УИХ: Эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиар тогтоох заалт 2028 оноос хэрэгжихийг дэмжив
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгаж буй. Тухайлбал, УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиар тогтоох заалт 2028 оноос эхлэн хэрэгжих тухай санал гишүүдийн 60 гаруй хувийн дэмжлэг авч, батлагдлаа. Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар эмэгтэйчүүдийн квот 30 хувь хүртэл байх заалт хэрэгжих болж байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн дээрх заалтыг УИХ-ын дарга Г.Занданшатар "Төрийн байгуулалтын байнгын хороо харьцангуй дундын хувилбар оруулж ирсэнд талархаж байна" гэсэн юм.
Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөллийг харгалзах,
Нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны нэгдсэн хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй байх,
Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах зардал энэ хуулийн 50.1-д заасны дагуу тогтоосон зардлын дээд хэмжээний 15 хувиас хэтрэхгүй байх,
Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох зэрэг нийт 13 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Улмаар уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг цаг сунган хуралдуулж байна.
Ж.Батсуурь: Хулгайн мөнгө 2024 оны сонгуулиар нүүрээ хувирган орж ирнэ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгаж байна. Санал хураалгах шатанд мөн гишүүд асуулт тавьж, хариулт авч буй юм.
УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:
-Нүүрсний хулгай, ЖДҮ ийн хулгайн мөнгө 2024 оны сонгуулиар нүүрээ хувирган орж ирэх гэж байна. Яагаад гэвэл АН аас гаргасан саналыг дэмжсэнгүй. Сайд дарга нар улсын төсөвт суулгадаг хөрөнгө оруулалтаар сонгогчдыг татна. Энийг хориглох заалт оруулах санал гаргасан ч дэмжээгүй. Эрх баригчид дараагийнхаа ялах тоглоомын дүрмийг хүч түрж байгаа. Намаас өгсөн санал бүрэн тусахгүй байгаад сэтгэл гонсгор байна.
Улс төрийн нам сонгуульдд оролцвол заавал 39-ээс доошгүй хүн нэр дэвшүүлнэ гэж байгаа.
УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:
-Тойргийн гишүүн, жагсаалтын гишүүний ялгаа яригдахгүй байгаа. Ялгаа байхгүй гэдгийг яаж батлах юм бэ. Жагсалтаар нэр дэвшсэн гишүүн УИХ-д намын квотоор орж ирнэ. Жагсаалтаар сонгогдсон гишүүнд нам нь хариуцлага тооцоод намын гишүүнээс хасахад бүрэн эрхийн асуудал үүсэх үү. Тодорхой хууль эрх зүйн хамгаалалт, ойлгомжтой байдал бий юу. Үндсэн хуулийн үг өгүүлбэрт олныг сонгоно гэсэн. Гэтэл явсаар байгаад олныг гэдэг нь хэдэн хувь нь санал өгдөг билээ. Ард иргэдийн маш бага саналаар сонгогдох нөхцөл үүсэх гээд байна. Сонгуулийн ирц дээр ямар бодлого барих юм.
Улс орнууд төрөөс халамж үйлчилгээ авдаг бол төрөө байгуулахад оролцох ёстой гэж үздэг. Оролцоогүй тохиолдолд халамжаас хасдаг ч юм уу, нийт иргэдийнхээ 10 хан хувийн саналаар сонгогдох магадлал бий. Үүсч болзошгүй нөхцөл байдлаас хамгаалсан зүйл бий юу?
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.ТОГТОХСҮРЭН:
УИХ-д УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хоёр төсөл өргөн баригдсан. Ардчилсан намын тавьсан бүх саналыг авсан. Нэг нам дангаараа хууль хийсэн юм шиг ярьж болохгүй. Н.Ганибал, С.Одонтуяа гишүүн “бүх саналыг авлаа” гэснийг чекэлсэн.
Жагсаалтаар нэр дэвшиж байгаа гишүүдийн асуудлыг УИХ- ын тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулиар зохицуулж өгнө.
Одоо мөрдөж байгаа сонгуулийн хуулиар тухайн сонгогчдын 50+1 ирж байж, хүчинтэй гэдэг. 10, 20 хувь сонгуульд оролцох боломжгүй, заавал 50 хувь оролцох ёстой. Тухайн тойрогт хамгийн олон санал авсан хүнийг сонгогдсонд тооцно гэдэг зарчим явж байгаа. Мөнгө тараахтай холбоотой заалт дээр УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуулийн харилцааг зохицуулсан хууль. Сонгуулийн бус үедэх харилцааг энэ хуулиар зохицуулах боломжгүй. Дөрвөн жилийн турш хаая гэдэг нь боломжгүй зүйл. Сонгуулийн хуулиар зохицуулах харилцаа биш гэж үзсэн.
УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:
-2028 оноос 40 хувь гэдэг хувилбар ярьж байх шиг байна. Манай парламентад суугаа эмэгтэй гишүүд болон УИХ-д суудалтай болон суудалгүй намын эмэгтэйчүүд нийгэмд нөлөөллийн ажил хийж байгаа нь сайн. Төрийн байгуулалтын байнгын хороонд санал гаргасан, тэмдэглэлд ороогүй байна. 2024 оны УИХ-ын сонгуулиас 35 хувь гэдэг санал гаргасан, дэмжигдээгүй.
50 хувь гэдэг саналыг 2022 онд гаргаад танилцуулсан ХҮН. Хуулиар квотыг ингэж тогтоож байгаа ч гэлээ энэ зарчим дээрээ хатуу байна гэдгээ мэдэгдье.
Монгол Улс парламентын засаглалтай. Ардчиллаа бэхжүүлэхийн тулд попууд биш улс төрийн институц орж ирээд бодлогоор өрсөлддөг байх ёстой. Тэр бүлэг нь эмэгтэйчүүд.
Өнөөдрөөс квотын асудлаа шийдээд явах хэрэгтэй. Цаашдаа 50х50 гээд яваасай.
УИХ-ын гишүүн П.АНУЖИН:
-Хувь хэмжээг он дарааллаар өсгөх практик байдаг уу. Жендэрийн асуудал эмэгтэйчүүдийн асуудал биш. УИХ-д өнгөрсөн хугацаанд 600 орчим гишүүн сонгогдсоноос 40 хүрэхгүй нь эмэгтэйчүүд. Улсаа тоносон, сан тоносон эмэгтэй байхгүй.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД:
-УИХ-аас гарч байгаа гол бүтээгдэхүүн хууль, тогтоолууд. Аливаа асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх зорилт тавьсан бол дүгнэх, хүрч явах тухай зорилтуудыг хуулиар, тогтоолоор аль алиныг нь зохицуулж ирсэн жишээнүүд бий. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль байна. ДНБ-тэй харьцуулсан өрийн хэмжээ тэдэн хувиас хэтэрч болохгүй гээд он, оноор хувь хэмжээ заасан байдаг.
Практикт байдаг зүйл. Хэрэглэж ирсэн практик. УИХ-аас баталсан хууль Үндсэн хуульд нийцсэн байх ёстой, бусад хууль тогтоомжтой нийцсэн байх ёстой.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
УИХ-ын гишүүн Д.ӨНӨРБОЛОР:
Улс төрийн намын тухай хууль ямар шатандаа явна вэ. Жагсаалт нээлттэй байх ёстой. Мэргэшсэн, ёс зүйтэй хүнийг сонгох боломжийг ард иргэдэд олгох ёстой. Манай намын дарга нар нийгмийн шударга бустай тэмцэж байна. Нэр дэвшигч бүр нээлттэй шүүгдэх ёстой. Эрх мэдэлтэй, мөнгөтэй, ёс зүйгүй ард түмнийг төлөөлөх эрхгүй хүн УИХ-д орж ирэх нь гэсэн сэрэмжлэлийг хангаж өгөх үүрэгтэй. Ард төр хоёрын хооронд итгэлцлийн ан цав үүсчихсэн байгаа нөхцөлд нээлттэй хандах ёстой.
Ард иргэдийнхээ сонгох, шинжих эрхэнд нь халдалгүйгээр тод үзүүлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД:
-Улс төрийн намын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, УИХ-аар анхны хэлэлцүүлгээ хийсэн. Ажлын хэсгийн ахлагчаар Д.Тогтохсүрэн гишүүн томилогдсон. Маргаашнаас ажлын хэсэг хуралдана. Даваа гаригт ажлын хэсгээс гарсан анхны саналыг улс төрийн намуудын хүрээнд хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Дараа нь Байнгын хороодоор хэлэлцүүлнэ. Хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийг батлуулна.
Улс төрийн намын тухай хуульд таны яриад байгаа зүйлүүдийн ихэнх нь бий. Намууд гишүүдээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхдээ ийм зарчим баримтална гэж оруулсан. Гэхдээ гишүүдийн санал хуваагдсан. Нэг хэсэг нь хуульд оруулах шаардалга байна уу гэж байсан. Бүх л хуулиндаа намуудад зөв хүмүүсээ нэр дэвшүүлэх шаардлага тавьж байх ёстой гэж үзсэн. Гэхдээ тодорхойгүй зүйлүүд тунхгийн чанартай учраас Улс төрийн намын тухай хуулиар оруулж өгөх нь зөв гэж үзээд харгалзах гэдэг үзгээр оруулаад явж байгаа.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Эмэгтэйчүүдийн квотоор тоглож байна. Нэг өсгөөд, нэг бууруулаад. Үелээд явна гэх. Яг одоо хэдээр тогтов. Квот 20, 30, 40 хувь гээд өөрчилсөн. Төрийн байгуулалтын байнгын хороо сая хуралдсан, хэдэн хувиар тогтов.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД:
-Эмэгтэйчүүдийн квотыг Ардын нам л ялах гээд нэг нэмээд, нэг бууруулаад байгаа юм биш. 20 хүртэл хувь нь нэг хүйсийн төлөөлөл байхаар заасан байсан. Бид 30 хувь болгож оруулж ирсэн. Байнгын хороон дээр ярьж байгаад 40 хувь болсон. Урьд байгаагүйгээр эмэгтэйчүүдийнхээ тоог нэмэгдүүлэх зорилгоор л үелээд явъя гэсэн. Бид бол дэвшил гэж харж байгаа.
Хамгийн сүүлийн хувилбараар оруулж ирж байгаа саналын томъёоллыг удахгүй танилцуулна.
Б.Жавхлан: Дефольт болохоос сэргийлж чадсан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн тодотголын хуультай холбогдуулж өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Энэ асуудалтай холбогдуулж, гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Асуудлууд байна. Өр авлага юу болж байна вэ. Цалингаа нэмэхдээ инфляцтай уяж байгаач ээ. Нүүрсний хулгай болоод янз бүрийн хулгай сүүлийн найман жил гаарсан. Эрт тэмцсэн бол ард иргэдийн цалин, тэтгэвэр 2-3 дахин нэмэгдэх боломж байсан. Японы хэвлэлээр гарлаа, өрийн хавханд орох эхний зургаан улсын нэг нь Монгол Улс гэж зарлалаа. Хятадтай хийж байгаа своп хэлцэл ямар байна вэ. Гадаад өр 15 тэрбумаас 33 тэрбум ам.доллар болсон. Зээлийг зээлээр дараад явж байгаа. Цаашдаа яах юм бэ. Засгийн газрын өр 8 тэрбум ам.доллар болсон. Ямар учиртай юм бэ. Энэ мэтчлэн өр авлагаа яах вэ. Хувийн хэвшлүүд яаж хөдлөх юм. Зарлагаа ч нэмсэн, орлого ч нэмсэн. Нийт Монголын эдийн засгийн 35-40 хувь төсөв дээр байна. Төрийн албан хаагчдын тоо 300 мянга гарсан. Ийм үндсээрээ буруу юмыг явуулсаар байгаад 8 жил боллоо. Энэ бол Монголын ард түмний хувьд алдагдсан он жилүүд.
Ард иргэд өөрсдөө Монгол Улсаас дайжиж байна. Амьдрах аргагүй болж байна. Аргагүйн эрхэнд жаахан юм нэмэх нь. Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд яваад байсан 26 мянган төгрөгийн үнэтэй мах идэж байна.
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Сүүлийн 3 жилийг дэлхий нийтээрээ цар тахалтай, дайн тулааныг өнгөрүүлж байгаа. Гадаад өр зээлэн дээр МАН -ын тавьсан өр, АН -ын тавьсан өр гэж байдаггүй. Монгол Улсын өр л гэж байдаг. Төлөхийг нь төлөөд зохицуулалт хийгээд явж байгаа. Ноднин өдийд Монгол Улс дампуурлын ирмэгт байсан. Зохицуулалт хийсэн. Нүүрстэй холбоотой олон жил боломж алдсан гэлээ, маш зөв онош тавьсан байна та. 10 гаруй жил нүүрсээ төмөр замаар тээвэрлэх боломж байсныг алдсан. Ноднин үзүүрээс нь барьж авахад л ийм их боломж гарч ирж байгаа шүү. Тийм учраас олдсон боломжоор цалин тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөөр дамжуулж, өрхийн орлогыг дэмжих гэж байна.
Төв банкны мэдээгээр своп хэлэлцээрийг сунгах юм байна лээ. Их дарамт ирэхгүй болов уу.
Төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийх, IPO гаргах, татан буулгах, засаглалыг нь сайжруулахаар ажиллаж байна. Засгийн газрын өр 8 тэрбум ам.доллар байгаа. Бондын өрийг 600 гаруй сая ам.доллараар амжилттай буулгасан. Хүүг нь бууруулаад, хэмжээг нь бууруулаад. Бондын өр 2.9 тэрбум ам.доллар байх байсныг 2.2 тэрбум ам.доллар болгож, амжилттай бууруулсан. Гадна талдаа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалж чадсан.
Дефольт болохос сэргийлж чадсан. Энэ жил, хойтон жилийг эрсдэлгүй болгосон.
Инфляц өндөр байгаа, гадаад орчноос нөлөөлж байгаа зүйл их бий. Бид өөрсдөөс шалтгаалах зүйлийг чамгүй хийгээд явж байгаа. Валютын өсөлтөөс хамааралтай зохицуулалтыг амжилттай хийгээд явж байна.
Одоо дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.
Санал хураалгаж дууссанаар 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Энэ асуудалтай холбогдуулж, УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлтээ танилцууллаа.
Танилцуулга дууссаны дараа УИХ-ын Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.
УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:
-2016 оны II улиралд мөнгөний нийлүүлэлт 11 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 32 их наяд төгрөг болсон. Үнийн хөөрөгдлийг бий болгож байгаа. Төрийн үүрэг төсөв, мөнгөний бодлогоор дамжуулж, төгрөгийн ханшийг тогтворжуулах ёстой. Гэтэл гадаад нөхцөл байдлаас болж, инфляц өсч байна гэх.
Дэлхий даяар ковид гарсан. Хятад улс ковидтой хэрнээ 1 хувийн инфляцтай, Орос дайнтай хэрнээ 3 хувийн инфляцтай. Гэтэл инфляцыг Ардчилсан нам руу бас чихнэ.
Эдийн засгийг солонгоруулах тал дээр юу ч хийхгүй байна. Уул уурхайгаас олж байсан орлого 3 жилийн өмнө гурван их наяд байсан, одоо 6 их наяд болсон. Инфляциа удирдаж чадахгүй байна. Үнийн өсөлтийг хазаарлахад чиглэх ёстой. Арга хэмжээ авахгүй байна. Өөрсдөө ямар ч буруугүй юм шиг асуудалд ханддагаа хэзээ болих вэ. Одоо орж ирж байгаа орлого бол нүүрснээс орж ирсэн. Нүүрснээс орж ирсэн орлого 54 хувиар өссөн, барааны татвар 34 хувиар нэмэгдсэнээр төсөв тодотгож байгаа.
Сайд нар нь хашгираад үг хэлүүлэхгүй юм байна болилоо.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:
-Санал хураах заалттай холбоогүй үг хэллээ.
Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дууссанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
ТББХ-гоор эмэгтэйчүүдийн квотыг хэлэлцэхээр боллоо
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд санал гаргалаа. Тэрбээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах шаардлага байна гэснийг гишүүдийн 56.6 хувь нь дэмжлээ.
Иймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэх асуудлыг хэлэлцэхээр болж байна.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн тодотголын хуультай холбогдуулж өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Энэ асуудалтай холбогдуулж, гишүүд асуулт тавьж эхлээд байна.
Д.Ганбат: Хүүхдийн мөнгийг хүүтэй нь нөхөж олгоорой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг төсөлтэй холбогдуулж, гишүүд байр суурь илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:
Засгийн газраас Төсвийн тодотголтой уялдуулж, 7 хууль өргөн барьсны нэг нь Тендерийн хууль. УИХ-ын Төсвийн байнгын хороогоор өчигдөр дээрх хуулийг хэлэлцэх шатанд шинжлэх ухааны байгууллагатай холбоотой заалт унасан байна. Шинжлэх ухааныхаа эсрэг санал гаргах нэг ч гишүүн байхгүй болов уу гэж бодож байна.
Монгол Улс 1990 онд 6000 эрдэм шинжилгээний ажилтантай, ДНБ ийнхээ 1 хувийг шинжлэх ухааны салбарт зарцуулдаг байсан. Өнөөдөр 1450 эрдэм шинжилгээний ажилтантай төсвөөс шинжлэх ухааны байгууллагад ДНБ -ийн 0.01 хувьд хүрэхгүй хөрөнгө зарцуулдаг болсон. Нэг сая хүнд ногдох эрдэмтдийнхээ тогоор 10 дахин бага болсон. Тендерийн тухай хууль шинжлэх ухааны байгууллагад чөдөр тушаа болж олон жил явлаа. Үүнээс болж, инноваци патентыг боомилсон, цүнхний цавчаа компани орж ирдэг. Төрийн компани эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээрээ ажил гүйцэтгүүлэх чадваргүй болсон. Бодлогын алдааг засч залруулж оруулж ирсэн хуулийн төслийг дэмжиж өгөхийг хүсч байна. Төсвийн байнгын хороон дээр гарсан өчигдрийн ойлголцлын зөрүүг залруулна гэж бодож байна.
Дарханы 144 гэдэг сортыг хийхийн тулд эрдэмтэд маань 15 жил зарцуулж, 20 тэрбумыг зарцуулсан. Үр дүнд нь жилд 10 тэрбумын өгөөж хүртээд сууж байна.
Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийдэг болсноор гадаад орон руу явах шаардлагагүй болсон. Би хоёрхон жишээ татлаа. Шинжлэх ухааны байгууллагаа дэмжиж чадвал үр өгөөжийг нь хүртэх боломж байна.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Харь гаригаас ирсэн хүмүүс энд суугаад байгаа юм уу. Найман жил нүүрс нь байдгаараа байсан, хулгайтайгаа тэмцээд байгаа юм алга. Хүүхдийн мөнгийг 9 хувьд буцааж өгнө гэнэ, хүүтэй нь өгөөрэй. Нэгдүгээр сараас хойш зовоож зовоочихоод. Та бүхэн асуудалд яаж ханддаг бэ гэдэг эндээс эхлээд мэдэгдэж байгаа.
Анги дүүргэлт маш хүнд болсон. Нэг ангид 50-60-уулаа, засан хүмүүжүүлэх шиг л байгаа. Тэнд ямар сургалт байх вэ дээ. Хамгийн муу материалаар хамгийн муу сургууль, цэцэрлэг барьж байна. Улс орнууд хамгийн чанартай барилгыг хүүхдэд зориулж барьдаг.Төрийн хэмнэлтийн хууль орон нутагт л үйлчилж байна. Сайд дарга, нар тарган цатгалан явж байна. Хулгайтай тэмцээд байна гэх, тэмцээд гийгүүлээд байгаа юм алга. Том хулгайч нар чинь шалгагдахгүй байна. Сэргэлт, сэргэлт л гэх, хил гааль сэргэсэн юм алга.
Найман жил нүүрсний хулгай чинь явсан байна. Сонгууль дөхөхөөр жаахан юм тараах нь.
Ард түмний амьдрал хэцүү байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд /ХБИ/ дээр анхаарч байгаа зүйл алга. Өмнө нь С.Оюун гишүүн ХБИ-дэд байнга анхаарал тавьдаг байсан Одоо хэн ч анхаарахгүй байна. Биенээ их магтаж байна, хүмүүсийн амьдрал бахь байдгаараа байна. Улаанбаатар хот хөрсний бохирдол ихтэй, түгжрэл нь хэвээрээ байна.
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Тодотголыг дэмжиж байгаа юм байна гэж ойлголоо. Хуримтлагдсан их зүйлийг ил болгосноор өнөөдөр ийм боломж гарч байгааг хэллээ гэж ойлголоо. Энэ бүх зүйл хэзээ нэгэн цагт ил болох байсан. Тэр боломжийг бүхий л бодлогоор жигд хүртээмжтэй байдлаар хийх л ёстой. Хойшлуулах эрх байхгүй, цаг хугацаа хүлээхгүй.
Инфляцыг нам дор болтол цалин нэмэх сонголт байхгүй. Олон нийт хүлээж чадахгүй. Төрийн албан хаагчид бүгд Солонгос явна. Долдугаар сарын 1-ээс цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, халамж бүгдийг нэмэхийг нь нэмж, арга хэмжээ авч байгаа. Тодотголоор бүх зүйлийг шийдэж чадахгүй. Тулгамдсан, орхигдсон, боломж гарсан учраас зайлшгүй анхаарах ёстой зүйлүүдээ амжуулж байна. Хүүхдийн мөнгө 100 хувь олгогдож байснаас ялгаагүй.
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:
-Өнгөрсөн 30 жилд тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадахгүй явсаар ийм байдалд хүрсэн. Засгийн газраас анх удаа 200 тэрбумын асуудал шийдэж өгсөн учраас сугалааны цэцэрлэгийг халсан. Одоо гурван ээлжийн сургууль 17 байна, Улаанбаатар хотын хэмжээнд. Нэг ангид 50-иас дээш хүүхэдтэй сурч байгаа 170 орчим бүлэг бий. Есдүгээр сарын 1-ээс өмнө сургууль барих боломжгүй тул нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахгүй байх талаас арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Ирэх оны төсөвт 41 сургуулийн төсвийг шийдвэрлэх хүрээнд ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Хүүхдийн мөнгийг хүүтэй нь нөхөж өг, уучлал гуйгаад. Хүүхдэд зориулсан юм яагаад чанаргүй байдаг юм бэ. Нүүрсний хулгайч нараа хайрлахын оронд тэмц л дээ. Ганц хоёр гишүүн явуулчихаад томчуудаа хаацайлаад.
УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:
-Шинжлэх ухаандаа хөрөнгө оруулж ажиллах ёстой. 1990 оны төвшнөөс бид ухарчихсан байгаа. Шинжлэх ухааны байгууллагад ДНБ-нд эзэлж байгаа хувь 0.01 хувь болж багассан.
Шинжлэх ухааны байгууллага төрийн өмчит компаниас зарладаг тендерт орох боломжгүй гэдэг зүйл яригддаг. Барьцаа хөрөнгийг байршуулах данс нь төсвийн хуулиараа хаалттай. Аж ахуй нэгж нь гэрчилгээн дээрээ эрдэм шинжилгээний ажил эрхэлнэ гэдэг зүйл бичүүлж авч, янз бүрийн тендерт орж ялаад шинжлэх ухааны байгууллагаар хийлгүүлдэг. Өөрөөр хэлбэл, эрдэм шинжилгээний ажил дээр хүртэл ченж бий болчихсон.
“Эрдэнэт” үйлдвэрийн зарласан 300 саяын тендерт хувийн компани орж аваад, 100 сая төгрөгөөр эрдэм шинжилгээний байгууллагаар хийлгүүлж байх жишээний ийм болсон. Эрдэм шинжилгээний байгууллагаа дэмжих ёстой.
“Био комбинат” төрийн өмчит компани малын өвчинтэй тэмцэх вакцин хийсэн байна. Гэтэл тендерт орж болдоггүй, орохоор янз бүрийн тэмдэглэгээтэй гадны вакцинд ялагддаг.ААН нь эрдэм шинжилгээний ажил хийнэ гэж аваад, эрдэм шинжилгээний байгууллагаар хийлгүүлдэг. Ийм болчиоход байгаа.
“Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал усны баяжуулагчийн процесст нөлөөлж байгаа бохирдуулагчийг тодорхойлох, усыг цэвэршүүлэх тендерт Шинжлэх ухааны академийн Химийн технологийн хүрээлэн ганцаараа ордог. Гурван удаа ороход гурвууланг нь хүчингүй болгосон. Яагаад шинжлэх ухааны байгууллагынхаа хийж байгаа бүтээлийг худалдаж авч болдоггүй юм бэ.
Мөн шинжлэх ухааны байгууллага тендерт орох болохоор барьцаа тавих данс байдаггүй гэх мэтээр шинжлэх ухааны байгууллагаа хорлож байгаа юм шиг ажиллагаа яваад байна.
Ерөнхий сайд саяхан шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай уулзах үеэрээ энэ асуудалд ахиц өөрчлөлт гаргая, шийдье гээд амласан. Засгийн газрын хуалдаанаар асуудал ороод дэмжигдсэн. Төсвийн тодотгол дээр энэ нь ороод ирэхээр Төсвийн байнгын хороо дэмжээгүй байх юм. Яагаад дэмжээгүй юм. Шинжлэх ухааны байгууллагаа яах юм, ингээд яваад байх юм уу.
Шинжлэх ухааны байгууллага дээр хийгдсэн туршилт, патент дээр ажил олгоё л гэсэн зүйл явж байгааг анхаарч өгөх шаардлага байна.
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:
-Засгийн газар олон жил шинжлэх ухааны салбарт үүссэн, ужгирсан, тендерийн хуулийн халхавчин дотор хөгжих дэвшихийг нь боомилсон тогтолцоог өөрчилье гээд хууль өргөн барьсан.
Төрөөс шинжлэх ухаан технологийн салбарт жилд 10-12 тэрбум төгрөг зарцуулдаг. Түүгээр суурь судалгаа хий, инноваци гарга гээд сууж байгаа. Нэг судалгааг 15-20 сая төгрөгөөр хийх санхүүжилт өгчихөөд үр дүн гарга гээд сууж байгаа улс орон манайхаас өөр хаа ч байхгүй. Тийм учраас энэ тогтолцоогоо өөрчилье гэж байгаа юм.
Төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниуд жилд 100 гаруй тэрбум төгрөгийг тендерт зарцуулдаг. Шинжлэх ухаан технологийн сангаас 10 дахин их мөнгийг Тендерийн хуулиар. зарцуулдаг гэсэн үг. Хүрээлэнгүүд дээр суурь судалгаа нь хийгдсэн патент нь байгаа, инноваци болчихсон. Б.Баттөмөр гишүүн сая хэллээ, “Эрдэнэт” үйлдвэрийн зарласан тэр тендерт Химийн хүрээлэнгээс өөр хийж чадах газар байхгүй. Гэтэл химийн хүрээлэн нь өөрөө орж чаддаггүй. Ийм чөдөр тушааг мулталъя гэж л хуулийг өргөн барьсан.
Төсвийн байнгын хороогоор өчигдөр дэмжигдээгүй нь шинэ Тендерийн хуультай нийцүүлье гэж тойрч ярьсан юм болов уу гэж харж байна. Тендерийн шинэ хуулийг ахалж ажилласан Ц.Сандаг-Очир гишүүн гаргалгаа гаргаж байгаа, Г.Тэмүүлэн гишүүн санал санаачлага гаргаж байгаа. Засаад залруулаад явчих бололоо байгаа болов уу.
УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:
-Цалин тэтгэвэр нэмэх асуудал иргэдийн дунд хүлээлт үүсгэлээ. Бодит орлогын өсөлт байж чадах уу. Инфляц 11.3 хувьтай байгаа, өндөр. Зах зээл рүү 1.8 их наяд төгрөг хийх гээд байна. Үр дүнд нь инфляц өснө. Үүнийгээ дагалдуулаад ямар бодологын арга хэмжээ авах юм бэ. Бодлогын хүүгээ л өсгөнө, бодлогын хүүг өсгөвөл бизнесийн салбар шахагдана. Нүүрсний экспорт өссөнөөр цалин, тэтгэвэр нэмэх эх үүсвэртэй болоо гэж тайлбарладаг. АНУ Хятадын худалдааны экспорт асуудалтай байгаа, Австрали нүүрсээ Хятадад нийлүүлэхгүй байгаа. Нийлүүлээд эхлэх юм бол яах юм. Орлогоо алдсан тохиолдолд дарамт болно. Нүүрсний салбар дахь орлогоо яаж харж байгаа юм. Оросууд бидний зах зээлийг эзэлчихсэн, мөнгөө яаж олох юм бэ. Төсөөллөө хуваалцаач.
Нийгмийн даатгалын сан 4 их наяд төгрөгийн алдагдалтай. Цогц байдлаар реформоо яаралтай хийх шаардлага байна. Тэтгэврийн зөрүүг нөхөх байдлаар явахаар суурь зовлон хойш шидэгдээд байна. Эдийн засаг борцлогдсон, экспорт нь савлагаатай байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.БУЛГАНТУЯА:
-Таны хэлЖ байгаа үнэн, инфляц иргэдийн амьжиргаанд хүнд тусч байна. Инфляц буулгаж байж цалин, тэтгэвэр нэмнэ гэхээр хүлээх боломж алга. Эдийн засгийн боломж гарсан эхний боломжийг ашиглаад хүүхдийн мөнгө, цалин, тэтгэврийн асуудлыг шийдэхээр оруулж ирсэн.
Хаврын чуулганаар тэтгэврийн зөрүүг арилгахгүй бол болохгүй. Илүү их олон жил ажилласан, олон жил НДШ төлсөн хэрнээ 20 жилийн өмнө тэтгэвэрт гарснаасаа болж, хамаагүй бага тэтгэвэр авч байгаа. Шударга нийгмийг бий болгоё гэж байгаа бол тэтгэврийн зөрүүг арилгахаас эхлүүлэх ёстой. Таван жилийн өмнө 100 тэрбум төгрөгөөр тэтгэврийн зөрүүг арилгаж болох байсан, харин энэ жил хоёр дахин их мөнгө зарцуулж байна.
Нийгмийн даатгалын багц хууль батлагдвал амжилттай хэрэгжих суурь бий болж байгаа. Нийгмийн даатгалын сан алдагдалтай байхаар төсвөөс нөхсөөр байгаад төсвийн алдагдал өр зээлийн хэмжээ буурахааргүй нөхцөл үүссэн.
Сангийн яамны Төсвийн бодлогын төлөвлөлтийн хэлтсийн дарга М.САНЖААДОРЖ:
-Төсвийн хуулийн төслийг дагаж байгаа хуультай холбоотойгоор хөндөгдсөн заалт байхгүй. БНХАУ -ын нүүрсний жилийн хэрэглээ 3.5 тэрбум тонн. Коксжсон нүүрс нь 600 сая орчим. Импортоор 70-100 сая тонн нүүрс авдаг. Австралитай харилцаа тааруу байгаа тул Монголын хувьд боломж өндрөөр гарч байгаа. Бидний гаргаж байгаа 30 сая тонн коксжих нүүрс зах зээлдээ таарсан.
Инфляцын үүсэл бол гадаадаас импортлогдож орж ирсэн ханшийн нөлөөлөл. Экспортоо сайн хийж байж, Засгийн газрын төвшинд сайн ажиллаж байж инфляцаас гарна.
УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:
-2023 оны инфляцын зорилт 8 хувь. Төсвийн орлого экспортоос хамааралтай, савлаад байна. Ханш унаад хэлбэлзээд байхаар хэн хөрөнгө оруулах юм бэ. Ханшид нөлөөлөх гээд байна. Дотроо энэ асуудлыг яаж ярьвсан юм бэ?
Сангийн яамны Төсвийн бодлогын төлөвлөлтийн хэлтсийн дарга М.САНЖААДОРЖ:
-Бид одоо хэрэглээ талдаа 1.5 их наядыг зарцуулалтаар нэмж байгаа. Яамны тооцоогоор импорт талдаа 200 сая ам.долларын ачаалал ирнэ гэж тооцсон. Хэрэглээ нэмэгдсэнээр эдийн засгийн тэлэлт явагдана. Энэ хэмжэгээр НДШ, ЭМД, НӨАТ -ын орлого нэмэгдэнэ гэж харж байгаа.
Асуулт хариулт дууссаны дараа Монгол Улсын төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулж өргөн мэдүүлсэн төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахаар хэлэлцэв.
Монгол Улс “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенц”-д 1971 онд нэгдэн орсон байна. 2010 онд зохион байгуулагдсан нисэхийн аюулгүй байдлын талаарх олон улсын Дипломат бага хурлаас иргэний нисэхийн эсрэг шинэ төрлийн хууль бус үйлдлүүд дэлхий даяар нэмэгдэж байгаатай холбогдуулан “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг баталж, орхигдуулсан зарим шаардлагатай зохицуулалтуудыг нэмж тусгасан аж. “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол” нь 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 35 улс гарын үсэг зурж, 21 улс соёрхон баталж, мөн тооны улс нэгдэн орж, 1 улс хүлээн зөвшөөрч, 1 улс баталсан хэмээн сайд танилцуулав.
Энэхүү протоколд ашиглалтад байгаа агаарын хөлгийг хууль бусаар булаан авах, хяналт тогтоох үйлдэл, оролдлого, оролцооны хэлбэр, хүлээлгэх хариуцлага, гэмт үйлдлийн хамрах хүрээ, харьяалал, ялын байдал, төрийн байгууллагаас авах арга хэмжээ, улс орнуудын хамтын ажиллагааны зохион байгуулалт зэргийг илүү нарийвчлан тодорхойлсон байна.
Монгол Улс нь “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенц”-ын оролцогч улсын хувьд агаарын тээврийн салбарын хурдацтай өсөлттэй уялдуулан иргэний нисэхийн аюулгүй байдлын түвшин, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор энэхүү протоколыг соёрхон батлах шаардлагатай гэлээ.
“Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон баталснаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардахгүй бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт өөрчлөлт оруулахаар холбогдох төслийг боловсруулжээ.
Эцэст нь “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Уг конвенцыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдлын байнгын хороонд шилжүүлэв.
Чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр эхлээд байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж, гишүүд үг хэлж эхлээд байна.
УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:
-Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг үндэслэж, Шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг түдгэлзүүлсэн нь хардлага төрүүлээд байна.
Цэц гэдэг байгууллага ямар байгууллага болов. Үндсэн хууль зөрчөөгүй гэчихээд Шүүхийн тухай холбогдох заалтуудыг түдгэлзүүлсэн. Ямар маргааныг УДШ-ээр хэлэлцүүлэх гээд байна вэ. Энэ хуулиудын заалтыг түдгэлзүүлэхдээ 2023 оны арванхоёрдугаар сарын 23-наас түдгэлзүүлнэ гэсэн. Гэтэл яагаад УИХ энэ асуудлыг хэлэлцдэг юм. Энэ хооронд УДШ-ийн Хяналтын шатны шүүхээр юу шийдүүлэх тохироо явах гээд байна.
Уул уурхайн том маргаанууд байгаа гэсэн.Шударга шүүхээр шүүлгэх, давж заалдах эрхээ хангах эрх Үндсэн хууль зөрчсөн нь тодорхой ш дээ. Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэлт гаргачихаад Шүүхийн тухай, Иргэний хэрэг хянан шийдвэрэлх тухай, Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтыг түдгэлзүүлсэн нь хардлага дагуулж байна.
УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:
-Ойрын өдрүүдэд хоёр жагсаал хийнэ. Маргааш Цэц дээр очиж жагсаал хийнэ. Хоёр жилийн турш тэмцэж байж хуурамч шатахууны тухай хуулийн төслийг батлуулсан. Гэтэл Цэцэд маргаан үүсгэснээр хүлээн авсан байна. Хольц оруулж ирж, автомашины мотор, бензин хөдөлгүүрийг эвддэг, бидний алаг үрс хуурамч түлшнээс нь болж хорддог. Монголчуудыг хохироож байгаад тэд 80 тэрбумын ашиг олдог. Гэтэл Цэц энэ маргааныг хүлээн авсан байна.
Би 2016 онд санал гаргаж байгаад Цэцийнхний нэг сая төгрөгийн цалинг гурван сая төгрөг болгон нэмэгдүүлж байсан. Сүүндээ цадаагүй муусайн төлөгнүүд авлига авах гэж байгаа юм уу, маргааныг хүлээж авч. Машинаа эвдүүлдэг, алаг үрсээ хордуулдаг ард түмэн очвол очно биз. Би ганцаараа ч хамаагүй Цэцийн гадаа маргааш жагсана. Сүүндээ цадаагүй төлөгнүүдтэй үзэлцэнэ.
УИХ завсарлахад нэгхэн сарын хугацаа дутуу байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай. Тэтгэврийг долоон жилийн дунджаар тогтоодог болсноор ахмадууд 150 мянган төгрөгөөр хохирдог байсан бол долдугаар сарын 1-ээс 300 мянгган төгрөгөөр хохирдог болох нь.
Иймээс өнгөрсөн хугацаанд долоон жилээр тооцуулж тэтгэврээ тогтоолгуулсан ахмадуудын тэтгэврийг таван жилээр тооцуулах, нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага байгаа. Ахмадууд жагсаалд бүгдээрээ ирээрэй гэв.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж буй юм.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2024-2025 оны төсвийн төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд 2023 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1 их наяд 732.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 20.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 1 их наяд 896.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 22.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг 1.6 их наяд төгрөг буюу өмнө нь батлагдсан ДНБ-ий 2.6%-аас хэтрүүлэхгүй байхаар тооцсон байдаг.
УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:
-Ард иргэдтэй уулзаад явахаар Сангийн яамны гаргаж байгаа бодлого, Мөнгөний бодлого болохгүй байна. Инфляци яваад байна, Монголбанк хариуцах ёстой нь үнэн. Засгийн газар бас хариуцах ёстой. Бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдчихээд байхад инфляцыг нэг оронтой тоо руу оруулна гэж юу яриад байгаа юм. Монгол Улс валютаар маш их зүйл худалдан авдаг. Дотооддоо юу ч үйлдвэрлэхгүй байна. Төсвийн төсөөллөөр хувийн хэвшлээ яаж дэмжих юм, тусгасан зүйл байна уу. Нэмүү өртөг шингэсэн бодлого явахгүй байна.
Малчид “Арьс шир үнэгүй хаягдал боллоо, үйлдвэрээ хурдан ашиглалтад оруулаач ээ” гэж байгаа. Энэ талаар Төсвийн хүрээний мэдэгдэлд туссан зүйл байна уу. Инфляци, төгрөгийн ханшийн уналт дээр ямар бодлого барих юм. Тэтгэвэр дээр хоёр зөрүү бий, нэгийг нь шийдэх нь. Нөгөөхийг нь яах юм. Тэтгэврийн зөрүүэй холбоотой асуудал дээр тодорхой бодлого байна уу?
УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хороооны дарга Г.ТЭМҮҮЛЭН:
-Төрийн албан хаагчийн цалингийн шинэчлэл хийх, ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгаж, 10 хувиар нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгө болоод халамжийн зардалтай холбоотойгоор 1.8 их наяд төгрөгийн асуудал орж ирж байгаа. 2023 оны төсвийг баталж байх хугацаанаас хойш төсвийн орлого давж биелэсэн. Орлого нэмэгдэх боломж бололцоо гарсантай холбогдож энэ нэмэгдлийг бий болгож байгаа.
Иргэдийн бодит орлого 9.5 хувиар буурсан тул орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна.
УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:
-Төгрөгийн ханш унаж байгаад зохицуулах арга хэмжээ юу байна вэ?
УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хороооны дарга Г.ТЭМҮҮЛЭН:
-Төлбөрийн тэнцлийг сайжруулахад Засгийн газар, төв банк анхаарах шаардлагатай байгаа. УИХ-аар 2023 оны төсвийн тодотголыг баталсны дараа үнийг тогтворжуулах чиглэлээр УИХ-аас тогтоол батлах шаардлага байгаа гэсэн юм.
Улмаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл –ийн анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар баталлаа.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ