Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Украиныг цэрэггүйжүүлэх даалгавар үндсэндээ биелсэн" гэж Бямба гаригт мэдэгдсэн. Тэрбээр "Украин улс цэргийн тусгай ажиллагааны эхэн үед маш их цэрэгжсэн байсан. Путины хэлсэнчлэн Украиныг цэрэггүйжүүлэх бол хийх ёстой ажлуудын нэг юм. Энэ ажил үндсэндээ дууссан" гэжээ.
Энэ мэдэгдлийн дараа Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба фэйсбүүк хуудсаараа дамжуулан Песковт хариу өгчээ. Тэрбээр Песковын мэдэгдлийг шоолж, Кремлийн дараагийн мэдэгдэл юу байж болох талаар даамаг дэвшүүлэв.
"Дараагийн мэдэгдэлдээ Кремль цэргийн тусгай ажиллагааны бараг бүх даалгавар биеллээ гэж хэлнэ. Европын холбоо болон НАТО-ийн гишүүн Украин улс Орос руу довтлох боломжгүй боллоо. Крым Оросын төсвийн дарамт байхаа болино. Нацистууд зөвхөн Оросоор хязгаарлагдана. Украин дахь Оросын цэрэг, техникийн алдагдал нь алдаагаа засч, Оросыг улам хүчирхэгжүүлэхэд туслав. Орос урьд өмнөхөөсөө илүү хүчирхэгжиж байна" гэж Кулеба тэдний дараагийн мэдэгдлийг таамаглан хошигножээ.
Мөн тэрбээр түншүүддээ хандан Украиныг дэмжихээ зогсоохгүй байхыг уриалжээ. "Түншүүд хамгийн гол нь дэлхийн өөрчлөлтөөс айхгүй байж, Украиныг дэмжихээ зогсоохгүй байх хэрэгтэй. Орчин үеийн Орос оронгүйгээр амьдарч болно. Бид өдөр бүр Украины батлан хамгаалах хүчний шинэ зэвсгийн талаар ярилцаж, Энх тайвны томъёололыг дэмжих дэлхийн эвслийг бэхжүүлэн, Украиныг сэргээхийн төлөө ажиллаж байна. Орос танкийн тоогоор асар давуу байсан ч одоо танкийн алдагдлаасаа болоод бидэнтэй бараг ижил түвшинд хүрсэн гэж тооцоолж байна" гэжээ.
Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ