Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2023.06.18-нд нийтлэгдсэн

Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлууд

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудын хураангуйг хүргэж байна.

"ХҮСЭЛТ ГАРГАСАН ТОХИОЛДОЛД ХҮҮХДИЙН МӨНГИЙГ НӨХӨЖ ОЛГОНО"

УИХ-ын Ёс зүй, хариуцлагын байнгын хороо Мягмар гаригт хуралдаж, Монгол Улсын 2023 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийх үеэрээ хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхдэд олгоно, энэ оны нэгдүгээр сараас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд хүсэлт гаргасан тохиолдолд нөхөж олгоно гэлээ.

Мөн Нийгмийн даатгалын тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурь итгэлцүүрийг шинэчлэх замаар нэг мөр шийдвэрлэнэ. Үнийн өсөлттэй уялдуулж тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон. Тэтгэврийн зөрүүг арилгах, цалингийн итгэлцүүрийг шинэчилснээр 164,6 мянган хүний тэтгэвэр нэмэгдэх бол тэтгэврийн зөрүүг арилгасны дараах сууриас тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлснээр нийт тэтгэвэр авагч буюу 496,3 мянган хүн хамрагдаж, нийтдээ 394,6 тэрбум төгрөг нэмж зарцуулна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг мөн үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын тэтгэвэр авах эрх үүсээгүй хүнд олгох халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж тус бүр 288 мянган төгрөг байгааг 325 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх. Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж 84,5 мянган төгрөг байгааг 275 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асарч байгаа эцэг эхэд олгох тэтгэмжийг 275 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлнэ. Энэхүү арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 144,3 мянган хүн хамрагдах бөгөөд 89,8 тэрбум төгрөг нэмж зарцуулна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ҮАБЗ ИХ ТЭНГЭРТ ТӨВХНӨНӨ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл/ҮАБЗ/-ийг Их тэнгэр рүү шилжүүлэхээр болжээ. Одоогоор хэзээ Их тэнгэр рүү шилжүүлэх нь тодорхой бус  байна. Тус газарт байдаг хуучин барилгуудад засвар хийснээр ҮАБЗ-ийг байршуулахаар болжээ.

УИХ Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар 2024 оны УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдахаар болсон. Ингэхдээ УИХ-д 126 гишүүн сонгогдоно. Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүдийн тоо одоогийнхоос 50-аар нэмэгдэх болж буй юм. Энэ асуудалтай холбоотойгоор эхний удаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Их тэнгэр лүү шилжүүлэхээр болжээ.

Эл асуудалтай холбоотойгоор УИХ-аас ажлын хэсэг ажиллаж эхэлсэн гэдэг мэдээлэл ч байна. Тодруулбал, ажлын хэсэг шинэ парламент байгуулагдахад Төрийн ордондоо багталцахгүй байна гэх асуудал гаргуулахгүйгээр жин тан болгох үүрэг хүлээж буй аж.

Төрийн ордонд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гурван том институци байхаас гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мөн байрладаг юм.


ТЭД НҮҮРСНИЙ ХУЛГАЙГААР СОНСГОЛ ХИЙХИЙГ ЭСЭРГҮҮЦЖЭЭ!

Ерөнхий сайд авлигатай хийх тэмцэл үр дүнгээ өгч, нүүрсний далд авлига ил болсноор эдийн засгийн өсөлт иргэдийн гарт мэдрэгдэж эхэлснийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохдоо онцолсон. Гэвч нүүрсний хэрэг удаашралтай байхын зэрэгцээ нүүрсний гэх сонсголын ажлын хэсгийн гишүүд “унтаа” болсон. Угтаа бол энэ хавар нүүрсний сонсголыг өрнүүлж, авлигачдыг нийгмийн өмнө шударгаар шүүх ёстой байлаа. УИХ-ын гишүүн Н.Ганибал өчигдөр бүлгийн хурал дээрээ сонсголтой холбоотой ноцтой мэдээллийг хийсэн.

Тэрбээр “Нүүрсний дэд хорооны гишүүний хувьд дөрөвдүгээр сарын 6-нд нүүрсний сонсголыг хийнэ гэсэн хүлээлттэй байсан. Бидний зүгээс энэ асуудалд шинжээчийн дүгнэлттэй танилцаж, асуудлыг шийдэхийн төлөө ажилласан. Нийт 100 орчим хүнийг сонсгол дээр дуудаж, гэрчийн нэрсийг зарлах түр хорооны хурал дээр дарга Г.Ганболд гишүүн зургаан цаг хүлээлгэсэн. Сонсгол хийх өдрийн өмнөх өдөр. Тэгээд ирээд нүүрсний сонсголыг хойшлуулах санал оруулж, санал хураалгасан. Манай намаас хоёр гишүүн байсан учраас эсэргүүцсэн. Тэр цагаас хойш хуралдахгүй байна. Тухайн үед Ерөнхий сайд, УИХ-ын дарга тэргүүтэй намынхаа дарга нар дээр байж байгаад чиглэл авч хойшлуулсан. ХҮН намын дарга Т.Доржханд бас хурал хойшлуулахыг дэмжсэн" гэх мэдээллийг өгсөн юм.

Дээрх мэдээллээс МАН-ын эрх баригчид сонсголыг гацааж, хойшлуулж байгаа гэж дүгнэж болохоор. Тус хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Ганболд, бүрэлдэхүүнд Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Доржханд нар багтдаг.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"Л.ЧИНБАТ СЭЛЭНГЭ АЙМГИЙН 3 МАЛЧНЫГ МАШИНААРАА ДАЙРСАН"

Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахаар холбогдоход "Удахгүй мэдээлэл өгнө" гэв. Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзоригоос тодрууллаа. Тэрбээр "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат нь 300-350 гаруй адуу тууж, Дорнод, Сүхбаатар аймгуудаас гарал үүсэлгүй, малын халдварт өвчний голомттой газруудаар дайран Сэлэнгэ аймгийн нутаг руу орж ирсэн. Өчигдөр шөнөөс асуудал үүссэн.

Багийн ИНХ-ын дарга н.Ганцэцэг гэж хүнийг тус компанийн нэг ажилтан зодсон. Нутгийн иргэд халдварт өвчний голомттой бүс нутгаас гарал үүслийн бичиггүй олон тооны адуу оруулахгүй гэдэг тайлбарыг хэлсэн.

Л.Чинбат сумын нутаг дэвсгэр рүү нэвтрэхийг завдсан. Гарал үүслийг нь шалгахад байгаагүй. Өнөөдөр Цагаан нуур, Зүүнбүрэн сумын малчид нэгдэж, Л.Чинбатын адууг нутгаасаа гаргах шаардлага тавьж, гаргаж байсан чинь жийп машинтайгаа ирээд гурван иргэнийг дайрлаа. Нэг нь мотоцикльтай, хоёр нь морьтой байсан. Машинд мөргүүлсэн хүмүүсийн биеийн байдлыг одоо тодорхойлох боломжгүй. Эмнэлэгт дуудлага өгөөд нэг цаг гаруй болж байна. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд ирээгүй байна. Аймгийн Засаг дарга огт тоохгүй байна. Нутгийн иргэдэд Л.Чинбат хэлэхдээ "Адуугаа сумын нутагт заавал оруулна. Хараарай. Өөрийнхөө компани дээр ирж байна" гэж дарамталсан. Одоо "Гацуурт" компанийн бүх ажилчдаа цуглуулж байна" гэв.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


МОНГОЛЫН МОДОН ЖОРЛОНГ ОНЦЛОВ

Өмнөд Солонгосын "JTBC" суваг "Монгол дахь шуудан зөөгчид" нэртэй сонирхолтой шоу нэвтрүүлэг эхлүүлж байгаагаа зарласан. Энэ шоуны гол дүрүүдийн нэг бол БНСУ-ын алдартай жүжигчин Жан Хьюк, Ча Тэ Хьюн нар юм. Тэд Монголд өчигдөр /2023.06.15/ ирсэн бөгөөд нэвтрүүлгийн зураг авалтаар Алтай Таван богдод аялал хийхээр зорьсон байна. Алдартай уран бүтээлчид монгол ахуйтай танилцаж, нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрсдийн цахим хуудаснаа малчин айлын модон жорлонг онцолжээ. Иргэдийн зүгээс "Монгол Улс энэ жил нэг сая жуулчин хүлээж авна гэж том ярьж суухаар модон жорлонгоо сайжруулмаар байна" гэж шүүмжилж байна.

Өмнөд Солонгосын алдартай жүжигчин Монголд ирсэн тухай олон нийтийн сүлжээнд олон янзын сэтгэгдэл хөвөрнө. Тэр дунд модон жорлонгийн тухай санал шүүмж тодорхой хувийг эзлэх аж.

Мэдээж нүүдэлчин ахуйтай малчин айл хот суурин газарт амьдардаг айл шиг тохь тухтай суултуур, био жорлон ашиглах боломжгүй. Тиймээс аялал зохион байгуулж буй газраас энэ ялгааг тайлбарлаж, зөвөөр ойлгуулах нь бас чухал юм шиг ээ. Хэрэв тусгайлан нэвтрүүлэг бэлтгэж, айлаар зочлуулах гэж байгаа бол энэ асуудлыг ч гэсэн урьдчилан шийдэх боломжтой байсан. Энэ мэт асуудлаас болоод Монголыг зорих гадаад жуулчдын тоо л цөөрнө үү гэхээс нэмэгдэхгүй нь лавтай.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж