Зөвхөн Дубайд л харж болох сонирхолтой зүйлсийг танилцуулж байна.
Дубайн саятнууд замын түгжрэлээс зайлсхийхийн тулд ямар ч хамаагүй арга хэрэглэхэд бэлэн байдаг. Машинтай баячуудыг нэг цэгээс нөгөө рүү зөөж буй нисдэг тэрэгнүүд агаарт олонтоо харагдана. Нью-Йорк, Парис зэрэг хотод нисдэг тэрэгний ачаалал их байдаг ч энэ нь Дубайтай харьцуулахад юу ч биш юм. "VIP" тээврийн үйлчилгээ үзүүлдэг "HeliDubai" зэрэг чартер компани Дубайд олон бий.
Дубайн цагдаагийн газар хамгийн сүүлийн үеийн завиар үүргээ гүйцэтгэж байна. Угсаа залгамжлах хунтайж Шейх Хамдан тэдэнд 400 мянган ам.долларын үнэтэй энэхүү супер завийг бэлэглэжээ. "Lamborghini"-г санагдуулам загвартай, 700 морины хүчтэй энэхүү завь нь офицеруудад эргийн хамгаалалтыг хурдан бөгөөд үр дүнтэй хийх боломжийг олгодог.
Дубайд түргэн тусламжийн машин нь хүртэл лимузин мэт. "Авнак" гэх эдгээр машин нь хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд өвчтөнд тав тухтай, тансаг зорчих боломжийг олгодог. Гэхдээ эдгээр машиныг зөвхөн эмнэлэг хооронд шилжих өвчтөн л ашиглах ба яаралтай тусламжид ашиглахгүй.
Дубайн баячууд тансаг машинд дуртайгаараа алдартай. Тухайлбал, нэгэн чинээлэг эрхэм Гранд Чероки машинаа 24 каратын алтаар бүрсэн байдаг. Энэхүү үрэлгэн шинэчлэлтэд хоёр сая ам.доллар зарцуулжээ. Алтаар бүрсэн машинаас илүү өөрийгөө баян гэдгээ илэрхийлэх арга үгүй билээ.
Машинаа алтаар бүрэх нэгэн байхад алмаазаар бүрэх хүн ч байна. Тодруулбал, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг гэгддэг Саудын Арабын хунтайж Аль-Валид бин Талал өөрийнхөө зэрэглэлийг харуулж, Мерседес машинаа 300 мянган алмаазаар бүржээ. Энэ нь 4.8 сая ам.доллараар үнэлэгдэнэ.
Дубай хот жуулчдад тэмээний өвөрмөц уралдааныг санал болгодог. Тэмээг уралдаанд бэлтгэхэд маш нарийн ажиллагаа, тусгай тэжээл шаардагдана. Тэмээг хүн биш өндөр технологийн роботууд унадагаараа онцлог. Уралдааны улирал нь цаг агаар харьцангуй сэрүүн үед буюу аравдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд байдаг.
Алтны АТМ бол үрэлгэн Дубайн бас нэг гайхамшиг. Хэдийгээр АТМ-ыг үнэт материалаар бүрээгүй ч дотроос нь тав, арван граммын жижиг гулдмайнууд гарч ирдэг. 2010 оны тавдугаар сард энэхүү АТМ-ыг хэрэглээнд нэвтрүүлж байв. Уг машиныг Германд бүтээсэн бөгөөд тухайн өдрийн ханшийг алдалгүй харуулдаг.
Дубайн баячууд баялгаа гайхуулах аргаа олж ядаж байна. Ихэнх нь машинаа будах, шинэ хөдөлгүүр суурилуулах зэрэг аргыг сонгодог бол хоёр жийпийг зэрэгцүүлж, машинаа томсгосон хүн байна. Энэ нь машинаар зам дээр явахад хоёр эгнээ дамнаж явах шаардлагатай. Хэмжээ болон гадаад төрхөөсөө хамаараад энэ машин практикт төдийлөн тусаа өгөөгүй.
Тэд өөрсдийнхөө статусыг илтгэхийн тулд ховор сонин, устах аюулд ороод буй амьтдыг бэлгэ тэмдэг болгон цуглуулдаг. Аварга том муур тэжээх трэнд нэг хэсэг дэлгэрсэн бол энэ нь яст мэлхий болж өөрчлөгджээ. Яст мэлхий нь ховордож буй төрөл зүйл учир тэднийг хүмүүнлэг бус зорилгоор ашиглах нь тоо толгойн хоргодолтод нөлөөлнө гэж үзэж байна.
Дубайд алтан эдлэл түгээмэл байдаг ч ховор бөгөөд анхаарал татахуйц эд зүйл нь алтан гар утас. "Caviar" брэнд 2019 онд "Tsar" цувралаа анх гаргажээ. Цувралын хамгийн онцгой бүтээгдэхүүн бол "Алтан шейх" гар утас юм. Энэ утас долоохон ширхэг байдаг.
Эх сурвалж: SPICY TRENDS
Холбоотой мэдээ