Орчин үеийн хөл хөдөлгөөн, дуу шуугиантай амьдралаас залхсан, хөдөө орон нутагт амьдрахыг хүсдэг хүмүүст шинэ боломжууд гарч ирсээр байна. Тухайлбал, Ирландын үзэсгэлэнт арал дээр очиж суурьших боломжтой талаар "CNN" агентлаг мэдээлжээ.
Ирланд улс нь баруун эрэг орчмынхоо 20 гаруй үзэсгэлэнт арлыг сэргээх төлөвлөгөөтэй байгаагаа саяхан зарлав. Эдгээр арлын дотор Холливудын хит "The Banshees of Inisherin" киноноос та бидний таних болсон Инис Мор арал багтана. Мөн ирланд хэлээр ярьдаг 10 арал буюу Гаэлтахтын арлууд багтаж байна.
"Бидний амьд арлууд" нэртэй сэргээх төлөвлөгөөний хүрээнд сул болон эзэнгүй байшингуудыг тохижуулна. Хамгийн таатай нь тэнд очиж амьдрах хүсэлтэй хүмүүст 84 мянган евро буюу ойролцоогоор 92 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгох аж.
"Манай эргийн арлууд нь Ирландын хөдөөгийн болоод улсын өвийн салшгүй хэсэг юм. Эдгээр нь Ирландын соёлд онцгой ач холбогдолтой. Ирландын эрэг орчмын 30 орчим арал байдаг бөгөөд тэдгээр нь эх газартай гүүр эсвэл аливаа гарцаар холбогдоогүй байдаг. Сайн тээврийн үйлчилгээ, хөгжсөн дэд бүтэц нь арлын хүн амыг хадгалах чухал нөхцөл юм. Сэргээх төлөвлөгөөний зорилго нь олон жилийн турш эдгээр арал дээр тогтвортой, идэвхтэй амьдрах замаар арлыг цэцэглэн хөгжүүлэх явдал юм" гэж Ирландын засгийн газар мэдэгджээ.
Эх сурвалж: CNN