Нүүрсний ажлын хэсгийг шинээр байгуулж, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулахаар болжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний ажлын хэсгийг байгуулах захирамж гаргасан байна. Ажлын хэсгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах бол УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар багтжээ. УИХ-аас хилийн боомтоор ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлийг шалган тогтоох түр хороог 2022 оны зургадугаар сарын 16-нд байгуулсан юм.
Д.Тогтохсүрэн өнөөдөр мэдээлэл хийхдээ "Нүүрсний сонсголыг УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан түр хороо хийнэ. Хянан шалгах тухай хуулиар түр хороо сонсгол хийдэг. Гурван сонсгол байдаг. Ерөнхий сонсгол гэдэг нь иргэдээс гарч буй саналыг ерөнхийд нь сонсдог сонсголыг хэлдэг. Уг сонсголыг арванхоёрдугаар сард хийсэн. Одоо хийх гэж буй сонсгол бол нотлох баримтын сонсгол. Энэ сонсголыг хийнэ гээд Г.Ганболд гишүүнээр ахлуулсан түр хороо нэг жил орчим ажилласан. Нэлээд хянан шалгагч нарыг гарган ажиллуулж, тодорхой хэмжээнд нотлох баримтын сонсгол хийх нөхцөл бүрдсэн. Гэтэл хууль хяналтын байгууллагаас нотлох баримтын сонсгол нь мөрдөн байгууллагын нууцтай холбоотой олон асуудал яригдах учраас хойшлуулж өгөх тухай ярьсан.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАН-ын дарга нар ярьж байгаад хойшлуулчихсан юм яриад байгаа. Дээр нь хууль хяналтын байгууллагаас энэ хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсийг оролцуулахтай холбоотой асуудал байгаа юм. ЭТТ компанийн захирлаар ажиллаж байсан хүнийг оролцуулахгүй гэж байгаа юм.
Иймээс сонсголыг үр дүнтэй болгох үүднээс мөрдөн байгууллагын саналын дагуу сонсголыг хойшлуулсан. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг сонсгол хийх ажлын хэсэг биш. Х.Нямбаатар сайдын ахалсан ажлын хэсэг сонсгол хийхэд дэмжлэг үзүүлэх, бэлтгэл хангах, хууль хяналтын байгууллагатай ажиллаж мөрдөн байцаалтын нууцад хамарч буй үе нь хэзээ дуусах уу гэх мэт хамтарч ажиллах чиг үүрэгтэй ажлын хэсэг байгаа юм. Тиймээс түр хороо сонсголоо хийнэ. Ажлын хэсэг өөр чиг үүрэгтэй" гэсэн юм.
Холбоотой мэдээ