"Хааны эрэлд" олон улсын сургуулийн 20 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2023.06.19-нд нийтлэгдсэн

"Хааны эрэлд" олон улсын сургуулийн 20 жилийн ой тохиож байна

"Хааны эрэлд" олон улсын сургуулийн 20 жилийн ой тохиож байна

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Америкийн Нэгдсэн Улсын Номхон далай дахь Хуурай замын командлал хамтран жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд энэ сарын 19-ний өдөр боллоо.

Энэ жил “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны  сургуулийг зохион байгуулж эхэлсний 20 жил, мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг илгээж Ирак болон Афганистаны дайны дараах сэргээн босголт, аюулгүй байдлын төлөө хувь нэмрээ оруулсны 20 жилийн ой давхцаж байгаагаараа онцлогтой.

Энэхүү олон улсын сургуулийн нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, батлан хамгаалахын атташе нар, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлагчийн орлогч хошууч генерал Крис Смит болон сургуульд оролцогч зарим улсын хүндэт зочид, цэргийн төлөөлөгч нар оролцов.

Энэхүү олон улсын сургууль нь анх 2003 онд хоёр талын хамтарсан энхийг дэмжих ажиллагааны сургуулийн хэлбэрээр эхэлж байсан бол 2006 оноос “Даян дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургууль болж өргөжин өдгөө Ази-Номхон далайн бүс нутагт энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр зохион байгуулж буй томоохон сургууль болоод байна.

Оролцогч орнууд уг олон улсын сургуулиар команд штабын сургууль, салаадын хээрийн сургууль, чадавхыг нэмэгдүүлэх сургалтад тус тус хамрагдах аж. Тус сургуульд Бүгд Найрамдах Лаос Ард Улсын цэргийн алба хаагчид анх удаагаа оролцож байгаа юм.

Засгийн газрын гишүүн,Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр:

-“Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт олон жилийн уламжлал ёсоор өргөн хүрээтэй эхэлж байна. Энэ жилийн сургуульд дэлхийн 26 орны 600 гаруй цэргийн алба хаагч оролцож байна. Шинээр Лаос улс, Бадмин вант улс, Турк улсуудаас салаа бүрэлдэхүүн нэмэгдэж орж ирж байгаа. Нийт 9 орны 10 салаа оролцож байгаа. Энэхүү сургууль дэлхийн энх тайвныг сахиулахад энхийг сахиулагчдын үүрэг оролцоо чадавхыг нэмэгдүүлэх зорилготой. Монгол Улс Таван толгойн энхийг сахиулах сургалтын төвд 19 дэх удаагаа буюу давхардсан тоогоороо 68 мянга орчим гадаадын энхийг сахиулагчдын сургалтыг энэ талбай дээр зохион байгуулсан. Оролцогч улсуудын хувьд харилцан адилгүй байсан. Өнгөрсөн 2, 3 жилийн хугацаанд ковидтой холбоотой, улс орнуудын харилцаа идэвхжилттэй холбоотойгоор бага зэрэг буурсан. Энэ жилээс эхлээд дахин өргөн цар хүрээг хамарч байна. Энэхүү сургалт 3 үндсэн хэсгээс бүрдэнэ. Эхлээд төлөвлөлт команд штабын сургуулилт хийж байгаа. Төлөвлөлт команд штабын сургуулилт бол стратеги болон тактикийн түвшний цэргийн мэргэжлийн офицеруудыг энхийг сахиулах ажиллагааны туршлагатай офицеруудын багаас бүрдсэн бүлгүүд хамтарч ажиллаж онолын түвшинд төлөвлөлтөө хийж үлдсэн 10 хоногийн хугацаанд үндсэн бүрэлдэхүүн "Таван толгой Рио" дээр үндсэн сургалт практик дээр хийнэ.

Энхийг сахиулагчдын хувь хүний чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагаа болон дэлхийн энхтайвны үйл хэрэгт цэрэг нэг бүрийн үүрэг оролцоог тодотгож өгөх, эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоо чадавхыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах төвшинд энхийг сахиулагчдыг бэлдэх гэх зэрэг өргөн хүрээтэй асуудлын талаар энхийг сахиулагчдын сургалтыг зохион байгуулна.

Энэ хүрээнд харилцан идэвхжилийг бэхжүүлэх, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулж явуулна. Олон улсын цэргийн энхийг сахиулагчид, цэргийн хээрийн сургуульд оролцож байгаа бүрэлдэхүүний олон улсын цэргийн наадмыг зохион байгуулдаг. Үндэсний баяр наадмыг бэсрэг хэлбэрээр зохион байгуулж, үндэсний ёс заншлаа гаднынханд сурталчилдаг. Мөн “Монголд зочлох жил”-тэй уялдуулж гаднаас ирж буй зочдод монгол орноо танилцуулах, үндэсний өв уламжлал, соёл, зан заншил сурталчлах асуудалд онцгой анхаарч байгаа. Манай улсын хилийн цэргийн алба хаагчид 2003 онд анх энхийг сахиулах үйл ажиллагаанд явж байсан. Одоогоор 20 гаруй мянган цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагааны туршлагатай болсон байна. Энд ирж байгаа энхийг сахиулах ажиллагааны сургалтад оролцож байгаа бусад орны цэргийн алба хаагчид заах, үлгэрлэх хэмжээний туршлагатай болсон. Энэ жил Өмнөд Судан улсад дараагийн ээлжид энхийг сахиулах ажиллагаанд явах бүрэлдэхүүн энхийг сахиулах ажиллагааны баг бүрэлдэхүүнд оролцож ажиллаж байгаа гэдгээрээ онцгой ач холбогдолтой. Монголын энхийг сахиулагчдын нэр хүнд, үнэ цэнэ өсөж байгаа” гэлээ.

Энхийг эрхэмлэсэн манай улсын гадаад бодлогод “Хааны эрэлд” олон улсын сургууль нь томоохон байр суурийг эзэлж, эвийн хүч, найрсаг харилцаа, дипломат аргаар энх тайвныг сахин хамгаалах дуу хоолойгоо даян дэлхийд түгээхийн зэрэгцээ Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалт бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, манай улсын цэргийн алба хаагчдын төдийгүй дэлхийн олон орны энхийг сахиулагчдын мэдлэг, ур чадвар, дадлага, туршлагыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.“Хааны эрэлд” сургуулийн Америк талын удирдагч Грийн:

-“НҮБ-ын ажиллагаанд Монгол Улс оролцдог учраас энэ хүрээнд оролцож байгаа 26 орон өөрсдийн дадлага, туршлагаа харилцан солилцдог. Энэ удаагийн онцлог нь эмэгтэйчүүдийг энхийг сахиулах ажиллагаанд түлхүү оролцуулж байгаа. Энэ талын сургалтыг хамтран зохион байгуулж байгаа. Жил болгон Монгол Улстай хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь бидний харилцаа холбоог бэхжүүлэх, өргөжүүлэхэд онцгой ач холбогдолтой. АНУ-аас 110 оролцогч оролцож байна. Оролцож буй 110 хүн нь дотроо чиглэл чиглэлээрээ өөр хүмүүс байгаа” гэв.

“Хааны эрэлд” сургуулийн удирдагч, хурандаа Б.Мөнх-ирээдүй:

-“Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль уламжлал ёсоороо команд штабын сургууль, салаадын хээрийн сургуулиудаас гадна энхийг сахиулагчид цэргийн багуудад нэн шаардлагатай байгаа чадавхыг нэмэгдүүлэх сургалтуудыг явуулахаар төлөвлөсөн байгаа. Үүнд, энхийг сахиулах ажиллагааны хуулийн сургуулилт, нисгэгчийн үнэмлэх, төхөөрөмжийг ашиглах сургалт, хөдөлгөөнт эмнэлгийн бүлгийн сургалт, барилга инженерийн бүлгийн сургалт зэрэг сургалтуудыг давхар явуулна. Мөн “Эмэгтэйчүүд энхтайван, аюулгүй байдал” сургалт зөвлөгөөнийг Улаанбаатар хотод зохион байгуулна.

Оролцогч оруудын 26 орны 1100 цэргийн алба хаагч оролцож байна. Лаос Ард Улс анх удаа 2 ажиглагч явуулж байгаа. БНТУ бүрэлдэхүүнээ нэмэгдүүлж салаа хүртэлх бүрэлдэхүүнээ оролцуулж байна. Мөн Япон улс бүрэлдэхүүнээ нэмэгдүүлж 2 салаа оролцуулж байгаа. Сургууль маань 14 хоногийн хугацаанд үргэлжилж долдугаар сарын 2-ны өдөр хаалтаа хийнэ” гэв.

                                                                                                                              Н.УЯНГА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж