Н.Мөнхбат: Нотлох баримтууд эргэлзээтэй тул цагаатгаж өгнө үү?

Хуучирсан мэдээ: 2023.06.16-нд нийтлэгдсэн

LiveН.Мөнхбат: Нотлох баримтууд эргэлзээтэй тул цагаатгаж өгнө үү?

 

18 : 15
2023-6-16

Н.Мөнхбат: Нотлох баримтууд эргэлзээтэй тул цагаатгаж өгнө үү?

Хөгжлийн банктай холбогдох шүүх хурал үргэлжилж байна.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан, шүүгдэгч Н.МӨНХБАТ:

-ТОСК дээр зээлийн гэрээ байгуулсан гэж эхэлж, яллах дүгнэлтээр буруутгасан. Зээлийн гэрээ байгуулахдаа барьцааны гэрээ байгуулаагүй. Зээлийн олголт хийгээгүй байхад зээлийн гэрээ байгуулсан гэж логикгүй зүйлээр буруутгасан.

Мөн “Бэрэн групп”-ын долоон гэрээгээр буруутгаж байгаа. Надаас гадна 12 хүний асуудлыг ийм байдлаар шийдэж байгаа нь хууль зөрчсөн байж болзошгүй. “Бэрэн групп”-тэй холбоотойгоор долоон гүйлгээ хийгдсэн үү гэвэл хийгдсэн. 2014 оны дөрөвдүгээр сарын 15-нд 12.8 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн. Энэ гүйлгээ нь ТУЗ- ийн 2014 оны наймдугаар тогтоол, Зээлийн хорооны 2014 оны хоёрдугаар сарын 5-ны шийдвэрийн дагуу хийгдсэн.

2014 оны арваннэгдүгээр сарын 28-нд мөн гүйлгээ хийгдсэн.  2.8 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн. Өөр гүйлгээ байхгүй. Энэнээс цааш 12 хүний оролцоо байхгүй. Яагаад гэвэл тэр хүмүүс ажлаа өгөөд явсан. Би гэхэд 2016 оны наймдугаар сард ажлаа өгөөд явсан. Дараагийн гүйлгээнүүд 2016 оны арванхоёрдугаар сарын 23-аас 2017 оны есдүгээр сарын 21-ний хооронд нийтдээ 5 сая ам.долларын таван гүйлгээ хийгдсэн. Эдгээр гүйлгээнүүд хийгдэж дууссанаар “Бэрэн групп”-д нийт дүнгээр 22.7 сая ам.доллар олгосон. Таван гүйлгээ Зээлийн хорооны шийдвэрээр олгосон. 2016 оны арванхоёрдугаар сарын 2-ний шийдвэр нь хавтаст хэрэгт авагдсан. Шинээр бүх зүйлийг баталсан. ТУЗ-ийн холбогдох шийдвэр гарсан байдаг.

Шинэ хуулийнхаа дагуу шинэ ТУЗ -ийн шийдвэр гараад, 4.5 сая ам.долларыг олгох шийдвэр гарсан байдаг. Прокурорын зүгээс зургадугаар сарын 12-н гэж юу яриад байгааг ойлгохгүй байгаа.

Хууль тогтоомж хэрэгжүүлсэн цаг хугацааг харахаар ТУЗ -ийн долоон гишүүн, Зээлийн хорооны таван гишүүний оролцоотой хоёр гүйлгээ 2014 онд хийгдсэн учраас 2002 оны Эрүүгийн хууль, 2011 оны Хөгжлийн банкны тухай хуулиуд хэрэгжиж байхад үйлчилж байсан ажлууд. Мөн эдгээр хуулиуд хэрэгжиж байхад бидний өмнө нь гаргасан шийдвэрийг 2016 оны арванхоёрдугаар сарын 2-нд, 2016 оны ТУЗ-ийн 108 дугаар тогтоолоор өөрчилсөн. Шинэчилсэн нь өмнөх хуулиараа явсан. Эхний гурван гүйлгээ өмнөх хуулиараа явсан. Маш ойрхон хугацаанд Хөгжлийн банкны тухай шинэчилсэн хууль болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга шууд үйлчилж эхэлсэн. 2018 оны зээлийн цоо шинэ шийдвэр гарсан тусдаа асуудал байгаа. Биднийг ирээдүйд болсон үйлдлээр буруутгаад байх шиг байгаа юм.Таван гүйлгээний сүүлийн хоёр гүйлгээ нь 2017 оны долдугаар сарын 1-ээс хойш хийгдсэн. Шийдвэр нь өмнө гарсан. Би хуульч хүн биш. Гэхдээ хууль логиктой, амьдралаас урган гарсан байх ёстой.

2014 онд яаж шийдвэр гаргавал 2018 оны шинээр олгосон зээл бидэнд яаж хамааралтай болохыг ерөөсөө ойлгохгүй юм. Биднийг буруутгахдаа 2017 оны долдугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн зүйчлэлээр буруутгаад байгаа. Бидний ямар ч үйлдэл энэ хуульд хамаарал байхгүй.

Бид 2014 онд ажиллаж байхдаа 2017 онд хуулиудын шинэчилсэн найруулга яаж гарах вэ гэдгийг урьдчилж хараад шийдвэр гаргах ёстой байсан уу. Хавтаст хэрэгт авагдсан материалуудыг харахаар ингэж харагдаад байгаа юм. Өмгөөлөгчийн хэлснээр биднийг шинэ хуулиудаар зүйчилж яллаж байгаа нь болохгүй гэсэн.

Прокурорын зүгээс далдыг хардаг байхыг л, ирээдүйг хардаг хүн байхыг шаардаад байна.

Бид ёс зүйн хэм хэмжээ, дүрэм журам зөрчсөн зүйл байхгүй. Нотлох баримтууд эргэлзээтэй байгаа тул цагаатгаж өгнө үү.

Шүүх хуралдааныг өндөрлүүллээ. Шүүх хуралдаан ирэх долоо хоногийн Даваа гаригт 08.30 цагаас үргэлжилнэ. 

15 : 40
2023-6-16

“Шунахайн сэдэлтэй хэрэгт буруутгаж байгааг зөвшөөрөхгүй”

Хөгжлийн банкинд холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Энэ удаад Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Магнайсүрэн тайлбар хийлээ. Тэрбээр 2018-2022 он хүртэлх хугацаанд Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажилласан бөгөөд “Бэрэн групп”, “Мон дулаан” компанид зээл олгох шийдвэр гаргахад нөлөөлж, Хөгжлийн банкинд хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж буй аж.   

Шүүгдэгч С.МАГНАЙСҮРЭН:

-“Бэрэн групп”-ын тухайд намайг албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль болон Зээлийн удирдах хорооны дүгнэлтийг үндэслэн, гүйцэтгэх удирдлагад зээл олгох эрх олгож, хохирол учруулсан гэдэг.

“Мон дулаан” компанитай холбогдуулан үйлдлээрээ санаатай нэгдэж, шунахайн сэдлээр зээл олгосон гэдэг.

Салбар яамны нэн тэргүүний бодлого, зорилтод арматурын үйлдвэрлэлийг дэмжих асуудал багтаж ирсэн. Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол, 2021-2025 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх хөтөлбөр, сүүлийн 15 жилийн хугацааны бодлогын төлөвлөлтөд барилгын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, гангийн үйлдвэрлэлийг дэмжих асуудал нэн тэргүүнд тавигдаж ирсэн.

Монгол Улс 2012-2012 оны хооронд 1.9 сая тонн арматур импортоор авсан байдаг. 2023 оны эхний таван сарын байдлаар 105 мянган тонн арматур импортоор авсан бол 15 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн. Гурван жилийн хугацаанд гадаадаас арматур импортлоход 717.6 сая ам.доллар зарцуулсан. Тэгвэл 2023 оны эхний таван сарын байдлаар 74.2 сая ам.долларыг гадаадаас арматур импортлоход зарцуулсан. Салбарын төлөөллийн хувьд дотооддоо арматурын үйлдвэртэй болох нь нэн чухал юм аа гэж үзэн, дээрх төслүүдэд зээл хүсэхэд дэмжиж, саналаа өгсөн. “Бэрэн групп”-т 4.5 сая ам.долларын зээл олгох шийдвэр гаргахын өмнө өмнө Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсээс асууж, зөвлөж байсан. Санаатай, шунахайн сэдэлтэй хэрэгт буруутгагдаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, бодит баримтаар тогтоогдох ёстой. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн юм.

13 : 51
2023-6-16

“Хар ууттай 15 сая төгрөг хахуульд авсан гэж гүтгэдэг”

Хөгжлийн банкны шүүх хурал түр завсарлаад байна. Шүүх хуралдаан завсарлахын өмнө “Монгол хуурай сүү”, “Бэрэн групп”, “Мон дулаан” компанид Хөгжлийн банкнаас зээл олгох шийдвэр гаргасан үндэслэлээр яллагдагчаар татагдсан, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнэ хэргээ цагаатгаж өгөхийг хүслээ. 

Шүүгдэгч Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас 2022 оны аравдугаар сарын 25-нд хорьсон. Хорихдоо Жаргалсүрэн гэдэг хүний мэдүүлгээр Дарханы замын тендерийг будилаантуулсан хэргээр хорьсон. Тэр нь эмэгтэй, эрэгтэйг би мэдэхгүй. Тэр нь намайг яаж мэддэг юм. Гүтгэлгийн мэдүүлгийг нотлолгүйгээр хорьсон. Маш харамсалтай зүйл болсон. Маш олон зүйлээр хохирсон, одоо хүртэл явж байгаа.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замын засвар үйлчилгээний тендер 2019 оны хоёрдугаар сард зарлагдаад зургадугаар сард дуусан. Гэтэл би Засгийн газрын шийдвэрээр 2018 оны тавдугаар сарын 12-нд ажлаасаа чөлөөлөгдсөн.  Буцаад 2020 оны долдугаар сарын 16-нд албан тушаалд томилогдсон. Хүнийг ажилгүй, байхгүй байх үеэр ийм зохион байгуулалттай гүтгэлэг хийгээд хорьсон. 70 тэрбумын авлига авсан гэж сэвсэн, нотлогдоогүй.

Гүжир гүтгэлгийг тухайн цагт нь булшилж байх хэрэгтэй. Ингэж байж, иргэнээ гэсэн сэтгэлгээ бүрдэнэ.

Харин ч Дарханы зам олон жил гацсан байхад нь засах гэж очсон.

Энэ гүтгэлгээс үүдээд дараачийн гүтгэлэг явсан. 461 дүгээр ангид хоригдож байсан яллагдагчаас мэдүүлэг аваад хахуулийн хэрэг үүсгэчихсэн. Худлаа мэдүүлдэг цаг хугацаа нь зөрдөг, мөнгөний тоо нь зөрдөг. Шүүх бүрэлдэхүүн анхааралдаа аваасай. 2022 оны аравдугаар сарын 14-нд байцаалт авахдаа мөрдөгч хэлсэн “Гүйцэтгэх ажиллагааны энэ дугаартай ажиллагаагаар танай гэрт 2022 оны наймдугаар сарын 6-нд хар ууттай 15 сая төгрөг аваачиж өгсөн, 20 мянгатын дэвсгэртээр. Гэтэл тэр үед би Дарханы замд Баруун хараа дээр ажиллаж байсан. Энэ тухай мэдүүлснээс хойш араавдугаар сарын 14-нөөс хойш ямар ч мэдүүлэг аваагүй.

Прокуророос 2022 оны арванхоёрдугаар сарын 26-нд нэгтгэсэн проткол орж ирсэн, “2022 оны долдугаар сарын 31-нд танай гэрт хар ууттай 15 сая төгрөг аваачиж өгсөн байна” гээд оруулаад ирсэн. Энэ нь тогтоогдсон гээд яллаад оруулаад ирсэн. Уг нь тогтоогоод өгөөч ээ гэж өмгөөлөгч, миний бие хүсэлт гаргасан. Манай байр гаднаа, дотроо камертай. Би тэр үед хотод байгаагүй. Манай гэр бүлийн утсаар ярьсан дуудлагыг тогтоогоод өгөөч гэсэн. Маш амархан тогтоочихно байхгүй. Сүхбаатар аймагт хамт байсан албан тушаалтнууд байна. Мэдүүлэг аваагүй. Цаг хугацааг нь өөрчилж оруулж ирээд явж байгаа. Гүтгэлэг салдаггүй өнөөдрийг хүртэл явж байна. Хэрэв тийм хүсэлтийг хангасан бол нөхцөл байдал өөр байх байсан. Энэ гүтгэлгийн эцсийн найдвар шүүх дээр яригдаж байна. Шүүгч та бүхэн нотлох баримттай сайтар танилцаж үнэн зөвөөр шийдэж өгөөч гэж хүсч байна.

Авто замын зөвшөөрөлтэй уяж байгаа. Та Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүн байхдаа нэр бүхий компанид авто зам барих зөвшөөрөл олгоход дэмжлэг үзүүлжээ гэсэн. Би огт мэдэхгүй. цагаатгаж өгнө үү.

Хөгжлийн банктай яагаад холбогдчих вэ. 2015 оны хоёрдугаар сард Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон. 2012 оны Засгийн газрын тогтоол байдаг. Хөгжлийн банкны ТУЗ-д би өөрөө хүсээд орсон юм байхгүй. Хөгжлийн банкны зээлээр ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэдэг нь УИХ, Засгийн газраар батлагдаад явж байдаг. Хариуцсан албан тушаалтнууд Хөгжлийн банкны ТУЗ-д байх шаардлагатай гэж үзээд албан тушаалаараа л орсон.

Хөгжлийн банкны ТУЗ-д байснаараа гурван төслөөр буруутгадаг. “Монгол хуурай сүү”, “Бэрэн групп”, “Мон дулаан” компанид зээл олгоход дэмжлэг үзүүлсэн гэж. Хоёр дээр нь гүйцэтгэгч, нэгэн дээр нь албан тушаалаа урвуулан ашигласан, бүлэглэсэн гэдэг.

Энэ гурван төсөлтэй холбоотойгоор нэг л удаа мэдүүлэг авсан. АТГ гэрчийн мэдүүлэг аваад яллагдагчаар татсан. 13-18 хуудсан дотор Хөгжлийн банкны мэргэжилтнүүдийн мэдүүлэг байдаг. Ж.Бат-Эрдэнэтэй холбоотой нэг ч үг байхгүй, тэгээд яллагдагч. Хариуцлагаас зугтахгүй, Хөгжлийн банкны ТУЗ -ийн үүргийг гүйцэтгэхдээ судлагдсан материалыг үндэслэж, Засгийн газрын бодлого шийдвэрт хэрхэн нийцэж байгааг тооцож, итгэл үнэмшилдээ тулгуурлаж, хэрэгжих боломжтой юм байна гэж үзэж, дэмжиж ирсэн. Хэн нэгний үгэнд ороогүй, зөвхөн миний санал. Яллах дүгнэлтэд оруулж ирсэн бүлэглэсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, гүйцэтгэсэн зүйл байхгүй.

Энэ аж ахуйн нэгжүүдийн зээлээ төлөөгүйг бусдын үйлдэлтэй холбож болохгүй. Хүн бүр өөр өөрийн үүрэг хариуцлага, хийдэг ажилтай. Яллах дүгнэлттэй огт санал нийлэхгүй, хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.

12 : 34
2023-6-16

“Надад шан харамж амлаад, хойноос хөөцөлдөх шаардлага байхгүй”

Шүүх хурал үргэлжилж байна.

Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал асан Б.ЧОЙЖИЛЖАЛБУУ:

-Би санхүүч, эдийн засагч мэргэжилтэй, 22 жил мэргэжлээрээ ажиллаж байна. Сайн муу олон зүйлтэй таарсан ч хуулийн байгууллагын хаалга татаж байсан удаагүй.

Би 2016-2020 оны дунд хүртэл дөрвөн жил орчим Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Актив пассивын хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажилласан. Ажлын чиг үүрэг маань Хөгжлийн банкийг чөлөөт эх үүсвэрээр хангах. Би хамт олонтойгоо нийлээд 2018 онд 500 сая ам.долларыг Засгийн газрын баталгаагүйгээр анх удаа босгож, олж ирсэн. Энэ мөнгөнөөс зээл авсан аж ахуй нэгжүүд өнөөдөр эх орондоо бүтээн байгуулалтаа хийгээд, эдийн засагт үр нөлөөгөө өгөөд явж байгаа.

Мөн Хөгжлийн банк ханшийн эрсдэлээс 340 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, үүрэх байсныг арилгаж чадсан. Би үүргээ хангалттай биелүүлж, ажилласан.

Энд тайлбар хийсэн Зээлийн хорооны гишүүд маань “ТУЗ -ийн гишүүд зээл шийдсэн” гэж ярьж байна. ТУЗ-ийнхөн “Зээлийн хорооны гишүүд зээл шийдсэн” гэж ярьж байна. Зээлийг гаргахдаа нөхцөл шаардлага тавьсан. Нөхцөл шаардлага биелэсний дараа зээл олгогдох ёстой байсан. Зээлийг судлах, хяналт тавих, биелэгдээд олгогдож байгаа нөхцөлд Актив пассивын удирдлагын газраас шууд оролцох үүрэг, оролцоо байхгүй.

Иймээс Хөгжлийн банкнаас зээл хүсч байгаа хүн нь надад шан харамж амлаад миний хойноос хөөцөлдөх шаардлага байхгүй.

Банк санхүүгийн мэдлэгтэй, энэ салбарт олон жил ажилласан, н.Ариунболдын хувьд надтай хувийн харилцаа үүсгэх шаардлага байхгүй. Манай компани болон тэдний компани хооронд үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холботой харилцаа 2015 онд хийгдсэн. Хөгжлийн банкинд орохоос өмнө энэ хэлцэл бодитой хийгдсэн байсан. Хоёр компани бартераар худалдан авалт хийгдсэн, хэн нь хэн нь хоорондоо хөрөнгөө солилцсон. Бидний хооронд хийгдсэн хэлцлийг 2020 оноос хойш шалгасан юм билээ.

Мэдэгдээд шалгах хооронд миний орон гэрт нэгжлэг хийсэн. Энэ гэрээ хэлцэл цаг хугацаандаа хийгдсэн үү гэдгийг хангалттай шалгасан. өргөн хүрээнд ч шалгасан юм билээ.

Шалгах хооронд гэрээ цаг хугацаандаа хийгдсэн юм байна, нөхөж хийх боломжгүй юм байна. Тухайн байранд амьдарч байх хугацаандаа СӨХ болон бусад төлбөрөө цаг хугацаандаа хийж байсныг хуулийн байгууллага нотолсон. Би Авлигатай тэмцэх газар /АТГ/-т мэдүүлдэг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ч мэдүүлж ирсэн. Энийг харгалзан үзээд прокурорын байгууллага 2 удаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш байна гээд хэргийг хаасан. АТГ Хөрөнгө орлогын мэдүүлэг шалгаад, зөрчилгүй байна гэж дүгнэсэн. Цэвэр шударгаар хөдөлмөрлөсөн бартерын бизнес байна гэж дүгнэсэн. Гэрээ хэлцэл цаг хугацаандаа хийгдсэн гэдгийг гэрчүүд мэдүүлсэн. Тийм учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“Ган хүдэр орд” компанитай намайг холбодог. Тухайн үед би Монголын ипотекийн корпорацид ТУЗ -ийн гишүүнээр ажиллаж байсан. Кью Эй Си компани руу МИК-ын ТУЗ-ийн дарга н.Мөнхбаатараар дамжуулан, н.Ням-Очир гэдэг хүнд тусалсан нь үнэн.

Наадмын үеэр н.Ням-Очир нь ирээд гэрээ хийж өгөөч гэсэн. Хүсэлтээ албан бичгээр барьж ирсэн. Гэрээ хэлцэл нь бодитой хийгдсэн. Энэ гэрээ хэлцлийн дагуу намайг хэрэгт холбож байгаа юм уу гэтэл Хөгжлийн банктай холбоотой хэрэг болоод явсан.  Иймээс энэ хэргийг мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хөгжлийн банкны ТУЗ- ийн дарга Б.Даажамбад төрсөн өдрөөр нь тухайн үед гүйцэтгэх удирдлагын баг мөнгөө нийлүүлээд бал авч өгсөн. Наймдугаар сарын 10-нд төрсөн өдөр нь тохиосон, тэр өдөр худалдан авалт хийсэн. Надад ч бал авч өгсөн, төрсөн өдрөөр. Одоо ч би ашигладаг. Харин холбоод байгаа компани нь төрсөн өдөр болсноос хойш хоёр сарын дараа зээлийн хүсэлтээ өгсөн юм билээ. Ийм байхад яаж гэмт хэрэг болох вэ. Энийг гайхаад олохгүй байгаа. Хууль бус үүрэг даалгавар өгсөн тухай мэдүүлэг байдаг. Зарим нэг хүн нь надаас уучлал гуйсан. “Тийм зүйл надад хэлж байгаагүй, арга буюу хүүхэд шуухад уйлаад ийм зүйл болсон шүү” гэсэн. Би ойлгож байгаа.

Миний эсрэг нотлох баримтыг сайн судалсангүй, иймээс надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн юм. 

10 : 08
2023-6-16

"Зээлийг дэмжиж гарын үсэг зур гэж дарамталдаг байсан"

Хөгжлийн банкны зээлдэгчдэд холбогдох шүүх хурал өнөөдөр /2023.06.16/ 44 дэх өдрөө үргэлжилж байна.

Шүүх хуралдаанаар “Комплант” компанитай холбогдох асуудлыг хэлэлцэж байна. Тус компани нь газар чөлөөлж, 220 айлын орон сууц барих зориулалтаар Хөгжлийн банкнаас 2.8 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлийг эргэн төлж дуусгасан ч уг төсөл нь Хөгжлийн банкнаас зээл олгох шаардлагыг хангаагүй байхад олгосон гэж буруутгаж, яллаж буй юм.

Энэ асуудалтай холбоотойгоор тухайн үед Хөгжлийн банкинд ажиллаж байсан залуус яллах дүгнэлттэй санал нийлэхгүй гэдгээ хэллээ.

Шүүгдэгч н.ЦОГТБААТАР:

-Би 2018 онд Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын Зээлийн хэлтэст ороод анхны дүгнэлт гаргасан ажил маань “Комплант” компанитай холбогддог. Хуулийн болон журмын тооцоолол хийж дүгнэлтээ гаргасан. Гэтэл Зээлийн хорооны удирдлагын зүгээс “Дүгнэлтээ зас, хэлтсийн үүрэг биш” гэсэн. Эсрэг санал өгсөн боловч гүйцэтгэх захирлын ажлын албанаас “Зөвшөөрч гарын үсэг зур” гэсэн дарамт ирсэн. Зээлийн удирдлагын хороонд гурван хэлтсийн захирал байдаг байсан. Прокурор болон мрөдөгчийн зүгээс бидэнд үүсгэсэн хэргийн материалтай сайн танилцах юм бол энэ гурван хэлтсийн захирал Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдэд эсрэг зурж байсан түүх байхгүй. Үргэлж “дэмжиж зур” гэсэн албадлага эрхшээлд байсан нь миний жишээгээр нотлогдоно. Гүйцэтгэх удирдлагаас дунд шатны удирдлага болох хэлтсийн захирлууд бид нарыг өрөөндөө дуудаад, “ажлаа хийвэл хий. Хийхгүй бол ажлаа өгөөд яв” гэж дарамталдаг байсан нь үнэн.

Гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Зээлийн удирдлагын хорооны албан бус жижигрүүлсэн хувилбарыг хуралдуулаад, зээлтэй холбоотой бүхий л мэдээллийг аваад аль зээлийг Зээлийн хороонд оруулах юм, оруулахгүй юм гэдгийг шийддэг байсан. Шударга царайлснууд нь зээлдэгчээс 10 хувь нэхдэг, мөнгө авсан нь нотлогдсон олон жишээг бид хоёр сарын турш харлаа. Эдгээр хүмүүсээс болж, энд шалгагдаж байгаа залуус муу нэртэй болж байна. Зээлийн удирдлагын хэлтсийн хамт олон шударга ажилласан. Мэргэнжилтэн н.Уянгаа, ахлах мэргэжилтэн н.Цоожсүрэн, н.Оюунчимэг, газрын захирал н.Батбаатар нар ч шударга бусаар шүүгдэж ирсэн. Бусдын нөлөөнд автаж, бусадтай үгсэн тохиролцож ажилласан хүн байхгүй гэж боддог гэлээ.

Шүүх хуралдаан үргэлжилж байна. 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж