Балмад баатар, боомилуулсан амьд явах эрх

Хуучирсан мэдээ: 2023.06.16-нд нийтлэгдсэн

Балмад баатар, боомилуулсан амьд явах эрх

Балмад баатар, боомилуулсан амьд явах эрх

Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно.

/Монгол Улсын Үндсэн хууль, 1992 он, Арван зургадугаар зүйлийн 1/

Сүүлийн үед нийгмийг бухимдуулж, олны сэтгэлийг эмзэглүүлсэн хүний эрхийн асуудал ар араасаа хөндөгдөв. Монголд цагдаа том байна. Тэдний үзэмжээр аливаа асуудал шийдэгддэг болов. Түүний нэгэн жишээ Хөдөлмөрийн баатрын хэрэг болов. "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат малчдыг машинаараа хөөн элдсэн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Гэтэл "Долоох гээд долоовроо идчив" гэдэг шиг Л.Чинбатын өмгөөлөгч нь, морьтой болоод мотоциклтой хүн дайраагүйг хариуцлагатайгаар мэдэгджээ. Дайраагүй байж болно. Гэхдээ дайрахаар давхиж буй бичлэг бол факт. Үүнийг хуулийн хүрээнд амь насанд халдахыг завдсан гэж үздэг. Цар тахлын үед нийтийн эрх ашгийн төлөө нэрийдлээр хүний эрхийг уландаа гишгэлж, албан тушаалтан, энгийн иргэн хоёрт алагчилсан байдлаар хуулийн хариуцлага хүлээлгэсэн удаа дараагийн үйлдэл нь хөрөнгө чинээтэй, өндөр албан тушаалтны ойр дотныхон энгийн иргэдийг чоно авладаг шиг машинаар хөөдөг болов.

Үүнээс хэдхэн хоногийн өмнөхөн Өмнөд Солонгос улсад гурван настай монгол хүүхдийг албадан нутаг буцаахаас өмнө 18 хоног саатуулсан бичлэг цахим сүлжээнд тарсан. Эдгээр бичлэгийг үзсэн хэнд  ч монгол хүний амь нас, эрүүл мэнд хөсөр хаягдсан гэдгийг харуулах аж. Монголчууд өнөөдөр харь оронд битгий хэл эх орондоо ч амьд явах эрхээ эдэлж чадахгүй байна.

КЕЙС 1: "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат улаан цайм жийп машинтай морьтой малчинг хөөж буй бичлэг нь цацагдсан байхад Монгол төрийн цагдаа хайхарсангүй.

Адуу тууж ирсэн улсын харцага Ө.Даваабаатарыг эрэн сурвалжилж, тайлбар мэдүүлэг авсны дараа хэрэг нээж шалгах сурагтай. Угтаа гарал үүслийн бичиггүй олон тооны адуу тууж, Сэлэнгэ аймгийн нутагт оруулж ирсэн хэрэг 1000 дахь асуудал. Харин малчдыг дайрахыг завдсан эрхтэн дархтанг шалгах асуудал нэг номерт байх ёстойсон.

Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг мэдээлэл өгөхдөө "Улаанбаатар хотоос цагдаа нар ирээгүй. Аймгийн цагдаагийн байгууллагаас суманд ирсэн. Зарим хэвлэлд хуулийн байгууллагад Л.Чинбатыг биш намайг шалгахаар болсон гэсэн мэдээлэл цацагдаж байна. Надад дарамт шахалт ирсэн талаар нарийн мэдээлэл өгмөөргүй байна. Гарал үүслийн бичиггүй олон тооны адуу байдаг газраа байна. Адууг улсын харцага Ө.Даваабаатар тууж, Л.Чинбатын компанийн газар авч ирсэн.

Аймгийн ЗДТГ болон сум орон нутгийн удирдлагуудаас шийдтэй арга хэмжээ авч байгаа зүйл алга" гэсэн юм. Эндээс харахад энэ хэргийн буруутан жирийн иргэд болж ч магадгүй нь. Тийм айдас дарамтад өртөж байгаагаа ч тухайн орон нутгийн иргэд хэлж байгаа юм.

КЕЙС 2: Өмнөд Солонгос улсад гурван настай монгол хүүхдийг албадан нутаг буцаахаас өмнө 18 хоног саатуулсан бичлэг цахим сүлжээнд тарсан. Тус улсын Жинбо намаас өнгөрсөн Лхагва гаригт мэдэгдэл гаргахдаа Хууль зүйн яамыг хүүхдийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрхийг зөрчсөн гэжээ. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Консулын газар биш. БНСУ-ын улс төрийн нам монгол хүний эрхийн төлөө дуугарчээ.

Энэ талаар холбогдох газруудаас тодруулахад "Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон хэрэг. Одоо хүү аавын хамт эх орондоо ирсэн байгаа. Зарим мэдээллүүд худлаа. Солонгосын Хууль зүйн яамнаас дээрх бичлэгэд тайлбар хийсэн" гэдэг мэдээлийг өгсөн юм.

Хүүхдийг 22 настай аавынх нь хамт саатуулсан. 18 хоногийн гуравт нь газар доорх хоргодох байранд, 15-д нь Кёнги мужийн Сувон дахь цагаачдын саатуулах төвд байжээ. Аав нь хүчинтэй визгүйгээр Өмнөд Солонгост оршин сууж байсан. Өмнөд Солонгост дутуу төрсөн хүүгийнхээ эмчилгээний зардлыг төлөхийн тулд аав нь тэнд хоёр жил гаруй ажилласан гэх мэдээлэл байна. Хоригдож байх хугацаанд хүүхдийн гэдэс өвдөж, хүүхдийн эмчид хоёр ч удаа үзүүлжээ. Гэвч батлан даалтад гаргах ар гэрийнхнийх нь хүсэлтийг зөвшөөрөөгүй байна. Улмаар 17 дахь өдрөөс хүүхдийн бие муудаж, хоолонд дургүй болсон.
Тиймээс аав нь Хүний эрхийн үндэсний комисст дөрөвдүгээр сарын 19-нд гомдол гаргажээ. Гомдол гаргасны маргааш нь аав, хүүхэд хоёрыг шилжүүлэн өгөхөөр Инчоны нисэх онгоцны буудал руу явуулжээ.
Гэтэл энэ асуудлыг хариуцсан яам, албан тушаалтнууд "худлаа" гэх үгээр ам таглаад сууж байна. Угтаа бол улсынх нь иргэн, тэр дундаа өөрийгөө хамгаалж, эрхээ мэдэхгүй хүүхдийн эрх зөрчигдсөн явдлыг гаргуулахгүйн тулд тэрхүү яам, албан тушаалтан ажиллах ёстой. Тийм ч үүрэгтэй. Тийм байтал ажлаа хийсэн шиг хийгээгүй хэр нь авдаг цалингаа, элдэв хангамж, эрхээ эдлээд л сууж байна. Монголын цагдаа ч ялгаагүй төрийн тусгай албан хаагчдаас хамгийн өндөр цалинтай. Тэднийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж, буруутныг зогсоож, хохирогчийг хамгаал гэж тийм цалин өгдөг. Гэтэл энэ талаар албан ёсны мэдээлэл ч гаргасангүй. Албаныхан нь утсаа авахгүй таг чиг. Хийх ёстой ажлаа хийснийгээ гавъяа байгуулсан мэтээр магтан тараадаг цагдаагийнхан хийх ёстой ажлаа хийгээгүйнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй бололтой.
Жирийн жагсаал хийсэн залууг камер хариулж байгаад өшиглөх нь энүүхэнд байдаг цагдаагийнхан машинаар хүн дайрахаар хөөсөн Л.Чинбатад ямар хариуцлага тооцохыг хамтдаа харцгаах л үлдлээ.
Хэрэвзээ энэ хэргийг иргэн хоорондоо маргаан гээд өнгөрөөвөл дараа нь эрдэж, бярдсан эрх мэдэлтэн, албан тушаалтан, мөнгөтэй, хөрөнгөтэй этгээдийн гарт энгийн иргэдийн амь, нас эрүүл мэндийг өөгшүүлсэн хэрэг болно. Энэ утгаараа ийм төрлийг хэргийг даруй таслан зогсоох хэрэгтэй. Хууль, хяналтынхан хүний эрхийн мэдрэмжтэй байж хэрэг гарсан даруйд шударгаар шийдэхгүй аваас иргэд өөрсдийнхөөрөө асуудлыг шийдэж эхэлдэг. Энэ нь нийгэмд ямар хөнөөлтэйг эрх мэдэлтнүүд мэддэг л баймаар…   

Эцэст нь та бүхнээс асууя.

-Монгол хүн амьд явах эрхээ эдэлж чадаж байна уу. Хууль хүн бүхэнд эрх тэгш үйлчилж байна уу?

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж