“Алтан загасны үлгэр”-ийн эмгэн лугаа Ардын намынхан

Хуучирсан мэдээ: 2023.06.16-нд нийтлэгдсэн

“Алтан загасны үлгэр”-ийн эмгэн лугаа Ардын намынхан

“Алтан загасны үлгэр”-ийн эмгэн лугаа Ардын намынхан

Энэ хорвоод өөрчлөгддөггүй зүйл үгүй ажээ. Өмнө шашныг тахалтай зүйрлэж, тархуулахгүй гэж тас цохиж явсан МАН шашингүй үзлийг Монголд хүчээр бий болгосон бол өнөөдөр өөрсдийнх нь имижийн нэг хэсэг нь болсон. Намынхаа 100 жилийн ойгоор Богд Зонховагийн хөшөөг 32 тэрбумаар барих гэж тэд зүтгүүлсэн бөгөөд төсөвт суулгаагүй байхад нь хэзээний шавыг нь тавьсан төдийгүй шаврыг нь зуурсан нь тэд шашинлаг болоод зогсохгүй түүгээр хөрөнгөө зузаатгадаг болсныг ч гэрчилнэ. Үүнтэй зэрэгцэн шашны тухай хуулийг ч батлуулахаар боловсруулсан билээ. Хүн цоорох сайхан бол нам цоорох бүр самгардмаар аж. Өнөөдөр шашин төрийг мандуулахаар тэд хэрдээ хичээж явна. Өөрсдийнх нь хэлдгээр мангаснуудтай тэмцэж явна. Цаг хугацааны шүүлтүүрээр хэн нь мангас, хэн нь бурхан болохыг хэлээд өгөх биз ээ.

Бурхны шашны зурхайн ухаанд 33-ны мөчлөг гэх ойлголт бий.  Монголчуудын 33-ны мөчлөгөөс үнэн голоосоо цэрвэх. Бид энэ шашны мөн чанар, гүн ухаан, ертөнцийг үзэх үзлээс нь илүү хэлбэр төдийхөн шүтдэг болохоор энэ мэт зан үйл нь хэн нэгний амьдралаа залгуулах хэрэгсэл болдог бол нөгөө хэсэгт нь амьдрал, сэтгэл санааны даатгал болох ажээ. Цагаан сар гармагц бушуухан хийморийн сан тавиулж байж бид сая санаа амарна. Энэ үзэгдэл эрх баригчдын дунд бүр хавтгай. Чой хамбыг дэргэдээ суулгаж байгаад түмний нүдэн дээр ирэх жилийн өнгийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асуух бөгөөд их л хэрхэн тал засахыг бид харж л байдаг.

МАН-ын 33-тай гишүүдийн дунд намын байраараа шагайж буй дамтамжийг судлах аваас маш сонин дүн гарах вий. Учир нь мухраар сүсэглэгсэд 156 мянган гишүүнийх нь дотор бишгүй бий. Дундговь аймгийн Дашгэнпэллин хийдийн Тэргүүн лам Б.Доржхорол “33-ны мөчлөг орж буй гал суудалтай эрчүүд өнгөний хувьд “улаан” цээртэй бөгөөд баруун хойд зүгт бэлэвсний газар очиж болохгүй. Ангийн мах идэхэд цээртэй. Эрүүл мэндийн хувьд зүрх, судас дагасан өвчнөөс болгоомжилж, түүнийг зассан ном гүрэмд шамдах нь зүй” гэжээ. Түүний тайлбарласнаар, хүнд хийморь доройтох нас гэж бий бөгөөд тэр нь 33 нас. Энэ үед аливаа хүмүүний хийморь бүр цаанаасаа доройтох аж. Харин Гандантэгчэнлин хийдийн Гадаад харилцааны албаны лам Э.Баасантогтох “33-ны мөчлөгийн хамгийн том засал нь ээжийгээ баярлуулах явдал юм” хэмээж. Уг нь мөчлөгөөс мөрөө баллаад, эжийнхээ ачийг хариулаад нэг сумаар хоёр туулай буудаж болох сайхан санаа. Гэвч сэтгэлийн амьтад хойно, хийморийн сан тавиулж, хэрэгтэй тарниа уншуулахгүй бол хөлөө хугалж, гараа бэртээд энүүхэнд, бүр салж сарниж эхийгээ зовооно гэж үзэгсэд заавал лам залж, өөрөө ч ойлгохгүй ном уншуулж байж сая санаа амарна. Гай газар доороос, гахай модон дотроос, ах нарын амнаас илүү гар нь түрүүлж хөдөлдгийг ч хэлэх үү…

Тиймээс том зургаар нь харвал ардчиллын 33-ны мөчлөг оржээ. Энэхүү мөчлөг нь орсон байхад засал ном хийж, эхчүүд эмэгтэйчүүдийг баярлуулахын оронд хүүхдийг нь ялгаварлаж, хүний нутагт охин үрсийг нь хүчиндэхээс эхлээд бишгүй бузрын явдал тэднээс л гарах аж. Өнөөгийн хулгай дээрэм, төрийн данхар бүтэц, эдийн засгийн уналт гээд бүгдийг өнгөрсөн 30 гаруй жилийн төр засгийн удирдлагын балаг гэж Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар, Г.Занданшатар нарын хэлснийг намынхан нь тоть мэт давтах аж. Христийн шашинтуудын хувьд ч 33 муухай. Мөчлөг нь орсон Есүс Христийг 33 настайд нь цовдолсон билээ. Энэ тухай бидний сайн мэдэх зохиол номд ч бишгүй л гардаг. Алдарт “Алтан загасны үлгэр”-т 33 жил ханилан суусан тухай / Ровно тридцать лет и три года/ өгүүлдэг бол орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч Ц.Дамдинсүрэн бурхны шашинтай монголчууддаа ойлгуулах үүднээс “30 жил тэнэж, 40 жил суув” хэмээн орчуулжээ. Өвгөн, эмгэний насыг илтгэх 70 жил монголчуудын хувьд коммунист дэглэм тогтсон цаг хугацааг илэрхийлдэг.

Харин тэрхүү 70 жилийн алдаа завхарлыг хөгжлийн манлай мэтээр ярьдаг МАН-чууд “Ардчилсан 30 жилд…” гэж муулаад буй эрх баригчид маань 25 жилд нь өөрсдөө төр барьсан гэдгээ мартсан болотой.

Тийм атлаа “Алтан загасны үлгэр”-ийн эмгэн шиг ард хоцорсон 33 жилээ хамаг завхарлын үндэс гэж эрх баригчид итгүүлэхийг хичзэнэ. Мянга давтвал үнэн болдог ёсоор ам нээх тоолондоо ийн адлах.

Өмнө нь шашны сүм хийдийг газартай тэгшилж, лам хуврагуудыг хомроголон хятад явсан бол өдгөө нүглээ наминчилдаг болсон. Урьдын явдлыг цайруулах гэж боломж олдвол шав тавьж, түүндээ лам багшаа байлгаастай. Бурхны шашныг зан үйл, харагдах хэлбэр төдийхнөөр нь дагах тэд мөн чанарыг нь ойлгосон бол Монголд өнөөдөр шамбалын орон сүндэрлэх байлаа.

Одоо ийм утгагүй, улиг болсон үгээ болиод тэмцлээ, хөгжлөө амаараа биш амьдрал дээр батлаж харуулмаар байна. Алтан загасны үлгэрийн эмгэн шиг арай дэндүү ард түмнээ басамжилж байгаа тэд сонгууль болохгүй юм шиг л соотолзож байна. Хэрвээ маргааш сонгууль болвол МАН-ыг сууриар нь суудлаас нь суга татахад иргэд бэлэн байна.

МАН наанаа авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг, хүнд сурталтай тэмцээд байгаа юм шиг харагдах ч цаанаа энэ бүхнийг бий болгож, төрийн эрх мэдлийг улам бүр зузаатгасаар байна. Үндсэн хууль, Сонгуулийн хууль өөр бусад амьдралд нөлөөлөх олон хуулийг иргэдээс асуулгүйгээр нэрийг нь бариуд хүч түрдэг болов. Сонгуулийн хуулиа сонгогчид нь мэдэхгүй төдийгүй ямар өөрчлөлт оруулж буйг нуух маягтай батлахаар зүтгэв.  Тэднийг ажаад байвал яг л "Алтан загасны үлгэр"-ийн эмгэн шиг аашилж байна. Өөрсдийнх нь хөрөнгө, чинээ, амьдрал ахуй өдрөөс өдөрт дээшлээд, бидний амьдрал хоног өнгөрөх тоолонд харанхуй ангал руу унаж байна. Үүнийг тэд өнгөрсний буруу, ирээдүйн сэргэлт хэмээн тайлбарлаж буй ч улам барьцаа ахиулан элдэв өөрчлөлтөөр хувийн хэвшлийг хумиж, төрийн данхар бүтцийг бий болгохоор улайрсаар… Эцэст эднийг хэн төрд гаргасан билээ, бид. Эмгэнийг хэн өөгшүүлсэн билээ, өвгөн…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж