Урчуудын эвлэлийн хөрөнгө урагшгүй дарга нарын гараар ороод дууслаа

Хуучирсан мэдээ: 2023.06.15-нд нийтлэгдсэн

Урчуудын эвлэлийн хөрөнгө урагшгүй дарга нарын гараар ороод дууслаа

Урчуудын эвлэлийн хөрөнгө урагшгүй дарга нарын гараар ороод дууслаа

Монголын Урчуудын эвлэл хэмээх байгууллага саяхныг хүртэл хэрүүл шуугиангүй, хэлэлцэх маргаангүй, хэн хүнээ гэсэн дулаан сэтгэлтэй халуун ам бүл байлаа. Зураач, урчууд бүхэн өөрийн урлангийн өрөөтэй, уран бүтээлчид нь нарлаад суудаг талбайтай, уран бүтээлээ олонд дэлгэх үзэсгэлэнгийн танхимтай, товчхондоо  хаанаас нь ч харсан хана нь бүтэн, хүн нь бүрэн гэдэг шиг хав дөрвөлжин сайхан айл байлаа. Харамсалтай нь уран бүтээлчид, урлагийн гоо зүй, ёс зүйн төлөө ажиллах амлалт өгч гарч ирсэн үе үеийн дарга нар нь үнсэн товрог болгохоор улайрч байгаа нь дэндүү увайгүй үйлдэл гэлтэй. Хотын А зэрэглэлийн бүсэд  хэдэн давхар барилгатай, хэдэн зуун ам дөрвөлжин талбай бүхий газартай байсан Урчуудын эвлэлийн хөрөнгө урагшгүй хэдэн дарга нарын гараар ороод дуусч буйг баримтаар өгүүлье.

Урчуудын эвлэлийн дүрэмд зааснаар, тухайн байгууллагын хөрөнгө бүх уран бүтээлчдийн саналаар шийдэгдэнэ гэж заасан байдаг ч уран бүтээлчдийнхээ төлөө ажиллана хэмээн амлалт өгч гарч ирсэн Ц.Энхжин, Болд нарын үе үеийн  удирдлагууд зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллаж иржээ. Тэд хотын төвд байсан монументаль урлагийн талбайг хувьдаа авч, худалдааны төв ажиллуулж байгаад эцэстээ энэ газраа арилжиж орхижээ. Өдгөө энэхүү газарт нь өндөр барилга баригдахаар хэдийнэ ажлаа эхэлсэн байна. Хожим энэ асуудлыг  мэдсэн уран бүтээлчид хэл ам хийсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар хэрэг нь хаагдаж, тэд хожжээ. Ингээд өөрсдийнхөө төлөө үнэн шударгаар ажиллах итгэлт нэгнийг сонгосон нь С.Төмөрбаатар байлаа. Гэвч уран бүтээлчдийнхээ төлөө ажиллана хэмээн амлалт өгсөн С.Төмөрбаатар нь өмнөх удирдлагуудынхаа талд илтэд үйлчилж, байгууллагынхаа дүрмийг уран бүтээлчдэдээ бус өөрсдөдөө зориулж өөрчилжээ. Урчуудын эвлэлийн өмчлөлийг нийт гишүүдийн саналаар шийднэ гэх, мөн урлагийн сургууль төгссөн уран бүтээлч хүн Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашна гэх энэхүү хоёр заалтыг хамгийн түрүүнд авч хаяжээ. Энэхүү явдалдаа балмагдсан С.Төмөрбаатар дарга уснаас хуурай гарахын тулд  яаран сандран ажлаа өгч,  урлагийн сургууль төгсөөгүй, уран бүтээлч бус Б.Ганбат гэгчийг  өнгөрсөн жил Урчуудын эвлэлийн ерөнхийлөгчөөр томилсон юм. Сахил хүртээд шал дордов гэгчээр билэг танхай авъяастай урлагийн хүн биш бэл бэнчингээ зузаатгахаар ирсэн барилгын компанийн эзэн болж таарсан юм. Уг нь бол Монголын Урчуудын эвлэлийн дүрмийн X зүйлд “МУЭ-ийн гишүүн нь мэргэжлийн уран бүтээлч байна” гэж цагаан дээр хараар бичсэн байдаг. Гэтэл П.Ганбат нь мэргэжлийн уран бүтээлч биш бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ шаардагдах бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн ноцтой хэрэг илэрчээ. Тэрээр 1994-1997 онд СУИС-ийн уран зургийн ангид суралцаж байсан гэх авч, төгссөн дипломгүй, эзэмшсэн мэргэжилгүй. Дүрслэх урлагийн “Анима” гэх сургуулийг төгссөн гэсэн ч мэргэжлийн дипломын огноо, дүнгийн хавсралтын огноо нь засвартай, бүртгэлийн дугааргүй байсан нь мэргэжлийн зураач биш, хуурамчаар бүрдүүлсэн бичиг баримт болохыг батлаад өгчээ. ХБНГУ-ын Хумболдтын их сургуульд урлаг судлаачаар суралцаж байсан хэмээн герман хэл дээр хоёр баримт өгсөн нь бас л хуурамч байжээ. Нэг баримт нь хэлний шалгалтанд тэнцсэн батламж байсан бол нөгөө нь Хумболдтын их сургуульд суралцахад татгалзах зүйлгүй гэсэн батламж бичиг л төдий байж. Гэтэл тэрээр үүнийгээ урлаг судлаачаар суралцаж байсан хэмээн ичих ч үгүй индэр дээрээс худлаа ярьж, уран бүтээлчдээр тохуурхжээ. Гэтэл Удирдах зөвлөл, ажлын хэсэг энэ ноцтой үйлдлийг хаацайлж хамгаалсаар нэр дэвшүүлжээ. Ингэж хаацайлах учир ч байгаа аж. Ажлаа хүлээлгэж өгсөн МУЭ-ийн Ерөнхийлөгч С.Төмөрбаатар нь 2019 онд П.Ганбаттай нэгэн гэрээ хийсэн байна. Тэд хотын А бүсэд байрлах Урчуудын эвлэлийн хорооны өргөтгөлийн барилгад хөрөнгө оруулалт хийж барих болон түрээсийн гэрээ байгуулжээ. Уг нь Урчуудын эвлэлийн дүрмэнд зааснаар бол, барилга байгууламжинд өөрчлөлт оруулахад Урчуудын их хурлын олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж тодорхой заасаар байхад С.Төмөрбаатар нь тамга атгаж буй давуу эрхээ ашиглан, бүх гишүүдийнхээ үгийг сонсохгүй Удирдах зөвлөлийн хэдэн нөхөдтэй зөвлөлдсөн төдий шийдвэр гаргаж, уран бүтээлчдээ хохироожээ. Ийнхүү гэрээ хийсэн даруй П.Ганбат нь Урчуудын эвлэлийн хорооны Б байрны өргөтгөл хэсэгт хувийнхаа хөрөнгөөр галлерей нэртэй барилга бариад авчээ. Ингэхдээ бүх хөрөнгө оруулалтыг хувиасаа хийгээд, мөн өөрийнхөө нэр дээр гэрчилгээгээ гаргуулжээ. Арван жилийн дараа Урчуудын эвлэлийн хорооны мэдэлд шилжүүлэн өгнө гэсэн амлалт өгсөн нь хачирхалтай. Барилгын компанийн эзэн тэрээр энэхүү галлерей нэртэй нэг давхар барилгаа барихдаа олон давхар барилга барих зориулалттай суурийн бетон ашиглаж барьжээ. Үүнээс нь харахад энэхүү өргөтгөлийн барилгаа 10 жилийн дараа Урчуудын эвлэлд шилжүүлэн өгөх бус бага багаар идсээр Урчуудын эвлэлийг өөртөө авах ашиг сонирхол нуугдаж байна гэж зураачид, уран бүтээлчид эсэргүүцэж байгаа юм. Хотын төвийн зэрэглэлийн газар хэдэн арван тэрбумаар яригдаж байгаа энэ үед Урчуудын эвлэлийн газар барилгын  компанийн эзэнд унац ихтэй наймаа болж харагдах нь мэдээж. Тэрээр ямар ч мөнгө төгрөг зарлагадахгүйгээр өөрт байгаа эрх мэдлээ ашиглан Урчуудын эвлэлийн барилга болоод газарт өндөр барилга барихаар хорхойсч байгаа нь ойлгомжтой.

Энэхүү увайгүй үйлдлийг хожим нь мэдсэн уран бүтээлчид маань нэгдэж,  П.Ганбатыг шүүхэд өгсөн ч тэрээр өөрийгөө хамгаалан, хамаг булхайгаа өмнөх Ерөнхийлөгч С.Төмөрбаатар руу бухжээ.  Хэдэн сараар дамнан маргалдсаны эцэст шүүхээр албадан байж,  өөрчлөлт оруулсан дүрмийг ил болгожээ. Гэтэл нийт уран бүтээлчдийг төлөөлсөн гэх 10-хан хүний шийдвэрээр өөрчилсөн дүрмийн өөрчлөлт нь хуульд нийцнэ  гэх үгээр халхавчлан шүүх луйварчдын талд шийджээ. Харин ганц нэг шударга уран бүтээлчид зарим хүнд хоёр мандат өгч, хууль бус шийдвэр гаргуулсан гэдгийг нотолсон ч өнөөх шударга ёсыг сахихаа болиод удаж буй шүүхээс уран бүтээлчдийн олонхи нь ийм гомдол гаргаагүй учир цөөн хүний үйлдлээр нотлогдох боломжгүй байна гэсэн хачин шийдвэрийг гаргаж, аанай л луйварчдыг хаацайлжээ.  2015 онд оруулсан өөрчлөлтийг үе үеийн удирдлагууд нь үгсэн хуйвалдаж хийсэн бөгөөд энэ талаараа уран бүтээлчид, урчууддаа ганц ч үг дурсаагүй байна. Газраа алдаж, барилгаа дээрэмдүүлж эхлэхдээ л энэ асуудлыг сөхсөнөөр ийнхүү луйвардсан нь тогтоогджээ.

Бас нэгэн ноцтой мэдээлэл нь, Урчуудын эвлэлийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь ямарваа нэгэн өр төлбөргүй байх ёстой гэсэн шаардлага байгаа бөгөөд холбогдох баримт бичгүүдийг өгөх ёстой байсан аж. Гэтэл П.Ганбат нь ямар ч өр төлбөрийн талаарх мэдээллээ өгөөгүй байна. Хувийнхаа хөрөнгөөр галлерей байгуулж аархаад байсан тэрээр үнэндээ асар их өр ширтэй, бүр хугацаа хэтэрсэн муу зээлийн түүхтэй нэгэн байжээ. Монголбанкны мэдээллийн санд байгаа мэдээллээр, тэрээр нийтдээ 300 гаруй сая төгрөгийн өр зээлтэй ба үүний 100 орчим сая нь муу зээлийн түүхэнд орсон байна. Банк, санхүүгийн байгууллага итгэлцэл дээр мөнгөө бусдад зээлүүлдэг. Гэтэл наад захын ийм итгэлийг дааж чадахгүй, гурван ч газраас зээлсэн өр төлбөрөөрөө муу зээлийн түүхэнд бичигдэж, найдваргүй харилцагч болсон байна. Холбооныхоо дүрэм журмыг хэд хэдэн зүйлээр зөрчин, хууль бусаар сонгогдсон П.Ганбат нь барилгын гурван ч компанитай гэх бөгөөд Урчуудын эвлэлийн хотын төвд байршилтай тус эвлэлийн барилга болоод газарт нь эзэн суухаар санаархаж байгаа юм. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Энхжин албан тушаалаа урвуулан ашиглаж, МУЭ-ийн мэдлийн газрыг зарж арилжсан маргаан өнөөдрийг хүртэл шүүх дээр үргэлжилж байгааг сануулахад илүүдэхгүй байх. Урлаг, уран бүтээлийг мөнгөөр үнэлж, хэмжиж болдоггүй. Ийм учраас ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс энэ салбарт орж ирэхэд тухайн салбар хөгжил гэхээс илүү мөнгөнийх болж эхэлдэг. Яг ийм замаар яваад өнөөдөр Монголд мэргэжлийн урлаг устаж, мэргэжлийн уран бүтээлчид гудамжинд гарч байгааг балет, дуурь, цирк гэх мэтээс бэлээхэн харж болно. Харамсалтай нь уран бүтээлчдийн сүүлчийн цайз болсон МУЭ-ийн хороог энэ гай тойрсонгүй. Будаг шунх, бийр цаасан дундаа уран бүтээлээ туурвиж, нам гүмхэн амьдарч, нам улстөр дагадаггүй, урлагаа дээдэлж явсан уран бүтээлчид маань барилгын компанийн эзэнд луйвардуулж суугаадаа гомдолтой байгаа аж. Бийр багсаа тэврээд  гудамжинд гарах, барилга, газраа хамгаалахаар хамтдаа тэмцэх хатуухан сонголтын өмнө урчууд, зураачид минь ирээд байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж