Өмнөд Солонгос улсад гурван настай монгол хүүхдийг албадан нутаг буцаахаас өмнө 18 хоног саатуулсан бичлэг цахим сүлжээнд тарсан. Энэ хугацаандаа өвдсөн хүүхдэд эмнэлгийн тусламж хангалттай үзүүлээгүй гэж Хууль зүйн яамыг буруутгаж байна. Жинбо намаас Лхагва гаригт мэдэгдэл гаргахдаа Хууль зүйн яамыг хүүхдийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрхийг зөрчсөн гэжээ. Мөн энэ нь гадаадын цагаачдыг хэт их үзэн ядах үзлийг өдөөж байна гэв.
Хүүхдийг 22 настай аавынх нь хамт саатуулсан. 18 хоногийн гуравт нь газар доорх хоргодох байранд, 15-д нь Кёнги мужийн Сувон дахь цагаачдын саатуулах төвд байжээ. Аав нь хүчинтэй визгүйгээр Өмнөд Солонгост оршин сууж байсан. Өмнөд Солонгост дутуу төрсөн хүүгийнхээ эмчилгээний зардлыг төлөхийн тулд аав нь тэнд хоёр жил гаруй ажилласан гэх мэдээлэл байна. Хүүгийн аав ээж Өмнөд Солонгост аяллаар ирсэн боловч Covid-19-ийн хязгаарлалтаас болж нутаг буцаж чадахгүй байсаар хүүхдээ төрүүлжээ. Хүүхдийг төрөөд удаагүй байхад ээж нь зугтсан гэх мэдээлэл байна.
Хүүхдийн аав шаардлагатай зардлуудыг төлөхийн тулд хууль бусаар ажиллаж эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард хүүхдийн аав зөвшөөрөлгүйгээр машин жолоодож яваад цагдаад баригдсан байна.
Хоригдож байх хугацаанд хүүхдийн гэдэс өвдөж, хүүхдийн эмчид хоёр ч удаа үзүүлжээ. Гэвч батлан даалтад гаргах ар гэрийнхнийх нь хүсэлтийг зөвшөөрөөгүй байна. Улмаар 17 дахь өдрөөс хүүхдийн бие муудаж, хоолонд дургүй болсон. Тиймээс аав нь Хүний эрхийн үндэсний комисст дөрөвдүгээр сарын 19-нд гомдол гаргажээ. Гомдол гаргасны маргааш нь аав, хүүхэд хоёрыг шилжүүлэн өгөхөөр Инчоны нисэх онгоцны буудал руу явуулсан байна.
Хууль зүйн яамнаас мэдэгдэхдээ Монголын гэр бүлд хууль бусаар хандсан удаагүй гэжээ. Мөн Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан талаар нь мэдээгүй бөгөөд хүүхдийн биеийн байдал батлан даалтад гаргахуйц хэмжээнд байгаагүй гэсэн байна.
Эх сурвалж: KOREA HERALD
Холбоотой мэдээ