"Гацуурт "компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймагт малын бэлчээрт морьтой залуусыг машинаараа дайрахаар хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Л.Чинбат үүнээс хойш Алтанбулгаар гараад явчихлаа. Буцаад ирлээ… гэхчилэн мэдээллүүд ар араасаа хөвөрч байна. Харин аливаа хэргийг гэрэл цохиулж, шүгэл үлээхдээ гарамгай, шүүхээр тогтоогдоохгүй байхад хэргийн оролцогчдыг зарлан мэдээлэл хийдэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар таг. Будаач будаач гэхэд сахлаа будав гэгчээр оролцохгүй асуудалгүй, ороогүй ажлын хэсэг ховорхон сайд харин Боловсролын сайд өөртөө эрх мэдэл төвлөрүүлж буй талаар шүүмжилж харагдав.
Олон нийтийн сүлжээнд иргэд илтэд дургуйцлээ илэрхийлж байж сая Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэдэг мэдээллийг цагдаагийн зүгээс өгөв. Ямартай ч түүнд хүн алах, худал мэдээлэл тараах, халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдсан хэрэг үүсгэсэн аж.
Танхимын сайдын ааваас олны анхаарлыг өөр зүгт хандуулах хүчтэй дуулиан хэрэг болсон бөгөөд тэр Нүүрсний сонсгол хийх шинэ ажлын хэсэг, С.Зоригийн хөнөөсөн хэргийн холбогдогч Ц.Амгаланбаатарын бичлэг болов. Иймэрхүү байдлаар олон нийтийн тархийг угаахыг зорьж байна. Үнэндээ хууль бидэнд тэгш үйлчилдэггүй болоод тун чиг удаж байна.
Хууль зүйт ёс ноёрхсон нийгмийн тухай Ф.Хаек “ Хууль бүх хүнд, түүний дотор удирдагч нарт хамаатай. Хэн ч хуулиас дээр байж болохгүй. Шүүх бие даасан байх ёстой, ялангуяа улс төрчдөөс хараат бус байх ёстой. Хууль нь зүй ёсны шалгуураар орсон байх ёстой” гэжээ. Харин манайд яг үүний эсрэг үйлчлэл бий болсоор удлаа. Энэхүү хэм хэмжүүрээр аваад үзвэл манайд хууль зүйт ёс бус хууль ноёрхож байна. Тиймээс хуулийг дур зоргодоо тааруулан өөрчилдөг, ширэнгийн хуулиас өөрцгүй зүй тогтолцоо үйлчилнэ гэсэн үг. Л.Чинбат унтдаггүй, үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөдөг хүн гэхчилэн уянгалсан сэтгэгдлүүд бишгүй. Гээд хүний амь насанд халдах эрх хэнбэгуайд ч байхгүй.
Өмнө нь Хонхэрэйдийн Энхбат гэгч жагсаал хийсэн залуусыг улайм, цайм эрэмдэглэнэ гэж хэвлэлийн хурлаар заналхийлж байхад Х.Нямбаатар сайд тоогоогүй өнгөрсөн төдийгүй жагсагчдыг харин барьж хорьсон тохиолдол бишгүй гаргасан. Түүний хувьд шударга ёс нь энэ бололтой. Энэ жишгээрээ бол Засгийн газрын гишүүний аав торгуулсан болоод өнгөрөх вий. Ёс зүйн асуудал энд түй ч хамаагүй бололтой. Хэрэвзээ энэ хэргийн тэгсгээд торгосон, торгуулсан болоод өнгөрвөл Монголд маш аюултай жишиг тогтоно. Хэн дуртай нь хүний халдашгүй байдалд халдаж, амь насанд шууд халдахдаа юман чинээ боддоггүй болно. Харин энэ үед хууль хяналтынханд итгэх итгэл нь өдрөөс өдөрт алдарсаар буй иргэд асуудлыг өөрсдийнхөө шийдэх болно. Тэр үед эмх замбараагүй байдал бий болж, улс орны хэмжээнд аюутай байдал үүснэ. Үүнээс л эрх баригчид сэргийлэх ёстой. Энэ мэт хэрэгт дүлий дүмбэ оргисоор байвал иргэдийг хорсол, бухимдал руу л хөтөлнө үү гэхээс яав ч сайн зүйл рүү дагуулахгүй. Тиймээс худлаа шударга ёс ярьж, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй бүлэг, хүчний талаар үлгэр шиг юм зохиохоо болиод өөрсдөө харуулмаар байна.
“Монголын төрт ёс” гэж эрх баригчид өөрсдийгөө өргөмжлөх дуртай. Тэрхүү төрт ёсны чинь ноён нуруу хугарах уу, үгүй юу гэдгийг энэ мэт хэргээс л иргэд харна.Та нарын хэлээд байдаг “Шударга ёс” гээч ойлголт өөрсдийнхтэй нь ижил үү, үгүй юу гэдгийг иргэд харж суугаа…
Шударга ёсны тэмцэл гэж хамгийн их хэлдэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нараас асуумаар байна.
-Улныхан ус уух эсэхийг Соёлын сайдын чинь аав мэддэг хэрэг үү. Энэ хэрэг танай танхимд түй ч хамаагүй юу?
Соёлын сайдаас асууя,
-Малчин хүн малаас дор үзэгдэж буй нь соёл уу?
Л.Нарантөгс