Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ"2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр 13:20 цагт "Гарал үүслийн бичиггүй адуу оруулах гээд байна, оруулахгүй гэхэд манай ажилчдыг дайрна гээд хөөгөөд байна гэх" дуудлага ирсэн. Мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын хоёрдугаар багт аймгийн төвөөс тус сум руу цагдаагийн газрын бүрэлдэхүүн ажиллахаар явсан байна. Хойшлуулшгүй ажиллагаа дуусаагүй байна" гэсэн юм.
Цагдаагийн ерөнхий газраас албаныхан Сэлэнгэ аймагт очсон эсэхийг Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзоригоос тодруулахад "Улаанбаатар хотоос цагдаа нар ирээгүй. Аймгийн цагдаагийн байгууллагаас суманд ирсэн. Зарим хэвлэлд хуулийн байгууллагад Л.Чинбатыг биш намайг шалгахаар болсон гэсэн мэдээлэл цацагдаж байна. Надад дарамт шахалт ирсэн талаар нарийн мэдээлэл өгмөөргүй байна. Гарал үүслийн бичиггүй олон тооны адуу байдаг газраа байна. Адууг улсын харцага Ө.Даваабаатар тууж, Л.Чинбатын компанийн газар авч ирсэн.
Аймгийн ЗДТГ болон сум орон нутгийн удирдлагуудаас шийдтэй арга хэмжээ авч байгаа зүйл алга. Машинаар хөөлгөж, мөргүүлсэн Зүүнбүрэн сумын гурван иргэнийг эмнэлгийн байгууллага аваад явсан" гэв.
Хуульч Б.Баяраа "Иргэн хүн болгон хуулийн байгууллагын шүүн таслах ажиллагааг гартаа авч, дураараа авирлаж болохгүй. Цагдаагийн байгууллагад хандаж, гомдол саналаа зохих ёсоор нь гаргах ёстой. Тэрнээс биш иргэнийг машинаараа элдэж хөөж болохгүй л дээ. Хэн ч байсан ийм үйлдэл гаргаж болохгүй" гэсэн юм.
"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат нь 300-350 гаруй адуу тууж, Дорнод, Сүхбаатар аймгуудаас гарал үүсэлгүй, малын халдварт өвчний голомттой газруудаар дайран Сэлэнгэ аймгийн нутаг руу орж ирсэнд орон нутгийн иргэд эсэргүүцэж, шаардлага тавьсан гэдэг мэдээллийг өгч байв. Тэгвэл "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан тайлбар хийхдээ "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан" гэсэн.
Харин түүний өмгөөлөгч О.Батсүх хэвлэлд ярилцлага өгөхдөө "Миний хувьд хариуцлагатайгаар мэдэгдэхэд “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нь цахим орчинд тавигдсан бичлэг дээрх шиг дээрх хоёр хүнийг дайраагүй бөгөөд тус бичлэг нь болсон үйл явдлын зөвхөн өөрсдийгөө хохирсон мэтээр харагдуулах гэсэн хэсгийг тасалж тавьсан гэдгийг дахин хэлмээр байна. Хэрэв тухайн бичлэг бүтнээрээ байсан бол ийм үйл явдал огт болоогүй гэдэг нь харагдах байсан. Тиймээс дээрх бичлэгийг зохион байгуулалттайгаар тасалж тавьсан гэдгийг хэлмээр байна" гэж онцолжээ.
Холбоотой мэдээ