Африкийн орнуудын удирдагчид Баасан гаригт Украинд айлчилсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэд үргэлжлээд ОХУ-ын Санкт Петербург хотод айлчилж, ерөнхийлөгч Путинтэй уулзлаа. Путин Олон улсын эдийн засгийн форумд оролцохоор Санкт Петербургт хүрэлцэн ирээд байсан.
Айлчлалын багт Комор, Сенегал, Өмнөд Африк, Замби улсын ерөнхийлөгчид, Египетийн ерөнхий сайд, Бүгд найрамдах Конго, Угандагийн дээд төлөөлөгчид багтаж байна.
Гурван цаг үргэлжилсэн уулзалтын дараа Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ "Африкчуудын гаргасан энх тайвны төлөвлөгөө нь 10 зүйлээс бүрдсэн боловч цаасан дээр бичигдээгүй байна. Хямралын жинхэнэ шалтгааныг барууныхан бий болгосон гэдгийг өнөөдрийн хэлэлцээнээс Африкийн холбооны түншүүд ойлгосон нь хамгийн чухал" гэжээ.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ "Африкийн орнуудын дэвшүүлсэн энх тайвны санаачлагыг хэрэгжүүлэхэд маш хэцүү. Гэхдээ ерөнхийлөгч Путин үүнийг авч үзэх сонирхолтой байгаа. Тэр бидний байр суурийг хэлсэн. Бүх заалтыг бидний байр суурьтай уялдуулж болохгүй. Гэхдээ энэ нь үргэлжлүүлэн ажиллахгүй гэсэн үг бол биш" гэв.
Орос, Украины хүнс, бордооны нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байдаг Африкийн хувьд 10 зүйлт санаачлаг нь онцгой ач холбогдолтой аж. "Энэ мөргөлдөөн Африкт сөргөөр нөлөөлж байна. Бүх дайн дуусах ёстой, үүнийг хурдасгахад бид туслах хүсэлтэй байна. Энх тайванд хүрэх зам маш хэцүү. Энэ мөргөлдөөнийг хожим биш эртхэн дуусгах шаардлагатай" гэж Өмнөд Африкийн ерөнхийлөгч Кирилл Рамафоса хэлжээ.
Өмнөд Африк, Сенегал, Уганда улсууд мөргөлдөөнтэй холбоотойгоор ОХУ-ыг зэмлэхээс зайлсхийсэн бол Египет, Замби, Комор улсууд өнгөрсөн жил НҮБ-ын тогтоолд Оросын эсрэг санал өгсөн юм. Африкийн олон улс Москватай эртнээс ойр дотно харилцаатай байсан.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ