Холимог тулааны тамирчин А.Тэмүүлэнтэй ярилцлаа. Тэрбээр саяхан Япон улсын Осака мужийн “Bodymaker presents Gladiator 022” холбооноос зохион байгуулсан тэмцээний 61.2 кг жингийн шинэ аварга болсон юм. Эх орондоо аваргын бүсийг авч ирсэн түүний яриаг хүргэе.
-Эх орондоо "Гладиатор" аваргын бүсийг авч ирсэн танд баяр хүргэе. Хэд дэх жилдээ холимог тулааны спортоор хичээллэж байна вэ?
-Та бүхэндээ баярлалаа. Холимог тулааны спортоор хичээллээд зургаа дахь жилдээ болж байна. Би одоо 24 настай. Сая Япон улсад зохион байгуулсан тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Би гуравдугаар сарын 26-нд “Гладиатар” холбооны номер нэгийн төлөө тоглож, аваргын төлөө тоглох эрхийн болзлоо хангасан. Тэгээд зургадугаар сарын 11-нд Япон улсад тулалдаж, аваргын бүсээ аваад өглөөхөн /2023.06.14/ эх орондоо ирлээ.
-Тэмцээний сонин сайхнаас уншигчдад дуулгаач. Өрсөлдөгчид хэр байв?
-Тэмцээнд Филлипин, БНСУ, Япон, Бразил зэрэг улсаас тамирчид оролцсон. Монголоос 61.2 килограмм болон 66 килограмм жинд өрсөлдөж, хамгийн сүүлд тунаж үлдсэн хоёр тамирчин аваргын төлөө тулалдсан. Ингэхдээ энэ холбооныхоо аварга Япон улсын тамирчинтай тоглож, эхний үе дээр дутуу гаргаж хожсон.
Дараа нь надтай даагаа нэхэхээр болж, дахин тулалдсан. Бүсний эзэн учраас дахин тулалдах эрхтэй байдаг. Тэгээд би дахин хожсон юм.
-Тулалдахын өмнө сэтгэл зүйгээ бэлдэх нь маш чухал байдаг. Таны хувьд рингэн дээр гарахын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Хувь хүн талаасаа миний сэтгэл зүй өндөр байдаг. Гадаадын холбооны аваргын төлөө тоглоно гэдэг амар зүйл биш. Маш олон хүний дэмжлэг, итгэл найдвар болж, замыг нь засах гэж байгаа учраас маш их хариуцлага хүлээнэ. Эх орондоо аваргын бүсийг авч ирсэндээ маш их баяртай байна.
Сүүлийн жилүүдэд холимог тулааны спорт маш сайн хөгжиж байна. Үзэгчдийн тоо ч нэмэгдсэн.
Монголд холимог тулаааны спортоор реалити шоу зохион байгуулж, тамирчин Б.Энх-Оргил ах маань 100 мянган ам.долларын эзнээр тодорлоо. Энэ спортыг сонирхож буй залуус их болж, клубууд олноор ажилладаг болсон.
-Яагаад холимог тулааны спортоор хичээллэх болов. Спортын ертөнцөд “хөл тавихдаа” л холимог тулаанаар эхэлж байв уу?
-Би сурагч байхдаа сагсан бөмбөг, волейбол, бөх гээд хичээллээгүй спорт гэж байхгүй. Бас тулааны спорт үзэх дуртай. Тэгээд анх 2015 онд Говь-Алтай аймагт байхдаа UFC-д тоглож буй Д.Батгэрэл ах, байлдааны самбын дэлхийн аварга Б.Дамланпүрэв ахын тулааныг найзуудтайгаа телевизээр үзэж байсан.
Тухайн үед ажил хийж мөнгө олоод, бичлэгийг нь түрээсэлж авч үзэж байлаа. Тэр үед л яг энэ спортоор хичээллэж, дэлхийн аварга болно гэж шийдсэн. Намайг анх 2018 онд ОУХМ Д.Төрбат, Г.Чулуунхуяг, Ч.Бат-Амгалан багш нар удирдаж, хичээллүүлж байсан. Тэгээд хотод ирээд тулааныг нь үзэж байсан Б.Дамланпүрэв багшийнхаа шавь нь болсон. Тэр цагаас хойш багштайгаа хамт байна. Миний амжилтын ард хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа гэдгээ хэлье.
-Өнгөрсөн хугацаанд хэчнээн тулаан хийв. Тэр дундаас нэг тулааныг онцолбол. Та ялагдлыг юу гэж боддог вэ?
-Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд мэргэжлийн 11 тулаан хийж, дөрөв хожигдож, долоон удаа ялсан. Тэр дундаас ОХУ-д болсон Улаан-Үдэ болсон олон улсын тэмцээнээ огт мартдаггүй юм. Би 19 настай байсан. Миний өрсөлдөгч 57 кг-ын аварга нь байсан. Насны хувьд хамаагүй ах.
Би тэнд 72 кг өндөр жинтэй очоод хоёр хоногт жингээ хасч, 61 кг болсон.
Тэр үедээ өдрийн 3-4 удаагийн бэлтгэл хийж, усны үнэ цэнийг хүртэл мэдэрч эхэлсэн. Тэгээд жиндээ орж, тэмцээндээ оролцтол бүх үзэгч миний эсрэг нутгийн тамирчнаа дэмжиж байсан. Гэтэл би эхний гурван үед маш гайхамшигтай тоглолтыг хийсэн. Гэхдээ шүүгчийн оноогоор нөгөө тамирчиндаа хожигдсон. Тэр тэмцээнээс маш их урмыг авч, хурцлагдаж байлаа.
-Үлгэр дууриалал авдаг тамирчин хэн бэ?
-Би гадаадын тамирчдаас үлгэр дууриалал авахаас илүү Монголынхоо тамирчдаа хүндэлж, тэднээсээ суралцдаг. Гадаадаас Конор МакГрегорыг шүтэн биширдэг. Монгол тамирчдадаа маш их хайртай.
Техник нь гадаадын тамирчдаас дутахааргүй, босоо барилдаанаарааилүү, гадаад тамирчдын барилдаж чадахгүй стилиэр барилдаж чаддаг. Тиймээс монгол тамирчдаа их дэмждэг.
Монголын тамирчид ур чадвараараа дээгүүрт бичигддэг. Холимог тулааны спортын гол суурь нь барилдаан. Дайчин, хүчтэй байдал их давамгайлдаг.
-Холимог тулааны спортыг олон спортын нийлбэр ч гэж ярьдаг?
-Холимог тулааны спорт бусад спортоос экстрим талдаа. Бокс, таэквандо, жүдо, чөлөөт бөх гээд. Гар оролцохоос гадна босоо, хэвтээ барилдаан хийнэ.Тэр нь их сонирхолтой, үзүүштэй спорт.
-Цаашдын зорилго, хүсэл мөрөөдлөөс хуваалцахгүй юу?
-Тулаанчдын зорилго бол дэлхийн хамгийн том холбоо болох UFC-д орох. Шууд энэ холбоонд орно гэж байхгүй. Маш олон давааг давах ёстой. Тэрний төлөө хичээж байна. Энэ спорт нь хувь хүн талаас хүнийг хөгжүүлж, биеэ зөв авч явах, хүнтэй зөв харилцах, соёлтой байх, эрүүл зөв дадал хэвшилтэй байхад сургадаг.
Хүссэн хүсээгүй энэ спорт дэлхий дахинаа маш сайн хөгжиж байна. Монголд ч гэсэн улам сайн хөгжих байх.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил