Өмнөд Солонгосын "JTBC" суваг "Монгол дахь шуудан зөөгчид" нэртэй сонирхолтой шоу нэвтрүүлэг эхлүүлж байгаагаа зарласан. Энэ шоуны гол дүрүүдийн нэг бол БНСУ-ын алдартай жүжигчин Жан Хьюк, Ча Тэ Хьюн нар юм. Тэд Монголд өчигдөр /2023.06.15/ ирсэн бөгөөд нэвтрүүлгийн зураг авалтаар Алтай Таван богдод аялал хийхээр зорьсон байна. Алдартай уран бүтээлчид монгол ахуйтай танилцаж, нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрсдийн цахим хуудаснаа малчин айлын модон жорлонг онцолжээ. Иргэдийн зүгээс "Монгол Улс энэ жил нэг сая жуулчин хүлээж авна гэж том ярьж суухаар модон жорлонгоо сайжруулмаар байна" гэж шүүмжилж байна.
Өмнөд Солонгосын алдартай жүжигчин Монголд ирсэн тухай олон нийтийн сүлжээнд олон янзын сэтгэгдэл хөвөрнө. Тэр дунд модон жорлонгийн тухай санал шүүмж тодорхой хувийг эзлэх аж.
Мэдээж нүүдэлчин ахуйтай малчин айл хот суурин газарт амьдардаг айл шиг тохь тухтай суултуур, био жорлон ашиглах боломжгүй. Тиймээс аялал зохион байгуулж буй газраас энэ ялгааг тайлбарлаж, зөвөөр ойлгуулах нь бас чухал юм шиг ээ. Хэрэв тусгайлан нэвтрүүлэг бэлтгэж, айлаар зочлуулах гэж байгаа бол энэ асуудлыг ч гэсэн урьдчилан шийдэх боломжтой байсан. Энэ мэт асуудлаас болоод Монголыг зорих гадаад жуулчдын тоо л цөөрнө үү гэхээс нэмэгдэхгүй нь лавтай.
Салбарын сайд Б.Бат-Эрдэнэ өмнө нь ярилцлага өгөхдөө "Бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс таван цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна.
Аялал жуулчлалын өртөгийг өндөрсгөдөг агаарын тээврийн үнэд нөлөөлөлгүйгээр зорчдог ойрын дөрвөн орон бол энэ БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс юм. Эдгээр улсын жуулчдын тоог нэмээд үзхээр 238 сая жуулчин байна. Үүнээс нэг сая жуулчин авах боломжтой юу гэдэг тоон дээр л бид ажиллаж байна" гэж том тоо хэлсэн удаатай.
Холбоотой мэдээ