Гучин жил овоглож, гучин жил тугаа болгож ирсний хувьд АН-ыг монголчууд ардчиллыг хамгаалах улс төрийн нэг хүчин гэж итгэдэг, энэ утгаар нь дэмждэг. Тиймээс ч Ардчилсан нам малгай тавих толгойтой болоход олон хүн алгаа ташиж хүлээж авсан билээ.
УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль болоход яг нэг жил үлджээ. Парламентын хоёр сонгуульд дараалан ялагдал хүлээсэн Ардчилсан намын хувьд 2024 оны сонгууль хамгийн хариуцлагатай бас эгзэгтэй мөч. Учир нь, улс төрийн тавцан дээр амьд үлдэх эсэхээ шийдэх гол тулаан болно. АН ялах, ялагдахаас Монголын ардчилал орших, эс орших нь хамаарна. Энэ нь Л.Гантөмөрөөс гадна АН-ын гишүүд дэмжигчдийн идэвх зүтгэл, эв нэгдлээс ба шалтгаалах нь мэдээжийн асуудал. Хоржоонтой нь, аливаа улс төрийн намд ялагдлыг нь намын дарга нь дангаараа үүрдэг бол ялалтыг нь бүгдээрээ хүртдэг.
Сонгуулийн ялалт, ялагдалд намын эв нэгдэл хамгийн чухал болохыг олон сонгуулийн үр дүн нотлон харуулдаг.
2005 он. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН /МАХН/-аас Н.Энхбаяр, АН-аас М.Энхсайхан, Эх орон намаас Б.Эрдэнэбат, БНН-аас Б.Жаргалсайхан нар нэр дэвшсэн юм. М.Энхсайхан "Авлига, хээл хахуультай тууштай тэмцэж, төрийг авлигачдаас цэвэрлэх, тэдэнд хуулийн дээд цээрлэл үзүүлэх бодлого баримтлах"-аа, Н.Энхбаяр “Нийгмийн дэг журмыг бэхжүүлж, сахилга хариуцлагыг сайжруулж, авлига, архидалт зэрэг нийгмийн гаж үзэгдэлтэй тэмцэх"-ээ амласан уг сонгуулийн гол өрсөлдөөн улаан, цэнхэрүүдийн дунд өрнөсөн агаад коммунистууд анх удаа Монголын сонгуульд хар пиар ашиглаж, улмаар нутагшуулсан бол үүнийг нь Х.Баттулга улам төгөлдөржүүлсэн байдаг. М.Энхсайханыг Хятадын эрлийз болгох Н.Энхбаярын хар пиар амжилттай хэрэгжсэн, гэхдээ түүний ялагдалд АН-ын хагарал ч чамгүй нөлөөлсөн бий.
2012 он. УИХ-ын ээлжит сонгуульд ардчилагчид нэгдэж, эсрэгээрээ коммунистууд хоёр хуваагдаж сонгуульд оролцсоноор АН засгийн эрхийг авсан юм. 2010 онд хуралдсан МАХН-ын XXVI их хурлаар коммунистууд тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчиллын үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам болохоо зарлахын сацуу нэрэндээ хавчуулсан "хувьсгалт" үгээ гээж, Монгол ардын нам нэрээ сэргээв. Намынхаа эрх мэдлийн төвөөс жийгдсэн хорсол, журмын нөхдөдөө гомдсон гомдолдоо баригдсан Н.Энхбаяр У.Хүрэлсүхийн голсон МАХН нэрийг сэргээн, сонгуульд "Шударга ёс эвсэл" байгуулж оролцсоноор УИХ-д халаасны бүлэгтэй болж байлаа.
2017 он. Ерөнхийлөгчийн сонгуульд АН нэгдэж, МАН хагарч оров Үр дүнд нь Х.Баттулга ялж, М.Энхболд өвдөг шороодсон нь улс төрийн нэг түүх болжээ. Үнэндээ, У.Хүрэлсүхийн зүүний хүчнийхэн М.Энхболдын хотын фракцын эсрэг ажилласан нь төд удалгүй ил болсон. Улмаар нам, засгийн эрх У.Хүрэлсүхийн гарт шилжиж, М.Энхболдын эрх мэдэл цагаан байрнаас шахагдсан юм.
2021 он. Ерөнхийлөгчийн сонгуульд АН хагарч, МАН+МАХН хоёр нэгдэж, сонгуульд өрсөлдсөн. С.Эрдэнийн эсрэг Н.Алтанхуяг нь өлсгөлөн зарлахтай зэрэгцээд Н.Энхбаяр хүүгээ УИХ-ын гишүүн болгох тохироотойгоор 50 мянган гишүүнтэй МАХН-аа МАН-д зарсан юм. Эцэст нь У.Хүрэлсүх Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч, Н.Энхбаярыг хүү Батшугар УИХ-ын гишүүн болов. Гэх мэтчилэн улс төрийн цадиг, түүхээс харахад АН хүчтэй байя гэвэл хоорондоо эвтэй байхаас өөр сонголт үгүй.
МАН-д нэг үе солигдож байгаачлан АН-д шинэ үе хүч түрэн орж ирж буйг тус намын шинэ-залуу фракциудаас харж болно. Угаасаа таван намын нэгдлээс бүрдсэн нам тул АН-ыг яагаад ч МАН шиг хайрцаглах боломжгүй. Босоо тогтолцоотой МАН хүртэл дотроо олон фракцтай хотын, зүүний хүчний, Сү-гийнх гэж хуваагддаг. Харин ч сүүлийн үед Монголын намуудад үзэл бодлын нэгдлээс илүү үе тэнгийн “он жав”-ын ялгарал үзэгдэл болж байна.
Улс төрийн намд фракц, нэгдэл байх нь нэг талаасаа эрүүл үзэгдэл. Тэнд ардчилал, олон ургальч үзэл, нээлттэй харилцаа байна гэсэн үг. Хятадын коммунист нам, Путины "Нэгдсэн Орос", Умардын Ажилчдын намаас дарангуйлагчид төрдгөөс биш фракц, нэгдлүүд мэндэлдэггүй.
АН-ын фракциудын хувьд ирэх 2024 оны сонгуульд Л.Гантөмөртэйгөө орсон нь зөв гэдэгт санал нэгдсэн байна. Жишээ нь, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Д.Пүрэвдорж нарын байгуулсан “МонДе” фракц өнгөрсөн Бямба гаригт Гүн Галуутайд цугларч намын даргаа дэмжиж ажиллахаар тохирчээ.
Харин Ням гаригт нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Н.Ганибал, Ц.Туваан нарын үүсгэн байгуулсан “Нэг Монгол” хөдөлгөөнийхөн АСЕМ-д хуралдаж, Л.Гантөмөр дээрээ нэгджээ. Энэ талаар тус хөдөлгөөний тэргүүнээр сонгогдсон Н.Ганибал өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Ардчилсан намын УИХ-ын гишүүдээс санаачилсан "Нэг Монгол" хөдөлгөөн Ардчилсан намын эв нэгдлийг барьж, намын үйл ажиллагааг бэхжүүлж, сайжруулах зорилготой. Хэн нэгэн хүнээс хамааралгүй хөдөлгөөн” болохоо тайлбарласан нь хэн нэгэнтэй хамаатуулан бичээд байгаа сошиалын хардлагад өгсөн хариулт нь биз.
АН-ын бусад фракциуд болох “Од”, “Морьтон”, “Анчин”, “Хийморь” мөн л гарман дээрээ морио солихын эсрэг гэдгээ илэрхийлсэн гэх. Эрх биш, өнгөрсөн найман жилийнхээ ялагдлын шалтгаанаа сөрөг хүчнийхэн эрүүл, саруулаар дүгнэж, цэгнээ байлгүй. Тэгээд ч монгол хүмүүс гарман дээрээ морио сольдоггүй гэдэг.
Сонгуулийн нэг циклийн хугацаанд гурван жилд нь зодолдсон АН үлдсэн хугацаанд “өвдгөө гөвөөд” босохоос өөр арга замгүй. Тэдэнп зөвлөхөд, эв нэгдлээ хангаж, хамгаалж чадвал АН эрх мэдэл хүрнэ. Эс бөгөөс нам нь арчигдана, зарим нь ачигдаж мэднэ.
Холбоотой мэдээ