“Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу дуртайгаа бичиж болно”. Хятадын коммунист намын удирдагч Мао Зэдуны хэлсэн алдарт үг. М.Энхболд 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодоход энэ үг чамгүй нөлөөлсөн. Тэгж хэлсэн УИХ-ын гишүүн эмэгтэй үнэндээ худлаа хэлээгүйг Монголын улстөрд өрнөж буй үйлдэл, үр дагаврууд нь гэрчилнэ. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар 50 сая вонын авлига авч байгаад газар дээрээ баригдсан. Атал өнөөдөр УИХ-ын гишүүн болчихсон, "ариун, шударга" иргэний дүрд тоглоод явж байна.
Сонгууль болгоноор шударга ёс ярьж гарч ирдэг улстөрчид улсаа шударга бусаар хэрхэн тонодог, дээрэмддэг нь Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын авлига, төрийн сангуудын луйвраас батлагдлаа, нотлогдлоо. Гэхдээ маргааш сонгууль болбол тэднийгээ дахиад сонгох магадлалтай "мал сүрэг" Монголоор нэг "бэлчиж" байна. "Хэдэн мал"-ынхаа буянд сайхан амьдрахын тулд улстөрчид нь тэднийгээ чихэр, жимсхэнээр хуурахаа мэдэхтэйгээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу өнгөрөгч Ням гаригт 17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэг гээд нийт 46 мандатад нөхөн сонгуулийг зохион байгуулснаар МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ. АН-ын хувьд хөдөө орон нутагт 13 суудал авсан нь чамлахааргүй үзүүлэлт. Гэхдээ эндээс харвал МАН дараалсан гурван сонгуульд ялалт байгуулах магадлал өндөр байна. Өчигдөр болсон сонгууль бол хойтон болох сонгуулийн өмнөтгөл, өнгийг үндсэндээ тодорхойлж байна.
Хоёр жилийн өмнө УИХ-ын 28 дугаар тойрогт буюу СХД-т Д.Сумъяабазарын оронд нөхөн сонгууль явуулахад АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл, МАН-аас нэр дэвшигч Э.Батшугарт өвдөг шороодсон нь сөрөг хүчний мууд ч, МАН-ын сайнд ч байв.
Сөрөг хүчний муу гэдэг нь Э.Бат-Үүлийн сонгууль дээр АН-ынхан огт ажиллаагүй, харин МАН-ын сайн гэдэг нь хороо, хорины дарга нарын дийлэнх нь улаан коммунистууд. Тэд хэний саналыг хэрхэн, юугаар гуядаж авахаа сайн мэддэг. Гол хорыг “дээдэс” нь дэглэдэг ч гол найруулга нь хороо, хорин дээр явагддаг.
1.
Өнөөдрөөс яг нэг жилийн дараа сонгууль болно. ҮХНӨ болон Сонгуулийн шинэ хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд 2024 оны парламентын ээлжит сонгууль явагдах нь нэн ойлгомжтой болсон.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу ирэх 2024 оны сонгуульд улс төрийн намууд нийтдээ 126 хүн нэр дэвшүүлнэ. Тойрогт 78 нь өрсөлдөх бол 48 нь намын жагсаалтаар орж ирнэ. Тэгвэл Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байхаар болсон. Тэгвэл УИХ-д Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлээр намуудын үйл ажиллагаа, бүртгэл, санхүүжилт, данс, татвар, хандив, орлого, зарлага зэргийг ил тод, тодорхой болгох юм.
Тиймээс сонгууль угтсан субботник улс төрд хэдийнэ эхэлсэн бол горилогчдын хувийн болон фракциудын тоглолт ч дагаад идэвхжижээ. Тэр хэрээр сошиал болон хэвлэлд тархи угаалтууд эрчимжиж байна. Атал сонгогчдын боловсрол нь бахь байдгаараа. Улстөрчид нь тэрхүү цагаан цаасан дээр юу дуртайгаа “сараачиж" байна.
Өнгөрсөн Ням гаригт улс даяар болсон орон нутгийн нөхөн сонгуулийн дүнгээс харвал Монголд өөрчлөлт, шинэчлэлт ирнэ гэсэн хүлээлт үнэндээ алга. Өөрчлөлт, шинэчлэлтийг зөвхөн улстөрчид, эрх баригчид хийдэг юм биш. Иргэд дөрвөн жил нэг удаа олддог Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх замаар өөрчлөлт шинэчлэлт хийж болно. Гэхдээ ихэнх нь энэ эрхээ эдлэхийг хүсдэггүйд асуудлын гол учир бий.
2.
Өөрчлөлт шинэчлэл бол оролцоо юм. Өөрийнхөө амьдралын төлөө хуруугаа хөдлөхгүйгээр сайн, сайхан ирээдүйн тухай мөрөөдөх нь илүүц.
1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсан цагаас хойш Монголд парламентын сонгууль найман удаа, Ерөнхийлөгчийн сонгууль мөн найман удаа, ИТХ-ын сонгууль долоон удаа явагджээ. Гэтэл сонгогчдын ирц 1992 онтой 2020 оныхыг харьцуулахад 21.96 хувиар буурсан байна. Үндсэндээ, сонгуульд оролцох залуусын идэвх оролцоо бага, ялангуяа 20-24 насныхан хамгийн бага ирцтэй оролцдог нь судалгаагаар тогтоогдсон. 2021 оны байдлаар Монгол Улсад сонгуулийн насны 2041985 иргэн бүртгэгдсэний 44 хувь нь 18-34 насны залуучууд. Өөрөөр хэлбэл, сонгуульд залуусын эзлэх хувь өдөр. Тэр хэрээр улс төрийн бодлого шийдвэр нөлөөлөх жин их.
Гэтэл сонгуульд 18-35 насны залуучуудын гурван хүн тутмын нэг нь саналаа өгдөггүй бол эсрэгээрээ 55-аас дээш насны сонгогчдын ирц 80-95 хувьтай гардаг. Ахмад настнуудын оролцоо тогтмол өндөр байдаг нь өнгөрсөн найман удаагийн сонгуулийн үр дүнд нөлөөлж ирсэн. Тиймээс ээж, аавынхаа тэтгэвэр, тэтгэмжээр тэжээлгэдэг залуус тэдний сонгосон нийгэмд амьдрах нь аргагүй юм.
Хэн их популизм хийнэ, тэр нь улстөрч болдог нь жирийн явдал, жишиг үзэгдэл. Дараагийн парламентад авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон улстөрчид ахиад УИХ-ын гишүүнээр сонгогдвол гайхах асуудалгүй. Учир нь, Монголд боловсролтой сонгогчид цөөн. Ихэнх нь саналаа хэдэн төгрөгөөр хэнд худалдах вэ гээд сууж байдаг худлаа юм биш. Д.Тогтохсүрэн тойрогтоо мөнгө, "Оргил"-ын Ж.Ганбаатар чихэр, Н.Учрал боов тарааж, А.Адъяасүрэн хивс бэлэглэсэн нь өглөгч, өгөөмөр зандаа болоогүй. Өөрсдийнх нь саналыг худалдаж авч байгаа арга заль нв. Гэхдээ тэдний авлигыг хормойгоо тосоод авах сонгогч хар мянгаараа байна. Ийм сонгогчид бидний ирээдүйг шийдэж байна. 2020 онд Нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ж.Батбаясгалан, Г.Гангамөрөн нар БГД-т мөнгө тарааж байгаад баригдсан бичлэг цацагдсан. Хуультай, ёс зүйтэй оронд тэд шоронд ордоггүй юм аа гэхдээ ордонд/Хангарьд/ суухгүй нь лав. Тэгвэл эсрэгээрээ Монголд мөнгө тараасан нь ялж, бодлого ярьсан нь ялагддаг.
Тиймээс ард түмэн цагаан цаас гэх үгэнд эмзэглэх хэрэггүй. Улстөрчид биднийг тэгж боддог, бид тэдэнд тэгж л харагддаг.
Холбоотой мэдээ