байрны тоо нэмэгдэхийг дагаад иргэдийн орлого, зарцуулалт, итгэл найдвар нэмэгдэх юм.

2021 онд зохицуулалтын шуурганд нэрвэгдсэн цахим худалдаа, боловсрол зэрэг салбарт мөн ажилгүйдэл нүүрлэсэн. Тодруулбал, энэ салбаруудад 10 сая ажлын байр дутагдалтай байна.

Эдийн засагт хүчтэй түлхэц өгөхийн тулд засгийн газраас хэрэгжүүлэх шаардлагатай жижиг гэлтгүй зүйлс бий. Тухайлбал, засгийн газар цар тахлын эхний өдрүүдэд Жөжян мужийн зарим хотод цахим хэтэвчээр дамжуулан олон сая купон тараасан. Купон эзэмшигч долоо хоногийн дотор 210 юанийн зарцуулалт хийсэн тохиолдолд ресторанд хоол идэхэд 70 хувийн хөнгөлөлттэй үнэ төлнө гэх мэт. Энэ купонууд нь жижигхэн ч гэсэн эдийн засагт дэмжлэг болж чаджээ.

Гэвч харамсалтай нь, Хятадын санхүүгийн бодлого зохицуулагчид ийм аргыг хөнгөмсөг, үрэлгэн зүйл гэж үзэж байна. Засгийн газар удаан эдэлгээтэй хөрөнгө бий болгох хэрэгтэй аж. Тухайлбал, таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсан ногоон дэд бүтэц, хот хоорондын тээвэр болон бусад олон нийтийн өмчид илүү их хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж үзэж байна.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж