Алдарт хөлбөмбөгчин Лионель Месси өнгөрсөн Ням гаригт Хятадын нийслэл Бээжин хотын нисэх буудалд цагдаа нарт саатуулагдсан. Тэрбээр өнөөдөр Бээжинд эхэлж буй нөхөрсөг тоглолтод оролцохоор ирсэн ч пасспортын зөрчлөөс болж асуудалд орсон аж.
Тодруулбал, өдгөө 35 настай Месси хувийн онгоцоороо хамгаалагчид болон найзуудынхаа хамтаар Бээжингийн нисэх буудалд газардсаны дараа хилээр нэвтрэхэд асуудал үүссэн байна. Месси нь Аргентин болон Испани улсын пасспорттой. Гэвч Аргентиний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Месси тухайн үед аргентин пасспортоо биедээ авч яваагүй гэнэ.
Нисэх буудлын цагдаа нараар хүрээлүүлсэн Месси маш их гайхсан царайтайгаар "Тайвань чинь Хятад биш юм уу? гэж асууж байгаа нь дүрс бичлэгт буусан. Тэрбээр Хятадыг Тайваньтай андуурснаас болж Бээжин рүү визгүй нэвтэрнэ гэж санасан байжээ. Хятад руу нэвтрэхэд Испанийн иргэд өмнө нь виз авсан байх шаардлагатай бол Тайвань руу 90 хүртэл хоног визгүй байдаг аж.
Ийнхүү тэрбээр Бээжин хотын нисэх буудалд виз мэдүүлэх зэргээр алдаагаа залруулахын тул хоёр цаг саатжээ. Гэхдээ Месси Хятадад долоо дахь удаагаа очиж байгаа учраас ийм алдаа гаргасанд нь хүмүүс гайхширч байна.
ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK
Холбоотой мэдээ