Импортоор нефтийн дагалдах бүтээгдэхүүн болох керосин зэргийг татваргүйгээр оруулж ирж, Монголд нэрэн хуурамч шатахуун үйлдвэрлэж борлуулдаг үйлдлийг таслан зогсоох зорилгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хоёр жил тэмцэж байж, парламентаар хууль батлуулсан юм. Тодруулбал, керосин зэрэг бүтээгдэхүүнд Онцгой албан татвар тогтоох тухай хуулийг батлуулсан. Харин Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа өчигдөр /2023.06.16/ энэ асуудлыг хэлэлцээд Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан юм. Ингэхдээ бизнесийн тэгш өрсөлдөх зарчмыг алдагдуулсан гэж дүгнэсэн билээ.
Эл шийдвэрийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нар эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Монголчуудын эд хөрөнгийг эвдээд зогсохгүй, эрүүл мэндийг хохироож байсан үйлдлийг хуулийн үйлчлэлээр зогсоосныг Цэц хүлээн авах нь монголчуудын эсрэг үйлдэл юм. Хуурамч шатахуун үйлдвэрлэдэг технологи нь баруун Европт байж байгаад Монголд үлдсэн. Угандад байсан нь иргэний дайн дуусангуут хөөж гаргасан. Монгол оршуулгын газар юм уу, Үндсэн хуулийн Цэц увайгүй үйлдлээсээ татгалзах ёстой. Авлига хээл хахууль ч байж болзошгүй.
Бизнесийн тэгш байдлыг хангах гэдэг байдлаар хуулин дээр хэрэг үүсгэж байгаа нь маш буруу. Дараагийн хурц тэмцэл рүү орно. Мөнгө угаалт явагдаад байгаа юм уу, хачин бизнес. Швейцарын иргэншилтэй нэг нөхөр Сингапураас бизнесээ хийж байдаг. Цэц гадаадынхны гар хөл болж байна. Бага дээр нь дарж авах ёстой” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Монгол Улс 1992 онд Ардчилсан Үндсэн хуулиа баталснаар мануулахаар Цэцийг байгуулсан. Гэтэл Цэц нь бизнес эрхлэгчдийн гар хөл болсон, монголчуудын эсрэг байгууллага болсон байна. Цэцийн шийдвэр нь хуурамч чанаргүй бензин хийж байгааг хөхүүлэн дэмжиж байна гэсэн үг. Монголчуудыг хохироож байгаа энэ үйлдлийг хязгаарлах зорилгоор Б.Пүрэвдорж гишүүн үйлээ барж хоёр жилийн өмнө хууль батлуултал Үндсэн хуулийн Цэц унагааж байна. Цэц эрх баригчдын гар хөл, мөнгөтэй бизнемэнүүдийн гар хөл болсон гэдгээ харууллаа” гэв.
Цэц: Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн
Үндсэн хуулийн цэц зургадугаар сарын 16-ны дунд суудлын хуралдаанаараа УИХ-аас 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 6, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 10 дахь заалтуудад газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосинд онцгой албан татвар ногдуулахаар нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргалаа гэв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ