“Хуучин тогтолцоогоор явъя гэж байгаа бол энэ хуулиа би татъя”

Хуучирсан мэдээ: 2023.06.16-нд нийтлэгдсэн

Live“Хуучин тогтолцоогоор явъя гэж байгаа бол энэ хуулиа би татъя”

“Хуучин тогтолцоогоор явъя гэж байгаа бол энэ хуулиа би татъя”
14 : 08
2023-6-16

Эрт илрүүлгийн явцын талаар мэдээлэл сонсч байна

Хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонсч байна. 

12 : 28
2023-6-16

"Бүх томилгоог яам руу төвлөрүүлбэл боловсролын салбарын шинэчлэл болохгүй"

Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй санал хураалтыг явуулж байна. Ардчилсан намаас тус хуулийн төсөлд завсарлага авсан байсан ч завсарлага авах хугацаа дууссан тул үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн 33 зарчмын зөрүүтэй саналаар гишүүд дэмжсэн, дэмжээгүй санал хэлж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Би хуулийн төслийг дэмжиж байна. Боловсролын удирдлага гэдгээр байгууллагыг бичсэн байна. Тэгснээ боловсролын сургалтын байгууллагын удирдлага нь удирдлагаас бүрдэнэ гээд биччихсэн. Тэгэхээр боловсруулан бичсэн байх ёстой. Нэг бол албан тушаалтан этгээдийг зааж байгаа бол өөр. Ер нь яам юмыг удирдана гэдэг социализмын үеийн тогтолцоо. Энэ дээр нэг ньюанс байгаа. Яамны бүрэн эрх гээд биччихдэг. Яаманд ямар юмны бүрэн эрх байх вэ. Засгийн газрын гишүүнд бүрэн эрх байдаг.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар:

-Би өмнө нь Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлаад сургууль, цэцэрлэгийн удирдлагын томилгооны асуудлыг одоогийн байгаа үйлчилж байгаа түвшинд нь нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Бид хэд нэг кабинетад байдаг ч гэсэн санал зөрчилдөөнтэй зүйл бий. Боловсролын салбарын томилгоог хэт их төвлөрүүлэх агуулга явж байна. Яг үнэндээ сургууль, цэцэрлэгийн удирдлагууд орон нутагт төрийн ажил явуулахад хамтарч ойлголцож дэм болдог хүмүүс. Сая Л.Энх-Амгалан сайд нэг алхаад агентлагтай болсон. Одоо хоёр алхаад бүх томилгоог төвлөрүүлэх асуудал яригдаж байна. Салбарын сайд нарын үндсэн ажил бол томилгоо, аж ахуйн асуудал гэхээс илүүтэй тухайн салбарын бодлогыг томъёолдог чиглэл рүү явмаар байна. Хоёрдугаарт, утопи үзэлтэй санааг хийчихсэн. Бид ДНБ, эдийн засгийг өөд нь татахгүй байж яаж бага ангиас нь англи хэлийг хэнээр заалгах юм. Та нар өөрсдөө мэдэж л байгаа. IELTS-ийн 7.5 оноотой хүн Сэлэнгэ аймгийн Хушаат суманд очоод сая төгрөгөөр багш хийх үү. Өнөөдрийн дэвшүүлж буй зорилт заавал эдийн засагтайгаа уялдах ёстой.

Баахан тунхагласан, бэлгэдлийн шинж чанар нэмээд одоо явж байгаа тогтолцоог үндсээр нь өөрчлөөд бүх томилгоог яам руу төвлөрүүлбэл боловсролын салбарын шинэчлэл болж чадахгүй.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Боловсролын салбарын гол шинэчлэл нь засаглалын шинэчлэл гэж харж байгаа. Сүүлийн 30 жил боловсролын салбарыг улстөржүүлснийхээ хор уршгийг бид яаж амсаж байгаа билээ. Сүүлийн үед БЗС-аас зээл авч гадаадад сурч байгаа хүүхдүүд дандаа л хувийн өндөр төлбөртэй сургуульд сурсан хүүхдүүд байна. Боловсрол чинь ядуу хоосон ангийн тогтолцоог бий болгодог боллоо. Хот хөдөөгийн сургуулийн ялгааг арилгах хамгийн гол зүйл нь засаглал менежментийн асуудал шүү дээ.

30 жил тоглочхоод энэ хуулийн үзэл баримтлалаас ухарч сум, аймгийн засаг дарга нар сургуулийн удирдлагуудыг томилдог тогтолцоо руу шилжүүлнэ гэх юм бол хуулиа би татая.

МАН-ын бүлгийн дарга маш тодорхой хэлсэн. Мэргэжлийн томилгооны тогтолцоо руу шилжүүлнэ гэдэг зарчим барьсан. Тийм саналын томьёоллыг оруулж ирсэн. Энэ танхимд телевизор харахаараа өөр юм ярьдаг тойрогтоо очихдоо намын өнгө аясаар ярьдаг байвал Монголын боловсрол хэзээ ч өөрчлөгдөхгүй юм байна. Хэзээ ч төр, хувийн сургуулийн ялгаа арилахгүй юм. Угтаа менежментийн гол шийдлүүд шүү дээ. Урагшаагаа нэг алхах юмыг хойшоо хоёр алхам татах нь том ухралт. 

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүүллээ. 

11 : 19
2023-6-16

Төсвийн тухай өөрчлөлт оруулах тухай санал хураалт эхэллээ

Төсвийн тодотголыг эцэслэн баталлаа. 

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг бүхэлд нь эцэслэн батлах санал хураалт явуулахад 43 гишүүн дэмжиж 87.8 хувийн саналаар хууль эцэслэн батлагдлаа. Мөн дагалдах, эрүүл мэнд нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлав. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Ашигт малтмалмын нөөц ашигласны төлбөрийг баялгийн татвар нэрээр солих санал гаргаж байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг гацаад байгааг ойлголоо. Тэр тухай ярьсан чинь зарим хүмүүс эгдүүцэж байх шиг байна. Үндэсний баялгийг ард түмэнд өгөөжтэй болгох хэрэгтэй. Энд л хамаг хулгай, зэлгий байгаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг яаралтай хэлэлцэх талаар онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. 

 

11 : 15
2023-6-16

Монгол Улсыг байнга хүчгүй, хөгжилгүй, эв нэгдэлгүй, хагаралдуулсан байдалтай байлгахыг хүсч байгаа олон эрх ашгууд байна.

УИХ-н ээлжит бус чуулган нээлт (7 of 57) Занданшатар бусад

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Сонгуулийн хуулийг эцэслэн батлалаа. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дутуугаа гүйцээж Монголын улс төрд том гажуудал үүсгээд байсан асуудлыг засч залруулж чадсан. Гэхдээ ҮХӨ нь эцсийн дүндээ органик хууль, процессын хуульд зөв сууж үзэл санааг нь бодитоор хэрэгжүүлэх улс төрийн хүсэл эрмэлзэл зорилго байж бодитой хэрэгжинэ. Эрх барьж буй нам сонгууль бүрийн өмнө өөрийн намдаа ашигтай хувилбараар сонгуулийн хуулийг байнга өөрчилж ирсэн практик өнгөрсөн найман сонгуульд давтагдсан. Сүүлдээ зургаан сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн жишиг тогтоосон боловч 12 сард нь дахиад өөрчлөлт хийж бужигнуулдаг. Ингээд найман удаагийн сонгууль дандаа өөр, өөр тогтолцоо журмаар явж ирж, сонгогчдын боловсролыг төлөвшүүлэхэд ч улс төрийн намуудын төлөвшлийг хангахад ч гэсэн тогтворгүй байдлыг бий болгож гацааж, саармагжуулж ирсэн түүх байдаг. Энэ асуудлыг нэг мөр цэгцэлж байна гэж бид ойлгож байна.

Монгол Улсыг байнга хүчгүй, хөгжилгүй, эв нэгдэлгүй, хагаралдуулсан байдалтай байлгахыг хүсч байгаа олон эрх ашгууд байна.

Үүнд авталгүй нөхцөл байдлыг эрүүл ухаанаараа харж ус төрийн намууд ҮХӨ-ийг нэгдмэл санал зорилготой баталсан. Энэ дотроо сонгуулийн тогтолцоо тарж бутардаг биш эвлэрч нийлүүлдэг, улс орны том эрх ашгийн төлөө нэгддэг холимог тогтолцоог сонгож сонгуулийн хуульд суулгаж баталгаажуулж байна. Иймээс үймүүлэх зорилго, дүйвүүлэх хүсэлд нь авталгүй улс орныхоо том эрх ашгийн төлөө гадаад, дотоод бодлогодоо нэгдмэл байх шаардлагатай. Өөрсдөдөө ирэх шүүмжлэл, өрөөлөөс ирэх өрөөлөөс ирэх дайралтад хулгаж болохгүй. Хамгийн их шүүмжлүүлж муу хэлүүлж буй хүн нэг талаасаа сайн ажилладаг хүн байдаг. Юу ч хийдэггүй хүн хэнд ч муу хэлүүлдэггүй. Ард түмний төлөөлөгчид мянга, мянган иргэдийн төлөөлөл учраас тэдний өмнөөс дуугарч тэмцэж явах ёстой.

Энэ утгаараа сонгуулийн хуульд том өөрчлөлт орлоо. Одоо энэ хуулийг тогтвортой мөрдөх ёстой. Хоёр намуудын нэгтгэсэн саналуудыг тусгалаа.

Улс төрийн намын тухай хуулийг ирэх долоо хоногт батлах ёстой. Сонгуулийн хууль 30 жил тогтвортой мөрдөх ёстой. 

10 : 34
2023-6-16

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа

Төсөв дагасан 9 хууль, тогтоолын төсөл батлагдлаа.

Төрийн ба орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийг болон хамт өргөн мэдүүлсэн 13 хуулийг эцэслэн баталлаа.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг эцэслэн батлах санал хураалт явуулахад 44 гишүүн дэмжиж 95.7 хувийн саналаар хууль эцэслэн батлагдлаа. Уг хуулийг дэмжихгүй гэх саналыг УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ц.Анандбазар нар санал өгчээ.

Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тухай тогтоолын төсөл 100 хувийн саналаар батлагдлаа. Энэ тогтоолын төсөл нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хуулийг хэлэлцэн батлах, боловсруулах мөн ҮХӨ-ийг амилуулах органик  болон процессын хуулиудад чиглэл өгсөн тогтоолын төсөл юм. 

08 : 11
2023-6-16

УИХ: Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн хуулийн төслүүдийг цаг сунган хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д. Тогтохсүрэн танилцуулав.

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс боловсруулсан тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн 42 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж, 41 дүгээр зүйлийн зарим хэсгийг хасах, өөрчлөх, бэхэн тэмдэглэгээ хийхтэй холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан 66 дугаар зүйлийн 66.14 дэх хэсгийг хасах, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөллийг харгалзах, нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны нэгдсэн хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй байх, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах зардал энэ хуулийн 50.1-д заасны дагуу тогтоосон зардлын дээд хэмжээний 15 хувиас хэтрэхгүй байх, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох зэрэг нийт 13 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Мөн Байнгын хорооны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслийн талаарх 10 дахь зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон төслийн 1 дүгээр зүйлийн 30 дахь заалт буюу 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсгээр Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлж томьёолох шаардлагатай гэж үзсэн бөгөөд тус асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгээр зохицуулаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан журмын дагуу 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан дэгийн дагуу Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй 2 саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно гэв.

Түүний дараа УИХ-ын гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нэр дэвшигчдэд тавигдах шалгуур, жагсаалтыг эрэмбэлэхэд нам, эвсэлд тавигдах шаардлага нээлттэй байх ёстой гэж үзэж байна хэмээв. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, хүйсийн ялгаваралгүй хөгжих боломжийг бүрдүүлэхэд энэ удаагийн УИХ шинэчлэл хийхийг хүсч байгаа тухай, УИХ-ын гишүүн Т.Доржханд эмэгтэйчүүд парламентад олон байх нь төсвийн сахилга бат сайжрах, ардчиллын хөгжилд чухал ахиц дэвшил гарах тухай, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх талаар  олон улсын байгууллагын зөвлөмж болон иргэд, олон нийтийн илэрхийлсэн санал бодлыг танилцуулж, тус тус байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, дэлхий нийтийн чиг хандлага, тогтвортой хөгжлийн зорилтод жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарал хандуулж байна. Энэ бол ирж яваа цагийн өнгө юм. Технологийн хувьсгал зөөлөн ур чадварыг шаардаж байна. Тиймээс 40-160 сая эмэгтэйчүүдийн ажлын нөхцөл байдал өөрчлөгдөж, эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд олноороо ажиллана  гэсэн судалгаа байна. Ардчилал, хүний эрхийн тухай ойлголт бол ерөөс жендэрийн тэгш байдлыг хангах тухай юм. УИХ дахь намын бүлгүүдийн ойлголцол, зөвшилцөлийн үндсэн дээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг  хэлэлцэхийг эрхэмлэж байна. Мөн  дэвшилтэд үзэл санааг дэмжиж байгаа бүх гишүүддээ талархаж байна гэв.

УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг томъёоллоор санал хураалт дуусч, уг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж