Монголын урлагийн зөвлөлийн “Улаан гэр” галерейд Монгол Улсын Соёлын элч, уран бүтээлч Ц.Ган-Эрдэнийн “Салхинд хийссэн хамхуулын үг” үзэсгэлэн 2023 оны зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 12-ны өдрүүдэд олны хүртээл болох гэж байна. Түүний үзэсгэлэнд байгалийн өөрчлөлт, улс төр, нийгэм, эдийн засаг, технологийн хувьсал өөрчлөлтөөс шалтгаалж бодит амьдрал болон оюун санааны ертөнцөд эрс өөрчлөлтүүд гарч байгааг усны тусгалаар дамжуулан илэрхийлжээ.
Уран бүтээлч Цэндийн Ган-Эрдэнэ нь 1979 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн бөгөөд ХБНГУ-ын Мюнстер хотод ажиллаж амьдардаг чөлөөт уран бүтээлч юм. Тэрбээр 2001 онд СУИС-н харьяа Дүрслэх урлагийн дээд сургуульд профессор Ц.Нарангэрэл багшийн удирдлага дор "Чимэглэлийн уран зураг" мэргэжлээр суралцсан бол 2010 онд Мюнстер хотын Урлагийн академид профессор Херман-Йозеф Куна багшийн удирдлага дор суралцан төгссөн.
Түүний өөрийн илэрхийлэхийг хүссэн агуулгаа усны тусгалаар дамжуулан өөрийн бүтээлдээ шингээн харуулдаг арга барил нь Баруун Европт хэдийнэ танигджээ. Тэр 2006 оноос хойш идэвхтэй уран бүтээлээ туурвиж буй тэрбээр бие даасан болон хамтарсан нийт 12 үзэсгэлэнд оролцож, жил бүр 100 мянга гаруй хүнд өөрийн бүтээлээ хүргэжээ. Түүний Монголын соёл, урлагийг олон улсад таниулан сурталчлахад оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэн 2022 онд ХБНГУ-д суугаа Монгол Улсын Соёлын элчээр өргөмжилсөн.
Ирэх наймдугаар сард тэрбээр урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Ц.Нарангэрэлийн хамтаар “Адууны өвөг” нэртэй уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг ХБНГУ-ын Варендорф хотод толилуулах болно. Монгол Улсын Соёлын элч, уран бүтээлч, багш Цэндийн Ган-Эрдэнийн бүтээлүүд нь Баруун Европын орнуудын нэртэй цуглуулагчид болон музейн цуглуулгад багтсан байдаг.
“Салхинд хийссэн хамхуулын үг” үзэсгэлэн нь долдугаар сарын 12-ныг дуустал “Улаан гэр” галерейд 10:00-18:00 цагийн хооронд үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй толилуулагдах тул та бүхнийг үзэсгэлэнгээр зочлохыг урьж байна.
Холбоотой мэдээ