Судан дахь мөргөлдөөн эхлээд хоёр сар өнгөрчээ. НҮБ-аас тооцоолсноор мөргөлдөөн эхэлснээс хойш 860 хүн амиа алдсан байна. Мөн 6000 хүн шархдаж, хагас сая хүн эх орноосоо дүрвэсэн. Харин дотоодын дүрвэгсдийн тоо 1.4 сая хүрчээ.
Дүрвэгсдийн орчин нөхцөл тун хүнд байгааг албаныхан хэлж буй. Ариун цэврийн байгууламж байхгүй, хоол хүнс хангалтгүй.
Мөргөлдөөнөөс өмнө хөрш Өмнөд Судан улсын иргэд Суданд дүрвэж ирдэг байв. Тодруулбал, Өмнөд Суданаас 2.2 сая хүн гадаадад, 2.3 сая хүн дотооддоо дүрвэсэн. Гэвч Суданд болж буй мөргөлдөөнөөс болж Өмнөд Суданы 800 мянга гаруй иргэн нутагтаа эргэж иржээ. Суданд байлдааны ажиллагаа эхэлснээс хойш өдөрт дунджаар 1500 хүн Өмнөд Суданд ирж байгааг НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг мэдээлэв. Энэхүү шинэ онцгой байдал нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа аж.
Ийнхүү Өмнөд Судан, Судан улсууд аль аль нь дайн байлдаан, дүрвэгсдийн хямралд нэрвэгдээд байна.
Суданы хямралд хариу арга хэмжээ авахад 253 сая ам.доллар шаардлагатай бол Өмнөд Суданд арга хэмжээ авахад 96 сая ам.доллар шаардагдана. НҮБ-ын Дүрвэгсдийн комиссын тоо баримтаас үзвэл, хямралаас хойш хоёр сар өнгөрөөд байхад олон улсын хандивлагчид нийт дүнгийн ердөө 10 хувийг л дээрх улсуудад зарцуулжээ. Олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж удаашрах зуур олон хүний амь нас хохирсоор байна. Хоол тэжээлийн дутагдал, ариун цэврийн шаардлага хангаагүй байдал нь халдварт өвчний тархалтыг өдөөж, хүүхдүүд олноор нас барж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ