АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен зургадугаар сарын 18-19-ний өдрүүдэд Хятадад айлчилна. Түүний энэ айлчлал өнгөрсөн хоёрдугаар сард товлосон ч цуцлагдаад байсан юм. Хятадын Гадаад хэргийн яам болон АНУ-ын Төрийн департамент зургадугаар сарын 14-нд тус тусдаа хэвлэлийнхэнд мэдэгдэл хийж, Блинкен ирэх амралтын өдрүүдэд Бээжинд айлчилна гэж мэдэгджээ.
Тэрээр мөн хоёр талын анхаарал татсан асуудлууд, дэлхий нийтийн болон бүс нутгийн зөрчил, үндэстэн дамнасан нийтлэг сорилтуудын талаар боломжит хамтын ажиллагааны талаар хөндөн ярилцах гэнэ.
Харин Хятадын Гадаад хэргийн яамны мэдэгдэл үүнээс хавьгүй богино байсан бөгөөд "Хоёр орны хооронд тохиролцсоны дагуу АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен зургадугаар сарын 18-19-ний хооронд Бээжинд айлчлах болно" гэсэн байв. Ийнхүү хоёр талын мэдэгдэлд Блинкенийг Хятадын ямар албан тушаалтан хүлээн авч уулзахыг тодорхой дурдаагүй. Тиймээс түүнийг Хятадын дарга Ши Жиньпин эсвэл Гадаад хэргийн сайд асан Ван И нар хүлээж авч уулзах эсэх нь тодорхойгүй байна.
Ван И өнгөрсөн оны намар Хятадын Коммунист намын Гадаад харилцааны комиссыг тэргүүлэхээр болж тушаал дэвшсэн билээ.
Түүнчлэн Блинкений айлчлал нь Хятадын гадаад хэргийн сайдын урилгаар биш АНУ-ын талаас шахаж шаардсаны дагуу хийгдэж буй мэт ойлгогдож байна. Ямартай ч энэ айлчлал Хятадын Гадаад хэргийн сайд Цин Ган болон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар утсаар ярилцсаны дараа зарлагдлаа. Тэд утсаар ярилцахдаа ямар асуудлыг хэлэлцсэнийг АНУ-ын талаас тодорхой мэдээллээгүй. "Зөвхөн Блинкен хоёр талын болон дэлхийн олон асуудлыг хөндсөн бөгөөд АНУ санаа зовниж буй салбарууд болон хамтын ажиллагааны боломжит салбаруудыг хөндөхийн тулд дипломат харилцаагаа үргэлжлүүлнэ гэдгээ тодорхой илэрхийлсэн" гэж мэдэгджээ.
Үүний эсрэгээр Тайвань зэрэг үндсэн ашиг сонирхлын талаарх Хятадын байр суурийг "АНУ хүндэтгэх ёстой" гэсэн шаардлагын Бээжин тавьсан байна. Тодруулбал, “Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо боль”, “Өрсөлдөөн нэрийн дор Хятадын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхолд халдахаа зогсоо” гэх мэтээр хатуу байр суурийг илэрхийлсэн байна.
АНУ, Хятадын харилцаа энэ он гарсаар тагнуулын бөмбөлөг хөөргөсөн гэх мэт асуудлаас болж улам хурцадсан билээ.
Ингэж хоёр талын Гадаад харилцааны албаныхан айлчлалын өмнө утсаар ярих нь харилцан нэгнийхээ байр суурийг тандах, тодорхойлох, хэлэлцэх асуудлаа тодруулах зорилготой байдгийг улс төрийн шинжээчид тайлбарлажээ. Мөн энэ нь хоёр тал харилцаагаа сайжруулахын тулд хоёул хичээж буйг харуулж байна гэж дүгнэв. АНУ -ын талаас Бээжинтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэж, Хятад улсын зүгээс "үндсэн ашиг сонирхлыг" хамгаалагчийн хувьд шударга байдлаа бэхжүүлэхийг зорьж байна. Гэхдээ Блинкений айлчлалыг хүлээн зөвшөөрснөөр Хятад улсад ч маргаан дагуулж байгаа аж. Өмнө нь өнгөрсөн хоёрдугаар сард Блинкенийг Бээжинд айлчлахыг урьсан мэдэгдэл гарсны дараа хятад шинжээчдийн зүгээс нэлээд шүүмжлэл дагуулжээ.
Холбоотой мэдээ