Монголын нэр бүхий төрийн албан хаагч ажлын айлчлал хийж байх үедээ бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжигтнээр татагдсан болохыг Өмнөд Солонгосын "KBS"телевиз /2023.06.05/ мэдээлсэн. Солонгос иргэдийн зүгээс Монголын төрийн албан хаагчдыг Солонгост нэвтрүүлэхгүй байх санал сэтгэгдлийг олон нийтийн сүлжээнд бичиж байв. Энэ хэргийн явцын талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүнээс тодруулахад "Сэлэнгэ аймгийн орлогч даргатай холбоотой хэргийг шалгаад дуусч байна. Хохирогчийн мэдүүлгээс их зүйл шалтгаална. Суугаа орны хуулийн дагуу шийдвэрлэнэ. Энэ хэргээс болж монгол иргэдийн виз гаргахгүй байх асуудал үүсээгүй. Тийм асуудал огт байхгүй. Манайд албан ёсоор энэ асуудлаар хандсан иргэн байхгүй" гэв.
Хэргийг тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогчийг Чэжү аралд хийсэн айлчлалынхаа үеэр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутган цагдаа нар баривчилсан.
Монголын язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрийн хамт зочилсон албаныхныг тус арлын удирдлагууд хүндэтгэлтэй хүлээн авч уулзсан байна. Тэд үйл ажиллагаа дуусаад буудалд амрахдаа архидан согтуурч улмаар орлогч дарга орчуулагчаар ажиллаж байсан монгол эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаад байгаа юм.
БНСУ-ын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг хэргийн талаар мэдээлэхдээ “Тухайн үед хохирогч өрөөнөөсөө гарч буудлын ажилчдаас тусламж хүссэн бөгөөд тэр даруй цагдаа дуудсан. Сэжигтэн нь өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Чежү арлын чуулганд айлчилсан Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Засаг даргын төлөөлөгчдийг мөн дагалдан явсан хүн юм. Тэрбээр үйлдвэрлэл, соёлын солилцоог өргөжүүлэхэд манлайлан оролцож байсан хүн“ гэж мэдээлж байв.
БНСУ-ын виз мэдүүлэх болон тус улсад зорчиж буй иргэдийн анхааралд:
- БНСУ-ын виз мэдүүлж байгаа иргэн нэн тэргүүнд өөрийн зорилгод нийцсэн ангиллын визийг мэдүүлэх, баримт бичгийн бүрдлийг үнэн зөв, сайтар хангаж, зорчих зорилгоо бүрэн тодорхойлох шаардлагатай /Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудаснаас авна уу/.
- Виз мэдүүлж байгаа иргэний гэр бүлийн гишүүн, ойрын төрөл садан нь БНСУ-д визийн хугацаа хэтрүүлж оршин сууж байгаа эсхүл оршин сууж байсан, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан тохиолдолд виз мэдүүлэгчид виз олгохоос татгалзах магадлалтайг анхаарна уу.
- Зохих ангиллын виз авч БНСУ-руу зорчиж буй иргэд өөрийн аяллын зорилгыг нотлох баримт бичиг, тус улсад байх хугацаандаа байрлах газар, зочид буудлын баталгаажсан захиалга, хаягийг сайтар бэлтгэн биедээ авч явахыг анхаарна уу. Виз мэдүүлэх үедээ өгсөн мэдээллээ өөрчлөх, очоод байрлах хаягаа тодорхой хэлж чадахгүй байх, аяллын зорилгоо тодорхойлж, нотолж чадахгүй зэрэг нь БНСУ-ын хилээр гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог.
- БНСУ-ын ЭСЯ-наас олгосон виз нь тус улсын хилээр нэвтрэх бүрэн баталгаа биш бөгөөд аливаа улсын Хилийн шалган нэвтрүүлэх алба, Цагаачлалын алба нь гадаадын иргэнийг өөрийн улсын хилээр нэвтрүүлэх эсэх асуудлыг газар дээр нь буюу хилийн шалган нэвтрүүлэх цэгт шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг. Өөрийн улсын дотоодын хууль, тогтоомжийн хүрээнд хийж буй энэхүү ажиллагаанд аливаа гадаад улсын төрийн байгууллага, хувь хүн хөндлөнгөөс оролцох боломжгүй.
- БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр 2023 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсын 55.329 иргэн тус улсад оршин сууж байгаагаас 17.749 иргэн буюу 32 хувь нь визийн хугацаа, нөхцөлийг зөрчин оршин сууж байна. Түүнчлэн, өдөрт дунджаар 70 орчим монгол иргэн БНСУ-д оршин суух визийн хугацаагаа хэтрүүлж байгаа нь тус улсыг зорих, виз мэдүүлэх манай иргэдэд сөргөөр нөлөөлж байгаа талаар мэдээлсэн болно.
Иймд, БНСУ руу зорчиж буй иргэд зорчих зорилгодоо нийцүүлэн, визийн хугацаагаа хэтрүүлэхгүй зорчиж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг чанд дагаж мөрдөхийг уриалж байна. Гадаад харилцааны яамны зүгээс иргэдийнхээ БНСУ-д зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэжээ.
Холбоотой мэдээ