Б.Баабар ба З.Энхболд: Оюутолгой-Тавантолгой-“Орано”

Хуучирсан мэдээ: 2023.06.15-нд нийтлэгдсэн

Б.Баабар ба З.Энхболд: Оюутолгой-Тавантолгой-“Орано”

Б.Баабар ба З.Энхболд: Оюутолгой-Тавантолгой-“Орано”

Б.Баабар, З.Энхболд хоёр төөлбөл бие, тоолбол нас чацуу шахуу.  Нэг нь төрийн алх барьж үзсэн, нөгөө нь төрийн сан манаж явсан, үзсэн дуулснаараа ойролцоо, ааш араншингийн хувьд адармаатай, улстөрчид дундаа улаан хэлтийг урдуураа гаргадаггүй хоёр. Тэдэнд цагтаа нэг намын гишүүн байсан  намтар нь, цалингаа буухаар наргиж явсан дурсамж нь бий ч байх. Авчиг тэд үзэл бодол өөр, үнэт зүйлийн зөрүүтэй, тэр нь үг, үйлдлээс нь танигддаг, харагддаг.

УИХ-ын дарга З.Энхболд, нийтлэлч Б.Баабар хоёрын твиттерт хийсэн “дуэль” олон нийтийг С.Баярцогт, С.Энхсайхан нарыг хилсээр ялласан он цаг руу түүнээс цаашлаад Оюутолгой, Тавантолгойн төсөл рүү аваачив. З.Энхболд нь Тавантолгойн ордыг  Хятадын төрийн өмчит компанид 100 жилээр бэлэглэх гэсэн гэж Б.Баабарыг буруутгасан бол Б.Баабар түүнийг С.Баярцогтыг хилсээр ялласан хүн бол Женко биш З.Энхболдыг болохыг нэрлэв. Хэрүүлийн үндэс нь УИХ-ын дарга асан З.Энхболдын  "Боомт сэргээд оочиргүй болоогүй юм уу" гэх жиргээнийх нь хариуд нийтлэлч Б.Баабар "Ачаа бараагаа төмпөнгөөр зөөж ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж боомт хаасан гар чинь энэ өөрөө биз дээ" гэснээс үүдэлтэй. Хэн, хэнийгээ хорон үгээр матсан тэдний хэрүүлээс чухал  нь том төслүүд унах, урагшлах нь Монголын эдийн засагт ямар үр ашиг, хор хөнөөлтэй вэ гэсэн асуулт юм.

ТАВАНТОЛГОЙ

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсныхоо дараа М.Энхсайханыг засагтаа урьж, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг даалгавар өгсөн байдаг. Тиймээс М.Энхсайхан олон улсын хөрөнгө оруулагчдын нээлттэй тендер зарлаж, Хятадын “Шинхуа ресурс”, Монголын “Энежри ресурс”, Японы “Сүмитомо” гэх гурвалсан консерциумыг шалгаруулсан юм. Гучин жилийн хугацаатай хэрэгжих, дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохирсон боловч З.Энхболдын эсэргүүцлээс болж хөрөнгө оруулагчид үзгээ өвөртлөөд буцсан нь найман жилийн өмнөх явдал. Тавантолгойг хятадуудад 100 жилээр өгөх гэж байсныг зогсоон гэх үг З.Энхболдын өөрийнх нь бодож олсон пропаганда. Үнэндээ Японы "Сүмитомо” гол борлуулалтаа хариуцахаар, тиймээс хөрөнгө оруулалтын дийлэнхийг нь босгох үүрэг хүлээж байсан энэ төсөлд “Шинхуа ресурс”-ийг урьсан нь Хятадын төмөр замын сүлжээг ашиглаж гуравдагч орон руу нүүрсээ зарах гэсэн “заль” байсан юм. Тэдний сонгосон Монголын компани нь "Энержи ресурс" байлаа. Энэ бүхэн өнгөрсөн цаг дээр бичигдэхэд З.Энхболд, Х.Баттулга хоёрын үүрэг роль их.

Цагтаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг гацаах, унагаах улс төрийн сценарийг хамтдаа суугаад найруулж явсан З.Энхболд, Х.Баттулга нарын хоршил өдгөө 40 их наядын нүүрсний хулгайн гол сэжигтнээр буруутгагдах болсон. Тэднийг нүүрсний хулгайч мөн болохыг нь ч  Хуулийн сайд Х.Нямбаатар өөрийн амаараа олон нийтэд зарласан билээ.

Атал хөхөө өвлийн хүйтнээр улсаа “түймэрдэж", оронгоо нураах нь холгүй улайсч байсан 40 их наядын нүүрсний хулгай харвал хальс, үзвэл үнс болоод дуусах шинжтэй. Угтаа МАН-ынхан хүсвэл нүүрсний хулгайгаар УИХ дээр сонсгол хийж чадна. Эс хүссэн тул дээрээс өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Ганболд элдэв арга саам хийж, цаг хожиж буй нь илэрхий ойлгомжтой байна.

Тавантолгой төсөл улстөржилтөө даахгүй унахад оройлон оролцсон З.Энхболдын нүүрсний хулгайн хэрэг нь хэдийнэ боогдож, өнөө маргаашгүй шүүхэд шилжихэд бэлэн болсон гэх. Иймээс л тэрбээр унасан бөх адил ууртай байгаа нь аргагүй. Угаасаа авто машинаар нүүрсээ зөөх нь илүү олон ажлын байр бий болгоно гэж хэлсэн нь З.Энхболд. Тэрхүү тээвэрлэлтийн ард ямархуу хулгай, луйвар явагддаг байсныг та бид чихээрээ сонсоцгоолоо.  Өнгөрсөн хугацаанд З.Энхболдын “Тавантолгойг та бидэнд” авч үлдээсэн нь ердөө шилний цаанаас чихэр долоолгосон үг, үйлдэл байжээ.

Хулгайд алдсан нүүрсний хохирлын хэмжээ нь 40 их наяд, мөн өнгөрсөн 14 жилийн хугацаанд 80 их наядын  нүүрсний борлуулалтын боломжоо алдсан гэвэл энэ нь Л.Оюун-Эрдэнийн зарласан "Шинэ сэргэлтийн бодлого"-д шаардагдах 120 их наядтай тэнцэх мөнгөн дүн юм.

Болсон явдлыг эргэн сануулахад, Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч, З.Энхболд түүний Тамгын газрын дарга байх үед “хонгилдуулсан” 14 улстөрчийн нэг нь М.Энхсайхан. Түүнийг Тавантолгойн гэрээг байгуулахдаа бусдад давуу байдал үүсгэсэн мөн Эрүүгийн хуулийн 19.6 дахь заалт буюу Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр хорлон сүйтгэх ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан боловч, нотлох баримт олдоогүй тул шүүхээс автомашины хэрэгт буруутган дөрвөн жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн юм. Хилс хэрэгт яллагдсан М.Энхсайхан шоронгоос суллагдаж,  улсаа тоносон хэргээр З.Энхболд дээлээ нөмрөх дээрээ тулсан нь нэг ёсондоо "Karma is for you".

ОЮУТОЛГОЙ БА “ОРАНО”

Оюутолгойн төсөлтэй холбоотой таван улстөрч Х.Баттулгын "хонгил"-оор ороод гарсан нь  С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Болор, Б.Бямбасайхан нарт байлаа.  Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт тэднийг буруутгасан авчиг нотлох баримт олдоогүй тул шүүх хэрэг зохиож яллахад хүрсэн баримт өмгөөлөгч М.Баасанцогтын хувийн компьютэрээс олдсон билээ.

Жишээ нь, С.Баярцогтыг үндэслэлгүй баяжсан гэж 4.8 жилийн ялаар шийтгэсэн нь Б.Баабарын жиргэсэнчлэн энэ нь  З.Энхболдын хийсэн ажил байжээ.  Харин 2021 оны долдугаар  сард Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хурлаар бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөрдөн байцаалтад буцаасан. Улмаар мөрдөх байгууллагаас ирүүлсэн саналыг хянаж үзээд прокуророос түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Оюутолгой нь Монгол Улс анх удаа бие дааж гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан, дэлхийд дөрөвт бичигддэг зэс үйлдвэрлэх том төсөл. Гэрээ зурагдсан 2009 онд монголчуудын дийлэнх нь хэдэн малтайгаа сайхан амьдарна гэсэн ойлголттой байв. Аз болоход ийм бодолтой хүмүүс харьцангуй цөөрсөн үед Х.Нямбаатар  "Зөөвч-Очоо" төслийн хөрөнгө оруулалтын гэрээг Францын “Орано”-тай хэлэлцэж тохирох ажлын хэсгийг ахлаж байна. Х.Нямбаатар хэр гэрээ байгуулахыг монголчууд цаг хугацааны хувьд тун удахгүй харах болно.

14 жилийн өмнө С.Баяр, С.Баярцогт нар мөс зүсээгүй  байсан бол Х.Нямбаатарт том төсөл хэрэгжүүлэх “гарын авлага” байхгүй байсан нь үнэн. Тэгж ярих юм бол хөрөнгө оруулалтын гэрээг Сангийн эсвэл Эдийн засгийн хөгжлийн сайд нь хариуцах ёстой. Тэр утгаараа Хуулийн сайд нь “бүх юмны” ажлыг хэсгийг ахлах нь магадгүй хожмоо түүнийг  гаргасан шийдвэрийнхээ төлөө С.Баяр, С.Баярцогт, Н.Алтанхуяг шиг, Ч.Сайханбилэг шиг хууль, шүүхийн өмнө дуудагдах "алдаа" болохыг ч үгүйсгэхгүй.

Монголын 34 хувьд ногдох үүссэн зээлийн төлбөрийг тэглэх хүртэл төслийн үйл ажиллагаа хэдэнтээ зогсож, гацаж байсан нь болсон явдал. Тийм ч учраас Оюутолгойн төслийг цааш нь үргэлжлүүлэхийн тулд Ч.Сайханбилэг далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг батлах түүхэн шийдвэр гаргасан байдаг. Үүний үр дүнд өнгөрсөн гуравдугаар сард Х.Нямбаатар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын нээлтэд оролцож, “хонх цохилцсон” билээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн төслийн өнөөдрийн “амжилт” өчнөөн хүний хөлс, хүч, хичээл, зүтгэлтэй холбоотой. Үнэн юм үнэнээрээ, үнэгэн малгай өвөлдөө сайхан  гэж үг бий.

Тавдугаар сарын сүүлээр Монголд хугас хоног айлчилсан Францын Ерөнхийлөгч Э.Макрон ирэх аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг нутагтаа айлчлахыг урьсан агаад Парист хоёр улсын Засгийн газар хоорондын Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэнэ гэсэн хүлээлт эдийн засагт нэгэнтээ үүссэн. Улс төрийн элдвийн саад бэрхшээлгүйгээр монголчууд хэлсэн, тохирсон байж чадвал гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан бас нэг чухал төсөл гараанаас гарна гэсэн үг. "Зөөвч-Овоо", "Дулаан-Уул"-ын ураны төслийг хэрэгжүүлснээр эхний жилд 750 тн, таван жилийн дараа жилд 2500 тн нунтаг олборлохоор тооцжээ. Зөвхөн "Зөөвч-Овоо"гэхэд ураны нөөцөөрөө дэлхийд эхний 10-т ордог томоохон орд. Урьдчилсан тооцооллоор, төсөл хэрэгжүүлэх хугацаанд нэг тэрбум ам.долларын татвар хураамжийг Монгол Улсад төвлөрүүлэх аж.  Түүнчлэн 2040 онд дэлхийн ураны хэрэглээ 112 мянган тонн болж өснө, тиймээс энэ зах зээлд том тоглогч болох ирээдүй Монголын өмнө байна гэсэн үг.

Францын "Орано"/Арева/ компани ерээд оны дундуур Монгол, Казакстан хоёр улсад нэгэн зэрэг эрэл хайгуулын үйл ажиллагаагаа эхлүүлж, 2005 онд Казакстан анхны шар нунтгаа экспортод гаргаж байжээ. Тэгвэл Узбекистанд 2018 оноос үйл ажиллагаа эхлүүлсэн "Орано" үйлдвэрлэлийн барилга угсралтын ажлаа хийж дуусах шатандаа яваа гэсэн шинэ мэдээ сонсогдож байна. Атал Монгол Улс хориод жилийн дараа дөнгөж Хөрөнгө оруулалтын гэрээгээ үзэглэх тухай ярьж сууна. Үндсэндээ 2023 ондоо багтааж, Хөрөнгө оруулалтын гэрээгээ үзэглэж, үндсэн олборлолтоо эхлүүлэхгүй бол УИХ-ын сонгууль дөхөх тусам төсөл хэрэгжүүлэх хугацаа дахиад хойшлох эрсдэлтэй. Иймээс өчигдрийн Оюутолгойн гэрээний алдаа, оноог дэнсэлж  биш өнөөдрийн хувьд "Орано"-тай хөрөнгө оруулалтын гэрээг яаравчлан зурах тухай бодох цаг. Ураны төсөлд улсаа төлөөлж, хөрөнгө оруулалтын гэрээ хийх хариуцлагатай үүрэг хүлээсэн Х.Нямбаатар сайдад зөвлөхөд сайн түнш гэж байдаггүй, сайн гэрээ гэж байдаг. Төгсгөлд нь Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу ханддаг логикоор С.Баяр, С.Баярцогт, М.Энхсайхан шиг хэзээ нэгэн цагт хэлмэгдэж ч магадгүй. Гэхдээ аливаа ажлыг эхлүүлэх нь тухайн ажлынхаа 50 хувьтай тэнцдэг гэдэг. Тавантолгой шиг хулгай, луйврын үүр овоохой болгоод дуусгах эсвэл Оюутолгой шиг дэлхийн том төслийг эхлүүлж чадах үгүй нь Х.Нямбаатарын ухаан болоод эр зоригоос хамаарна, гарцаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж