Монгол ТЗХ-ийн Санхүүжилтийн Таксономиг баталсан улсуудын нэг боллоо

Хуучирсан мэдээ: 2023.06.15-нд нийтлэгдсэн

Монгол ТЗХ-ийн Санхүүжилтийн Таксономиг баталсан улсуудын нэг боллоо

Монгол ТЗХ-ийн Санхүүжилтийн Таксономиг баталсан улсуудын нэг боллоо

Улаанбаатар – 2023 оны 6-р сарын 15: Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-уудын санхүүжилтийн Таксономи”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023 (ТоС долоо хоног)” өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг, цуврал арга хэмжээний үеэр баталж, танилцууллаа.

Монгол Улсын Сангийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас “НҮБ-ын ТХЗ хамтарсан сан”-гийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн "Монгол Улсад Тогтвортой хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх нь" хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо)-ноос НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “ТХЗ-уудын санхүүжилтийн Таксономи”-ийн баримт бичиг, ангиллыг олон улсын болон дотоодын сайн туршлага, стандартын дагуу боловсруулж, оролцогч талуудын санал зөвлөмжийг тусган, Монгол Улсын онцлогт нийцүүлэн боловсруулсан юм. Ингэснээр Монгол Улс ТХЗ-ын таксономи баталсан дэлхийд анхдагч улсуудын нэг боллоо.

Монгол Улсын хувьд Үндэсний ногоон таксономи буюу ногоон санхүүжилт олгох боломжтой үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг таних нэгдсэн тодорхойлолт, ангилал зүйг 2019 онд анх боловсруулж, баталсан бөгөөд үүний дагуу банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуууд ногоон зээлээ бүртгэн, салбарын хэмжээнд нэгдсэн тайлан боловсруулж, хувийн хэвшлээс оруулж буй ногоон зээлийн урсгалыг хэмждэг болсон юм. Түүнчлэн ногоон таксономи дахь ангилал, үйл ажиллагааны дагуу анхны ногоон бонд, даатгалын бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын сангууд бий болсон байна.

Харин одоог хүртэл ТХЗ-уудын санхүүжилтийн таксономи буюу нийгмийн салбаруудыг багтаасан ангилал байхгүйн улмаас энэ чиглэлийн зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, томоохон хөрөнгө оруулалт болон төрөл бүрийн бондын санхүүжилтийг ТХЗ-д уялдуулан тодорхойлох нэгдсэн стандарт тодорхойгүй, хувийн хэвшлийн ТХЗ-д чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн урсгалууд бүртгэгдэхгүй байсаар ирсэн билээ. Тэгвэл энэхүү Таксономийг баталснаар Монгол Улсын хэмжээнд аливаа санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалын ТХЗ-д оруулж буй хувь нэмрийг бүртгэх, тайлагнах, гадна дотны хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэх давуу тал, эхлэл тавигдаж байна.

ТХЗ-уудын Санхүүжилтийн Таксономи нь Үндэсний Ногоон Таксономийн ангилалд суурилсан бөгөөд үүн дээр боловсрол, эрүүл мэнд, мэдээлэл харилцаа холбоо, хүртээмжтэй дэд бүтэц зэрэг нийгмийн салбаруудыг нэмснээр Тогтвортой хөгжлийн 17 зорилт, 142 индикатор үзүүлэлтэд нийцсэн эдийн засгийн үйл ажиллагааг 12 үндсэн салбарт ангилан тодорхойлж, үр нөлөөллийг хэмжих, баталгаажуулах, тайлагнах шалгуур үзүүлэлтийг мөн багтааснаараа онцлогтой юм.

Монгол Улс Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт, Алсын хараа 2050 зэрэг бодлогын хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 27.2 хувиар бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулж, чанартай боловсрол, сайн засаглалыг бий болгох замаар ногоон, нийгмийн хүртээмжтэй хөгжилд хүрэх зорилтыг тавьсан билээ. Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг биелүүлэхэд 11.7 тэрбум ам.доллар, харин ТХЗ-уудыг биелүүлэхэд 2030 он хүртэл нэмэлтээр 43 тэрбум ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоолол байна.

Үүний тулд өнөөгийн болон ирээдүйн санхүүжилтийн урсгалыг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудад чиглүүлэх, олон талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдуулах хэрэгцээ үүсэж байна. ТХЗ-ын таксономи батлагдснаар дээрх зорилтуудыг дэмжсэн төр, хувийн хэвшлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, шинэ эх үүсвэр татах, шинэ зах зээлийн боломжуудыг нээхэд томоохон хувь нэмэр оруулах боломжтой юм.

Монгол Улсын ТХЗ-уудын Санхүүжилтийн Таксономи батлах тушаалыг Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Барсайхан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хадгаламжийн Даатгалын Корпорацийн Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн нар үзэглэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж