Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO 2023” 06 дугаар сарын 09,10,11-ний өдрүүдэд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд гурван өдрийн турш амжилттай болж, 185476 иргэд үзэж сонирхсон байна.
Арга хэмжээг Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам санаачлан ерөнхий зохион байгуулагчаар Мэдээлэл,Технологийн Үндэсний Парк, дэмжигч байгууллагаар Боловсрол Шинжлэх Ухааны яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, хамтран зохион байгуулагчаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд тус тус ажиллаа.
- Экспод 194 орчим байгууллага оролцон, 885 гаруй гэрээ хэлэлцээр хийгдэн, салбарын холбогдох хүмүүс хамтын ажиллагаагаа өргөжүүлжээ.
- Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд гурван өдрийн турш эдгээр байгууллагууд өөрсдийн оюун санаагаараа бүтээсэн 492 шинэ технологио олон нийтэд танилцуулж,
- Гадаадын болон дотоодын байгууллагуудтай гэрээ хэлцэл байгуулан 4,8 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 6,9 тэрбум төгрөгийн экспортын гэрээ байгуулжээ.
- Зохион байгуулалтад 413 хүн оролцсоноос ерөнхий зохион байгуулагч хийсэн МТҮП-аас 33 ажилтан, сайн дурын 200 оюутан, залуус, харуул хамгаалалтын 81, онцгой байдал, эмч эмнэлгийн ажилтнууд 47, хамтран ажилласан 24, медиа спонсор 28 байгууллага гэсэн тоо гарсан байна.
- Экспог онлайнаар болон өөрийн биеэр үзсэн үзэгчдийн тоо давхардсан байдлаар 2,627,607-д хүрчээ. Энэ жилийн экспо цаасгүй болсон гэдгээрээ онцлог байв. Үр дүнд нь 216 модыг хэмнэж, байгаль дэлхийдээ ээлтэй байх гэсэн зорилгоо биелүүлэв.
Монгол Улсад 16 дахь жилдээ болж буй энэ удаагийн экспогийн гол зорилго нь оролцогч бүрийн эрх ашгийг дээдлэн, бүх нийтэд хүртээмжтэй байдлаар, эх дэлхийд ээлтэй, ухаалаг шийдлүүдийг ашиглан Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг олон улсад сурталчлан таниулж, үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулахад оршино. Түүнчлэн энэ жилийн экспод олон улсын томоохон төлөөллүүд албан ёсоор оролцож байгаагаараа онцлог боллоо. Олон улсын хэмжээнд Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн цахим шилжилтийн санаачилга, ололт амжилтыг олон улсад сурталчлан таниулах, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын бизнес эрхлэгчдийг гадаад орны төрийн байгууллага, бизнес эрхлэгчидтэй холбох, гадаадын хөрөнгө оруулагч, зөвлөхүүдтэй хамтран ажиллах боломжийг нээх зэрэгт өндөр ач холбогдол өгч, өргөн цар хүрээнд зохион байгуулав.
“ICT Expo 2023”-н хүрээнд 06 дугаар сарын 08-нд салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбаруудтай уялдаа холбоог нягтруулах бодлогын илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөсөн форум зохион байгуулагдсан юм. Форумын арга хэмжээг Dell, Microsoft компаниуд дэмжин ажилласан бол Google, Naver, Huawei, Amazon зэрэг компаниудын томоохон төлөөллүүд экспо болон форумын үйл ажиллагаанд оролцов.
Түүнчлэн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн Газрын урилгаар Монгол улсад хүрэлцэн ирсэн бүс нутгийн улс орны цахим хөгжлийн сайд, бусад албаны төлөөлөл, Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын бүс хариуцсан захирлууд “Хүртээмжтэй, инновацлаг, цахим эдийн засаг”-ийг хамтдаа бүтээх уриалгад нэгдэж гарын үсэг зурсан нь энэ удаагийн экспогийн чухал үйл ажиллагаануудын нэг байв.
Технологийн дэвшил бидний бүтээмжийг өсгөж, амьдралыг илүү хялбар болгож байна. Гэвч нөгөөтээгүүр хүмүүс дунд технофоби буюу технологиос айх айдас дэлгэрч байна. Энэ нь технологийг хэцүү гэж ойлгон шинээр гарч ирсэн технологийг хэрэглэхээс айх, технологийн дэвшлийн сөрөг нөлөө нь хүн төрөлхтөнд аюул тарина гэсэн итгэл үнэмшил юм. Иймд “ICT Expo 2023”-т оролцож буй байгууллагууд технологи бол энгийн гэдгийг хүн бүрд ойлгуулахаар “Tech is….” агуулга дор нэгдсэн билээ. Уг агуулга дор экспод оролцож буй 190 гаруй байгууллага нэгдсэн байна.
Стратегийн түнш, Ерөнхий тэтгэгч, Ивээн тэтгэгчээр ажилласан бүх байгууллагууд, хувь хүмүүстээ баярлалаа.
Мөн Дэмжигч байгууллагууд, Хамтран зохион байгуулагч та бүгддээ бүгдэд нь талархал илэрхийлье.
“ICT EXPO 2023”-н стратегийн түнш:
- TESO
- ICT GROUP
- ONDO
Ерөнхий ивээн тэтгэгч:
- Хаан банк
- Unitel
- Ard App
- M Bank
Ивээн тэтгэгч:
- NAVER
- AWS (Amazon)
- Upwads
- Intersputnik
- Huawei
- Mobicom
- Skytel
- G-Mobile
- Голомт банк
- Interactive
- MongolSat Networks
- OptimalNMax
- Callpro
- Fibo Cloud
Холбоотой мэдээ