АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнөөдөр /2023.06.18/ Бээжинд айлчилж байна. Хятадын тагнуулын бөмбөлөг АНУ-ын агаарын орон зайд ниссэнтэй холбоотойгоор Блинкен хоёрдугаар сард товлогдсон байсан айлчлалаа хойшлуулсан. Тэрбээр Жо Байденыг ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Хятадад айлчилж буй АНУ-ын засгийн газрын хамгийн өндөр албан тушаалтан юм.
Энтони Блинкен Даваа гариг хүртэл Бээжинд саатна. Энэ хугацаандаа Гадаад хэргийн сайд Цин Ган, дээд дипломатч Ван И нартай уулзаж, хоёр орны стратегийн өрсөлдөөнийг зөрчилдөөн болгохгүйн тулд нээлттэй, тогтвортой харилцаа холбооны сувгийг бий болгохыг эрмэлзэнэ. Цин Ган, Ван И нараас гадна тэрбээр Хятадын дарга Ши Жиньпинтэй ч уулзаж магадгүй байна.
Блинкений айлчлал нь дараа дараагийн айлчлал, уулзалтуудын замыг засна гэж найдаж байна. Тухайлбал, энэ оны сүүлээр болох олон талт дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин, Жо Байден нар уулзаж магадгүй юм.
Энтони Блинкен Бээжинг зорихынхоо өмнө Баасан гаригт хэвлэлийн бага хурал хийж, үндсэн гурван зорилгоо танилцуулсан. Тодруулбал, хямралыг зохицуулах механизмыг бий болгох, АНУ болон холбоотнуудын ашиг сонирхлыг ахиулах, холбогдох асуудлуудын талаар шууд ярих, хамтын ажиллагааны боломжит салбаруудыг судлах гэсэн гурван үндсэн зорилготойгоор тэр Хятадад айлчилж байна. Мөн Хятадад хоригдож буй АНУ-ын иргэдийн асуудлыг улс төрийн зорилготой гэж үзэж байгаа талаар хэлэлцэнэ. Албаны хүний хэлснээр хоёр улсын хоорондын арилжааны нислэгийг нэмэгдүүлэх боломжийн талаар ч бас хэлэлцэж магадгүй аж.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ