С.Эрдэнэ: Би НДС-гаас нэг төгрөг ч идээгүй

С.Эрдэнэ: Би НДС-гаас нэг төгрөг ч идээгүй

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд өрнөсөн үйл явдлаар өрнүүлсэн онцлох зочдынхоо ярилцлагыг дахин хүргэж байна.


Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Хуулийн байгууллагаас танд хилийн хорих тавьсан байна. Ямар үндэслэлээр эрхээ хязгаарлуулах болов?

-Намайг хуулийн байгууллагаас шалгаад дөрвөн жил болж байна. Намайг өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сараас шалгахдаа гурван удаа л байцаалт авсан. Ингээд л байлгаад байдаг. Би өнгөрсөн жил хилийн хоригоо цуцлуулсан юм. Тэгсэн сая дахиад хилийн хориг тавьлаа л гэнэ. Одоо энэ долоо хоногт шүүхээр шилжүүлэх юм гэсэн.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үүсгэсэн хоёр зохиомол хэргээр дөрвөн жилийн хугацаанд шалгалаа.

Хэргийн мөрдөн шалгах хугацаа нь аль хэдийнэ дуусчихсан. Х.Баттулга 2021 оны гуравдугаар сард хэргийн хэрэгсэхгүй болгож, намайг "Ардчилсан намын тамгаа өг" гэсэн. Би өгөхгүй гэсэн чинь хэргийг дахин сэргээчихсэн. Улс төрийн зорилготой хэрэг.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үүсгэсэн хоёр зохиомол хэргээр дөрвөн жилийн хугацаанд шалгаж байна гэлээ. Хэргийн талаар тодруулбал?

-Би 2016 оны наймдугаар сард Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын ажлаа хүлээлгэн өгсөн. Тэр үед ямар ч банкин дээр эрсдэл үүсээгүй, Нийгмийн даатгалын санд хохирол учраагүй, ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн үед аудит, хууль хяналтын байгууллагаас шалгалт хийж, бүх ажлаа хүлээлгэж өгсөн. Гурван жилийн дараа 2019 онд "Капитал" банк дампуурахад дансанд нь 230 хэдэн тэрбум төгрөг байсан юм гэнэ лээ.

Тэрний 134 тэрбум нь Эрүүл мэндийн даатгалын сангийнх, 104 тэрбум төгрөг нь нийгмийн даатгалын байгууллагын мөнгө байсан.

Ажлаа хүлээлгэн өгснөөс хойшх гурван жилийн дараа "Капитал" банкинд байсан мөнгө надад ямар хамаатай юм бэ. Намайг анхнаасаа "Капитал" банкинд их хэмжээний мөнгө байршуулах ажиллагааг эхлүүлсэн гэсэн. Тийм юм гэж байхгүй. Надаас өмнө нь ч банкинд мөнгө байршуулж л байсан.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2655105/ энэхүү линк рүү нэвтэрч унших боломжтой.

"Тендерийн хууль жижгүүдийг боомилоход чиглэгддэг"

“Эрксис Инк” компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Мэнд-Оршихтой ярилцлаа.


-Н.Учрал төрийн дэмжлэггүйгээр олон улсын түвшинд өрсөлдөж буй цор ганц салбар гэж танайхыг тодотгосон. Та үүнтэй санал нийлэх үү?

-Цор ганц салбар мөн үү гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Хими, биологи зэрэг төрийн дэмжлэггүй салбарынхан бас байдаг л байх. Ер нь одоогоор тийм бодит олон улсын түвшинд өрсөлдөх тал дээр төрөөс ямарваа дэмжлэг байдаггүй. Бид өдийг хүртэл 13 жилийн хугацаанд IT-гийн салбарт Цахиурын хөндийд монгол инженерийн бүтээгдэхүүнийг гаргаж, ам.доллар олно гэж ярьсаар байгаа. Бид энийг  ирээдүйн гол гарцаа гэж хардаг.

Улсын эдийн засагт бодит ам.доллар орж ирж, амжилт гаргах өндөр магадлалтай. Гэхдээ төр засгаас тэр өнцгөөр хардаггүй нь үнэн.

Эсрэгээрээ жижиг эдийн засаг гэж хардаг болохоор олон улсад гарахад нь дэмжлэг үзүүлж байгаа юм алга. Сүүлийн жилүүдэд сайн сайхан юмс сонсогдох юм. Харамсалтай нь биелэл болж, компаниудад нэмэр болох тал дээр удаашралтай, тодорхойгүй, ойлгомжгүй байгаа гэж боддог.

-Дэлхий нийт энэ салбарт хүч, хөрөнгө хаяж байна. Энэ чиглэлийн ажлын байрны эрэлт их.  Ер нь IT чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн боловсон хүчин Монголд хэр олон бий вэ?

-Үнэн гэж хэлж болно. Одоо мэдээллийн технологийн салбарт хүн, компани бүр хошууран орж, өөрийн бизнес загварт таарсан хэлбэрээр IT-гийн компани болох гэж үзэж байгаа хувилбарууд ч байна. Жишээлбэл, “Таван богд” групп, “Номин Холдинг”, “MCS” зэрэг том групп компаниуд IT-гийн охин компани байгуулж, өрсөлдөж байна.

Өрсөлдөөн бий болж, ажлын байр зарлаж, бие биеэсээ ялгарахыг хичээж байна.

Тохилог оффис, ажлын цагт баригдахгүй, ажлын байрандаа хоолтой, зарим нь ажлын дөрвөн өдөртэй болно ч гэдэг юм уу хүн рүүгээ чиглэсэн бодлогыг  гол өрсөлдөөн гэж хардаг болсон байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2654501/ линкээр унших боломжтой.

"Ээж бас иргэн хүний хувьд Үндсэн хуулиар олгогдсон дуугүй байх эрхээ эдэлнэ

Иргэдийн  оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт орууллаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хууль нэгэнт батлагдаад бандан тас болчихлоо л доо. Гэсэн хэдий ч миний хувьд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал дээр эсрэг байр суурьтай байсан. Анхнаасаа 150 , 126 болгохыг ч эсэргүүцсэн. Ер нь бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй гэдэг байр суурийг хатуу баримталж байсан. Харин пропорциональ тогтолцооноос татгалздаг хүн байдаггүй. Монгол Улс мажоритар болон пропорциональ тогтолцоо аль алийг нь хэрэглэж байсан. Аль ч тогтолцоог нийгэм хүлээн зөвшөөрөхөд бэлэн. Энэ  бол нийгмийг хагаралд хүргэдэг сэдэв биш л дээ. Энэ утгаараа сонгуулийн тогтолцоо ямар байхаас үл хамаарч гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй гэдэг үзэл баримтлал дээр манай нам зогссон.

-Иргэдийн оролцооны нам Улсын дээд шүүхэд бүртгүүлээд жил орчим болж байна. Энэ хугацаанд үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах, намын гишүүдээ тэлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллав?

-Манай нам 2021 оны тавдугаар сарын 12-нд байгуулагдсан. Бид дээд шүүхэд намаа бүртгүүлэхэд бүтэн жил  зарцуулсан. Ингээд 2022 оны тавдугаар сарын 20-нд дээд шүүхэд бүртгүүлсэн. Өнгөрсөн хугацаанд нөхөн сонгууль зарлагдсан гурван газар сонгуульд оролцох хүсэлтээ илгээсэн. Баянгол дүүргийн хувьд орон нутгийн сонгуулиа зохион байгуулж чадахгүй Сонгуулийн хороо нь задарч, бутарсан учраас манай намаас бүртгүүлж чадаагүй. Сүхбаатар дүүрэг манай намын өргөдлийг бүртгээгүй учраас Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын тойрог дээр Иргэдийн оролцооны нэгдэл намаас анхны нэр дэвшигч маань нөхөн сонгуульд дэвшээд явж байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2655221/ линкээр унших боломжтой.

"Төсөв тодотгосноор макро өсөлтийг микро түвшинд авчирна"

УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа.


-Монгол Улсын Засгийн газраас 2023 оны төсөвт 1.8 их наяд төгрөгийн тодотгол хийхээр УИХ-д өргөн байна. Энэ жилийн төсвийг батлах үед шинэчлэлийн бас хэмнэлтийн төсөв болсон гэдгийг тодотгож байсан. Төсөв тодотгох үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүхий л шатанд бүх төрлийн хулгайтай тэмцэх тэмцлийг эхлүүлсэн. Энэ тэмцлийн үр дүнд өнөөдөр төсөвт тодотгол хийх орон зай гарч байгаа юм. Хамгийн гол нь нүүрс, Хөгжлийн банк, төмөр замын хулгай, авлигын асуудалтай нам харгалзахгүй тэмцэж байна. Тухайлбал, нүүрсний арилжааг биржээр явуулж эхэлсэн нь чухал үр дүнтэй ажил болсон. Энэ бүхний үр дүнд Монгол Улсын эдийн засагт олон эерэг үзүүлэлт гарсан нь эхний улиралд эдийн засаг 7.9 хувиар өссөн үзүүлэлтээс тодорхой харагдаж байна.  Энэ удаагийн төсвийн тодотголыг ямар нэгэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулах биш төрийн албан хаагчдын цалинг нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгахын тулд хийх гэж байна.

Энэ нь макро түвшний 7.9 хувийн өсөлтийг микро түвшинд буюу иргэдийн амьдралд авчирч байгаа асуудал. Учир нь “Эдийн засаг 7.9 хувь өссөн юм бол энэ өсөлт бидний амьдралд хэрхэн мэдрэгдэж байна вэ” гэж иргэд их асуудаг.

Тиймээс энэ удаагийн төсвийн тодотгол бол макро түвшний өсөлтийг өрх гэрийн, иргэдийн хаалгаар микро түвшинд оруулж ирж байгаагаараа онцлог.

-Энэ жилийн төсвийн батлахдаа 1.5 их наяд төгрөгийн хэмнэлт хийсэн гэж мэдэгдэж байсан. Гэтэл одоо 1.8 их наяд төгрөгөөр урсгал зардал нэмэхээр оруулж ирж байгаа нь зарчмаасаа ухарсан үйлдэл биш үү?

-Энэ жилийн буюу 2023 оны төсвийг батлах үед 1.5 их наяд төгрөгийн хэмнэсэн нь зөвхөн зардлын хэмнэлт байсан. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагуудын шатахууны зардал, цаасны зардал, томилолтын зардал гэх мэт үргүй зардлыг тэр хэрээр бууруулсан гэсэн үг. Цалин тэтгэврийг нэмэгдүүлж байгаа нь иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж байна гэсэн үг. Үүнийг дагаад иргэдийн худалдан авах чадвар сайжирч, эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг. Мөн эргээд татварын орлого өсөхөд ч нөлөөлдөг. Төсөвт тодотгол хийж иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх  нь макро эдийн засагт үржүүлэлтийн эерэг нөлөө авч ирэх талтай. Учир нь эдийн засгийн онолыг аваад үзвэл эрэлтийн өсөхөөр нийлүүлэлт өсдөг.

Хамгийн гол нь бид дан эрэлтээ нэмэгдүүлэх биш нэмэгдүүлсэн хэмжээгээрээ нийлүүлэлтээ ч бас нэмэх хэрэгтэй.  Үүний үр дүнд үнийн өсөлтөө саармагжуулж тэр орон зайн дээр нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт авч ирэх бололцоо байна.

Тиймээс энэ чиглэлд тодорхой хэмжээний эдийн засгийн тохиргоо хийх нь чухал.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2654901/ линкээр унших боломжтой.

"Мадуро маягийн удирдлагатай байгаадаа ичиж байна"

Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


-Монгол Улсын 2023 оны улсын төсөв батлагдах үйл явцад шинэчлэлийн төсөв болсон, 1.5 их наяд төгрөгийн хэмнэлт хийлээ гэж өөрсдийгөө магтаж суусан эрх баригчид гэнэт төсөвт тодотгол оруулахаар хэлэлцэж байна. Эдийн засагч хүний хувьд та үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Сүүлийн жилүүдэд эрх баригчид төсөв өргөн барихдаа тооцоо судалгаагүй төсөв өргөн бариад хэвшчихлээ. Өнгөрсөн жилүүдэд төсөвт 1-2 удаа тодотгол хийж ирсэн. Энэ жил ч мөн төсөвт тодотгол оруулахаар төслөө УИХ-д өргөн бариад байна. Жил бүр төсөв өргөн барих үед эдийн засагчид “төсвөө тооцоо судалгаатай боловсруулаач ээ. Та нарын хийсэн боловсруулсан төсөвт жил бүр тодотгол хийж байна. Өнгөрсөн жил буюу 2022 онд төсвийг хоёр удаа тодотгосон. Одоо 2023 оны төсөвт тодотгол хийхгүй биз дээ” хэмээн асууж байсан. Тэр үед “Тийм зүйл одоо байхгүй. Төсөвт жил бүр тодотгол хийдэг асуудал ард үлдсэн” гэж хариулж байсан. Харамсалтай нь, зургаан сарын дараа төсвийн тодотгол орж ирлээ. Хууль эрх зүйн хувьд төсөвт тодотгол хийх шалтаг шалтгаанаа тайлбарлахдаа Төсвийн тухай хуульд байхгүй зүйл заалтыг ярьж байна. Төсвийн тодотголыг хуулийн дагуу дөрвөн шалтгааны дагуу хийх ёстой. Гэтэл эрх баригчид “Төсвийн орлого нэмэгдсэн учраас төсөвт тодотгол хийж байна” гэж мэдэгдээд байгаа. Ийм хууль эрх зүйн үндэслэл байхгүй.

-Ямар нэгэн хууль зөрчсөн юм байхгүй гэж Сангийн сайд тайлбарлана лээ? 

-Энэ нөхдүүд ямар заль хэрэглэж байна гэхээр төсвийн тодотгол хийдэг дөрвөн зүйл дотроос төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийнэ гэх заалтын дагуу хийж байна хэмээн тайлбарлаж байгаа. Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийнэ гэж байгаа юм.  Ерөнхийлөн захирагч нар хоорондоо мөнгө төгрөгөө шилжүүлэх юм бол тодотгол хийж болдог. Өмнө нь төсвийн мөнгө хүрэлцэхгүй учраас тодотгож байсан бол энэ жил төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс илүү олсон учраас тодотгож байна гэж хэлж байна.

Үнэхээр ахиу орлого олсон юм бол тэр мөнгөөр Монгол Улсад шийдэх маш олон асуудал байна.  Бүр байг гэхэд төсвийн алдагдал болох 1.5 их наяд төгрөг байгаа. Тэгвэл төсвөө алдагдалгүй батлах боломж байна. Төсвийн алдагдал гэдэг нь  Монгол Улсын гадаад өрийг нэмэгдүүлэх гол шалтгаан болдог.

Улс орныхоо алс ирээдүйг харсан бодлогын арга хэмжээ төсөвт тусах ёстой гэж би хардаг. Гэтэл ямар ч бодлогын арга хэмжээ байхгүй байгаа нь өнөөдрийн өргөн барьсан төсвийн тодотголоос тодорхой харагдаж байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2655596/ линкээр унших боломжтой.

Д.Цогтбаатар: Мөнгө босголгүйгээр сонгууль болно гэж байхгүй

УИХ-ын гишүүн Д.Цогбаатартай УИХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар ярилцлаа.


-УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэг хүйсийн квотыг 40 хувь байлгах талаар нийгэмд олон талцал өрнөж байна. Та эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэхийг хувьдаа дэмждэг гишүүдийн нэг. Квотыг нэмэгдүүлснээр ямар өөрчлөлт гарах вэ?

-Би квотыг нэмэгдүүлэх нь зөв гэж бодож байна. Ер нь томоохон өөрчлөлт хийе гэж бодож байвал энэ харин томоохон өөрчлөлт шүү. Саяхан бид нар Алтай дамнасан тогтвортой хөгжлийн хурал хийлээ. Тэр хурал чинь жендерийн тэгш байдлын тухай хурал. Баахан гаднынхныг урьж авчирчхаад зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй. Өнөөдөр хурдтай өөрчлөгдөж буй дэлхийд зөв өөрчлөлтийн манлайд явж байх хэрэгтэй. Олон юмны манлайд бид явах хэцүү. Тэгвэл явж болох зөв зүйлийнхээ манлайд явж байх ёстой. Хоёрдугаарт, бид гаднынхны дэмжлэг, тэдэнтэй хамтарч ажиллахгүйгээр хурдацтай хөгжлийн тухай ярих боломжгүй.  Гадаад нөхцөл байдлаа орхилоо гэхэд бид цөөхүүлээ. Ажиллах хүчнийхээ нэг хэсгийг аль болох гүйцэт татан оролцуулж байж улс орон хөгжинө. Бид саяхан олон улсын хурал дээр жендерт суурилсан хүчирхийллийн тухай илтгэл танилцуулга хийсэн. Түүнийг эрчүүд уншиж үзмээр юм билээ. Ардчилал, хүний эрх хөгжөөд 30-аад жил болоход 2017 онд л бид анх гэр бүл хүчирхийллийн асуудлаар НҮБ-ын байгууллагаар санхүүжүүлж судалгаа хийлгэсэн юм билээ. Уг судалгаанд хоёр эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн гэсэн дүн гарсан. Гэр бүл, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн онцлог нь ихэнх нь тохиолдолд тэд ярьдаггүй.  Цаанаа тэрнээс их байгаа гэсэн үг. Энийг өөрчлөхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэвэл эмэгтэйчүүд хамгийн доод түвшнээсээ авхуулаад өндөр түвшинд  тэд оролцож, анхаарч байж өөрчлөлт бий болно. Эрчүүд сайн муудаа биш зарим асуудлыг анзаардаггүй юм байна. Бүгдээрээ Монголд хүний эрх сайхан байна,  гудамжинд үгээ хэлэх эрх чөлөөтэй байгаа учраас хүний эрх болчихлоо гэж ойлгоод байдаг. Гэтэл хамгийн чимээгүй буланд хүний эрх ноцтой зөрчигдөж байна. Ийм шударга бус байдалтай эвлэрээд яваад байх уу. Нөгөө талаар өнөө цагт эмэгтэйчүүд, эрчүүдээс илүү боловсролтой байна.  Хувийн салбарт, төрийн салбарт ч тэр албан тушаал ахихад хэд дахин хүчин чармайлт гаргаж илүү мэдлэгтэй байж эрэгтэй хүнтэй адилхан түвшинд байна. Энэ чинь шударга биш шүү дээ. Энийг өөрчлөх ёстой гэж бодож байна.

-Сонгуулийн тухай хуульд тусгагдсанаар жагсаалтад нэр дэвшигчид  намдаа хандив өгдөг байдлыг хуулиар нээгээд өгчихлөө шүү дээ?

-Өшөө зөндөө асуудал гарч ирнэ. Эхнээсээ л жагсаалт нээлттэй ил тод байж чадах уу, хамгийн нэр цэвэр гоё хүмүүсээ дэвшүүлнэ гэсэн.

Гэтэл Үндсэн хууль батлагдаад 200 цаг бололгүй жагсаалт зарагдаж байна ч гэх шиг яриа гарч эхэлж байгаа биз дээ.

Жагсаалтын эрэмбэ зарагдаж байна гэнэ үү, нам зарагдлаа гэдэг хоёр төрлийн ноцтой мөнгөн хуваарилалтын, улс төрөөр бизнес хийх асуудал сонгуулиас  өмнө яригдаж байна. Энэ мэтчилэн сул талууд гарч ирнэ. Харин сонгууль бол тодорхой хэмжээгээр мөнгө босгож байж явна. Том, жижиг нам ялгаагүй. Хүмүүс мөнгөгүй сонгууль гэж яриад байгаа. Тийм диваажингийн юм байхгүй.  Ардчилсан тогтолцоотой улс орнуудад мөнгө босголгүйгээр сонгууль болно гэж байдаггүй. Наад зах нь зурагт телевизээр гарахад чинь нам өөрийнхөө сурталчилгааг цацуулна шүү дээ. Тэр нь минут секунтээр хэмжигдэнэ. Мөнгө, санхүүжилт босгох нь зүй ёсны хэрэг. Хамгийн гол нь ил тод байх хэрэгтэй. Тэгж байж мөнгөний улс төр багасна.  Мөнгөний сонгууль алга болно гэдэг ойлголт байхгүй. Яагаад гэвэл зах зээлд сурталчилгаа хийлгэхэд та нар үнэгүй хийж өгөхгүй биз дээ? Хэвлэх үйлдвэрт очоод хэвлүүлэхэд хэн ч үнэгүй хийж өгөхгүй. Тэгэхээр чөлөөт зах зээлд үйлчилгээ авахдаа төлбөр төлнө. Мөнгө босгох процесс ил тод байх хэрэгтэй.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2655727/ линкээр унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-17 202.9.40.143

Байнга сэтгэгдэл бичдэг нэг нөхөр ямар ч хамаагүй сэдэв бичигдсэн байхад л "з**х*й эмс шургалсан байгшууллагыг тараая" гэж бичих юм. Ард түмэн УИХ-ыг сонгочихсон байхад таны хүсэлтээр тараана гэж байхгүй шүү дээ. Хэрэггүй юм мөрөөдөж байхаар ирэх оны сонгуульдаа л бэлдэх хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2023-06-17 213.87.148.159

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-17 64.119.27.76

Эрдэнээ идээгүй гэнээ ( Танхим нэр хийтэл инээв)

Avatar

Нэргүй 2023-06-17 103.57.93.37

Ха ха цайрсан өлөн хулгайчид гэмгүй нэгэн болох гэж ядчих жүжиглэлт

Avatar

Зочин 2023-06-17 202.21.108.18

Ц.Оюунгэрэл одоо Монголын амьдрал мэдэхгүй.Гадаад хөгшин нөхөр дагаад арилсан.

Avatar

Зочин 2023-06-17 202.21.108.18

С.Эрдэнэ НДС-с мөнгө аваагүй нь үнэн.Яагаад гэвэл НДСан аль хэдийн хоосорсон.Учир нь цэргийн бүх хүмүүс улсад НД шимгэл төлөхгүй, тэтгэвэрт гарахдаа цалингийн хамгийн өндөр 80%-р бодож гардаг,тэгээд болоогүй цолны гэж нэмэгдэл авна.Бас давхар ажилгүй байсан гэж байгаад хувь тэнцүүлсэнээр тэтгэвэрт гарна.Энгийн НДШимтгэл төлсөн хүмүүсээс илүү их тэтгэвэр авдаг юм.Шимтгэл төлөөгүй мөртлөө их мөнгө НДС-с авч байгаа юм чинь С.Эрдэнэ энэ хоосон сангаас юугаа авдаг юм.С.Эрдэнэ гадаадад хаашаа явах вэ

Avatar

Нэргүй 2023-06-17 202.131.238.26

Уучлаарай, тайлбар хийх боломж алга

Avatar

Нэргүй 2023-06-17 202.55.188.110

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая

Avatar

Нэргүй 2023-06-17 103.254.123.149

их цэцэн хүн юмаа даа,та

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж