"Төртэй хамтарч ажилласандаа үнэхээр харамсч байна"

Live"Төртэй хамтарч ажилласандаа үнэхээр харамсч байна"

Үнэл

Хөгжлийн банкны гэм буруугийн шүүх хуралдаан 43 дахь өдрөө үргэлжилж байна.


 

17 : 09
2023-6-15

"Хэн нэгэнд давуу байдал үүсгэсэн гэдгийг эсэргүүцэж байна"

Шүүгдэгч н.Уянга:

-Би эцсийн үгээ дөрвөн бүлэгт хуваагаад яръя. Миний бие 2017 онд Хөгжлийн банкинд туршилтын гурван сарын хугацаагаар ажилд орсон. Ер нь нийт 2.6 жил ажилласан. Үүний хоёр жилд Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан. Би хариуцлагатай ажиллаж байсан. Зээлдэгчид давуу байдал үүсгэж, албан тушаалтанд дэмжлэг хийж байгаагүйгээ дурдмаар байна. Гол нь хэн нэгэнд давуу байдал үүсгэсэн гэдгийг эсэргүүцэж байна. Би туршилтаар ажиллаж байхдаа үгсэн хуйвалдах ямар ч боломжгүй. Гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж буруутгасан. Гэмт хэрэгт тусалж, урьдчилан амлалт өгч, үгсэн тохиролцсон зүйл байхгүй. 

Шүүгдэгч н.Оюунчимэг:

-Эцсийн үгээ хэлж байна. Хөгжлийн банкнаас зээл олгохдоо давуу байдал бий болгож, хууль бус 2.8 тэрбум төгрөгийн зээл олгоход дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэж буруутгаж байна. Би өөрийн гэм буруугүй гэдгээ баталж, яллгчийн дүгнэлтийг үг өгүүлбэр бүрээр дүгнэлт гаргая гэж бодсон. Өмнө нь өгсөн мэдүүлэг, нотлох баримтууд байгаа учраас шаардлагагүй гэж үзэж байна. Бичгээр өгүүлбэр болгоныг тайлбарлан хүргүүлж байна. Та бүхний бичсэн зохиолын дагуу ийм явдал болоогүй юм шүү. Заавал хэн нэгнийг гэмт хэрэгтэн болгох гэж ажиллаагүй гэж итгэж байна. Би нийт 25 жил банк санхүүгийн байгууллагад ажилласан. Зонхилон удирдах албан тушаалд ажиллаж байсан. Хөгжлийн банкинд есөн жил ажиллахдаа ямар нэг шийтгэл авч байгаагүй, нэр хүндтэй байсан. 

Өчигдөр Хөгжлийн банкны өмгөөлөгч нэр цохож, албан тушаалтнуудад дарамтлуулж байсан гэдгээ хэлээрэй гэсэн. Уучлаарай би худлаа хэлж чадахгүй. Хэн нэгний дарамт шахалт байгаагүй. Гэхдээ төр засаг солигдох бүрт бараа сүртэй орж ирдэг шинэ удирдлагуудын ааш аяг, өмнөхөөсөө долоон дор намын хүмүүс ажлаа хийх боломж олгохгүй, дарамт, сэтгэл зүйн шахалт үзүүлдэг байсан. Миний хувьд үе үеийн удирдлагуудыг энэ бүх болох болох зээлүүдийг олгосон гэж боддоггүй. Аль хэдийнэ улстөрчидтэй ажил мэргэжил, карьерын өртэй ажилд ордог байсныг нийгэм тэр аяар мэдэх биз.

Шүүгдэгч

-Би хоёр сарын өмнө эхний үгээ хэлж байсан. Одоо эцсийн үгээ хэлж байна. Цаазаар авхуулах, нас барах гэж байгаа хүн эцсийн үгээ хэлдэг байсан байх. Энэ харгис нэр томъёог өөрчлөх нь зүйтэй. Энэ хэргийг шийдэхэд хэний ч хийрхэл байж болохгүй.

Шүүгдэгч:

-Намайг "Баруунбаян транс" компанид олгосон зээлтэй холбогдуулан хоёр дахь гүйлгээг хийх шийдвэрийн төслийг боловсруулах үүргийг мэргэжилтэнд өгсөн, хянаж баталгаажуулсан гэж буруутгасан. 

16 : 42
2023-6-15

"Кью Эс Си" ХХК-ийг буруутгаж буй үндэслэлээ 3 удаа өөрчилсөн"

"Кью Эс Си" ХХК-ийн иргэний хариуцагч н.Энхтэмүүлэн:

-Нэг асуудалд иргэний хариуцагчаар татагдаж буй. 2016 онд "Эрдэнэт үйлдвэр"-т хоёр ширхэг "Блаз" маркийн машин нийлүүлсэн. Энэ компанийг хууль зөрчсөн гээгүй. Энэ хэрэгт хохирол хариуцах этгээд гээд иргэний хариуцагчаар татсан. Үнэлгээтэй холбоотой буруутгал явсан. Энэ буруутгал гурван янзаар өөрчлөгдсөн. Эхнийх нь зах зээлийн үнээс хэт өндөр нийлүүлсэн гэж буруутгасан. Гэтэл зах зээлийн үнэ нь хоёр сая ам.доллар гээд баримттай гараад ирсэн. Тэгэхээр бид 1.8 сая ам.доллараар нийлүүлсэн учраас зах зээлийн үнээс өндөр үнээр нийлүүлсэн гэж буруутгахаа больсон. Тэгээд дараа нь худалдаж авсан үнээрээ нийлүүлсэн шүү дээ гэсэн. Гэтэл бид 1.9 сая ам.доллараар баримтаа харуулахад худалдаж авсан үнээрээ нийлүүлсэн гэж буруутгахаа больсон. Бид 1.8 сая доллараар нийлүүлсэн учраас. Тэгсэн одоо манай компанийн санал болгосон үнээр машин нийлүүлсэн гэж буруутгаж байна. Эцсийн дүндээ гэрээ байгуулах санал гаргасан нь хууль зөрчсөн юм шиг. Үүнд 70 сая төгрөгийн асуудал яригддаг. Манай компани тэр мөнгийг хүлээж аваагүй. "Эрдэнэт үйлдвэр"-ийн ажилчдын томилолт, цалин хөлс, төмөр замын тээврийн зардал юм билээ. Нэг машин дээр 16 ам.доллар нэмэгдэх юм билээ. Үүнийг 1.817 сая доллар гэрээний үнэд нэмэхээр нийт 1.833 сая ам.доллар болох юм. Тэр мөнгийг нэмсэн ч зах зээлийн үнээс 400 сая төгрөгөөр хямд байгаа. Учир нь энэ хоёр машиныг 2.7 жил худалдан авч 30 мянган километр явсан. Бид хоёр жил ашиглаагүй, худалдаж авсан. Ашигласан бол 30 биш 240 мянган км гүйлттэй байх байсан. 

16 : 21
2023-6-15

"Х.Ганхуяг хоёр компанитай огт хамааралгүй гэдэг нь тогтоосон"

"Вертекс майнинг партнер" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч н.Өүлэн-Үжин:

-Прокурорын хоёр шатны дүгнэлттэй холбоотой тайлбарыг өгье. Х.Ганхуягийн үүсгэн байгуулсан "Глобаль майнинг вертекс" ХХК-даа "Вертекс майнинг партнер" ХХК зээл авч өгсөн юм шиг яриад байгаа. Х.Ганхуяг гэдэг хүн 2005 онд "Глобаль майнинг сервес"  компанийг үүсгэн байгуулсан нь үнэн. Энэ компани дээрээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадахгүй болохоор 2018 онд компаниа шилжүүлсэн. Энэ баримтыг шүүх хуралд дурддаг. Тэгсэн хэрнээ ямар нэг байдлаар Х.Ганхуягтай хамааруулах гээд байдаг. Тэгвэл Компанийн тухай хуульд эцсийн өмчлөгч хэн бэ, хувьцаа эзэмшигчийг тодорхой заасан байдаг. Энэ үйл баримтаар Х.Ганхуяг "Глобаль майнинг" болон "Вертекс майнинг партнер" ХХК-тай хамааралгүй гэдэг нь тогтоогддог. Зээлийн хүсэлтээ өөрчлөх нь хууль бус үйлдэо мөн үү. Хөгжлийн банкны Зээлийн бодлогын журамд зээлийн хүсэлтийг өөрчлөх, хориглосон хэм хэмжээ байдаггүй. Ганц хориглосон нь банкнаас энэ бодлогод заасан үнэлгээ, төлөвлөгөө, магадлал, эрх бүхий байгууллагаар баталгаажаагүй төсөл хөтөлбөрийг хүлээж авахгүй гэсэн байдаг. Энэ компанийг удаа дараа зээлийн хүсэлтээ нэг хоногийн зайтай өөрчилсөн гэж буруутгадаг. 

16 : 03
2023-6-15

"25 тэрбумын хадгаламж төлөгдөөгүй учраас "Чингис хаан" банкийг хариуцагчаар татсан"

Чингис хаан банкны хууль ёсны төлөөлөгч:

-Иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг байр суурьтайгаар оролцож байна. Тус банкийг иргэний хариуцагчаар татсан прокурорын ганц үндэслэл нь мөнгөн хадгаламжийн эрхгүйгээр мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлсэн гэдэг байдлаар дүгнэсэн байдаг. Энэ банк 2003 онд Монголбанкнаас авсан тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, 20 гаруй жил болж байгаа. Энэ хугацаанд тусгай зөвшөөрлөө түдгэлзүүлж, цуцлуулсан, хязгаарлуулсан зүйл байхгүй. Тусгай зөвшөөрөлд мөнгөн хадгаламжийн талаар тусгайлан зааж өгсөн байдаг. Монголбанктай зөвшилцсөний үндсэн дээр үнэт цаас гаргах эрхийг тусгаж өгсөн байдаг. 

Шинжээчийн дүгнэлт, гэрчийн тайлбарт банк хоорондын хадгаламжийн асуудал иргэд байгууллагын хоорондох хадгаламжийн асуудлыг ялгаа зааг тусдаа хариулсан байгаа. Банк хоорондын мөнгөн хадгаламжийн асуудал мөнгөн хадгаламжийн тусгай зөвшөөрөлд хамаагүй юм. Хөгжлийн банкнаас Чингис хаан банкинд байршуулсан 25 тэрбум төгрөгийн асуудал зайлшгүй тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулах үйл ажиллагаа биш гэдгийг шинжээч өөрөө тайлбарласан. Төв банкны ерөнхийлөгч нь банк хоорондын хадгаламжийн асуудал үүсээгүй гэсэн. Өнгөрсөн 2012 оноос 438 удаагийн санхүүгийн харилцаанд орсон. Нэг жилд 50 орчим мөнгөн хадгаламжийг урт болон богино хугацаанд байршуулж буй.

Яагаад иргэний хариуцагчаар татсан гэхээр 25 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжийн төлбөр төлөгдөөгүй учраас гэж ойлгож байна.

Талуудын хооронд үндсэн гэрээгээр хүү болон мастер гэрээгээр алдангийг тооцдог. Чингис хаан банк хуульд заасан хэмжээгээр хүү, алдангийн хэмжээгээр мөнгөн хадгаламж гүйцэтгэхэд өнөөдөр ч бэлэн. Энэ асуудалд талууд харилцан тохиролцоогүй учраас Хөгжлийн банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргаад хоёр жил үргэлжилж байна. Үндсэн төлбөрийн асуудалд маргаан байдаггүй. Иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байх хугацаанд прокурорын тогтоолоор Чингис хаан банкийг татсан байдаг. Түдгэлзүүлэх хүсэлтийг хоёр удаа гаргасан байдаг. 

10 : 43
2023-6-15

"Говийн зам" ХХК 143 тэрбумаар зам боомтын төслийг хэрэгжүүлсэн

"Энержи ресурс" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ганбат:

-Хувийн хэвшил гадаадаас зээл авч бариад ашиглаж байсан замыг төрийн өмчийн аж ахуйн нэгж өмчилж, шилжүүлэх гэрээг аж ахуйн нэгжүүд 2013 оны арванхоёрдугаар сарын 8-нд байгуулсан. Энэ гэрээг хувийн хэвшил талаас "Энержи ресурс" ХХК-ийн "Говийн зам" компани төлөөлж гарын үсэг зурсан бол нөгөө талаас "Эрдэнэс Монгол" болон "Эрдэнэс тавантолгой", "Тавантолгой" хувьцаат компани зурсан. Энэ гэрээнд Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөл гарын үсэг зурсан зүйл алга. Алтанхуяг, Батбаяр, Шинэбаатар, Мөнхбат гарын үсэг зураагүйг шинжлэн судалсан. Гол нь гэрээг авто замын төсөл, санхүүжилтыг босгосон "Энержи ресурс" компани гарын үсэг зурсныг онцолж байна. Замын төслийг "Эрдэнэс монгол" ХХК-д шилжүүлэх хугацаанд бодитоор 20 сая ам.долларын санхүүжилтын зардал гарсан. Үүнтэй шинжээч маргаагүй, үгүйсгээгүй. "Говийн зам" ХХК тухайн үед 143 тэрбум буюу 100 гаруй сая ам.долларыг толгой компаниасаа авч, зам болон боомтын төслийг хэрэгжүүлсэн үйл баримтыг шинжээч хүлээн зөвшөөрч дүгнэлтдээ дурддаг. Тэгсэн хэрнээ шинжээч зам шилжүүлэх хүртэлх бодит зардлыг төлбөрийн дүнгээс хассан тооцоо хийж байна. Ингэхдээ үндэслэл болгосон 2010 оны Зам тээвэр, хөгжлийн сайдын 200 дугаар тушаалаар батлагдсан замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв зохиох заавар нь энгийн хатуу хучилттай замын лсын төсвийн санхүүжилтээр буюу хүүгүй мөнгөөр барихад хэдэн төгрөг хэрэгтэй болохыг урьдчилан тооцдог норматив юм.

Тэгвэл төр хувийн хэвшлийн хүрээнд хувийн хэвшил нь өөрөө санхүүжилтээ олж, замаа улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй бариад тарифаа өөрөө тогтоож, хөрөнгө оруулалтаа нөхөх концессын зарчимд энэ заавар огт хамааралгүй. 

Ялангуяа хүнд даацын ачаа тээврийн зориулалттай зам шилжүүлэх цаг үед хоёр жилийн өмнө ашиглалтад орсон, үйл ажиллагаа нь явж байхад нэг компаниас нөгөө компанид шилжүүлэх, үнэ цэнийг тодорхойлоход уг заавар огт хамааралгүй. Бид нэгбүрчлэн судалж, яллагч баримтаар нотлоогүй. Шинжээч хоёр дүгнэлт хийхдээ хөрөнгийн үнэлгээ огт хийгээгүй. "Энержи ресурс" компанийг иргэний хариуцлагад татсан тогтоолыг хүчингүй болгож, 40 тээврийн хэрэгсэл шилжих хөдөлгөөнийг хязгаарласныг цуцалж өгнө үү.

"Энержи ресурс" ХХК-ийн иргэний хариуцагч:

-Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн авто замыг барих асуудал Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай УИХ-ын 2009 оны 22 дугаар тогтоолын хүрээнд 2009 онд 83 дугаар тогтоол гаргаж шийдвэрлэснийг сануулж хэлье. Ингээд "Говийн зам" ХХК-тай авто зам барих, ашиглах, шилжүүлэх гэрээг байгуулсан. Замыг ашиг хонжоо харж бариагүй ээ. Улсын эдийн засаг хүнд байгаа учраас богино хугацаанд барьсан. Тиймээс хамаагүй хямд өртгөөр барьсан. Энэ үед Тавантолгойн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байсан гурван компани буюу "Эрдэнэс тавантолгой", "Тавантолгой", "Энержи ресурс" хамтраад шороон замын асуудлыг шийдэж, зам барь гэдэг үүрэг даалгаврыг салбар яамнаас өгч байсан. Гэтэл нөгөө хоёр компани маань боломжгүй гээд оролцоогүй учраас манай компани оролцсон. Зам барих ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийсэн. Төрийн үүрэг ачааг хөнгөлөх зорилгыг хангасан гэсэн үг. Өнөөдрийн байдлаар нүүрсний экспортын цор ганц зам.

Төр өөрөө барих ёстой байсан. Зам бариад 10 жил ашигла гэчихээд хоёр жил хүрэхгүй ашиглуулчихаад улсад хэрэгтэй гээд өөрийн юм шиг шилжүүлж авахдаа ашиг, хохирол огт өгөөгүй. Бодит зардлаа өчнөөн шалгалт хийж авчихаад 10 жилийн хугацаанд 457 тэрбумын орлого олсон. Замыг бариад ашиглалтад оруулсны дараа 11 жилийн дараа заавар гэгчийг гаргаж ирээд зам барих зориулалтаар олон улсын банк санхүүгийн байгууллагаас татсан санхүүжилтын хүү, шимтгэл удирдлагын зардлыг өгөх ёсгүй гээд биднийг иргэний хариуцагчаар тогтоолгосон. Төр өөрөө нэг тогтоол гаргаж, ажил хийлгэчихээд заавар гаргаад төлбөрөө бүрэн өгөх ёсгүй байсан гэсэн үг. Тэр төлбөр нь Европын сэргээн босголтын банк, Стандарт банк, Голландын хөгжлийн банкнаас авсан зардлыг хэлж буй. Бид бүгдийг нотолж харуулсан. Харин ч бид хохирсныг нотолж харуулсан. Манай компани санхүүгийн хүнд байдалд 2013 онд орсон гэдэг нь үндэслэлгүй. Төртэй хамтарсан аливаа ажил хамгийн том эрсдэлтэй байдаг юм байна. Ямарваа нэг байдлаар хохирч үлддэг юм байна гэдэг итгэл үнэмшилтэй үлдэж байна. Манай компани зам барихтай холбоотой баримттай бодит зардлаа л авсан. Алдагдал хохирол ашгаа огт аваагүй. Үнэхээр харамсмаар байна. 

09 : 33
2023-6-15

"Хоёр блаз машиныг 8.2 тэрбумаар хууль зөрчиж хавахдаа 1 сарын дотор төлсөн"

Шүүх хуралдааны даргалагч шүүгч З.Болдбаатар:

-Шүүх хуралдаанд хэлэх санал, үг байна уу. Дараа нь иргэний хариуцагч, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид үг хэлнэ. Тэгээд шүүгдэгчдийн эцсийн үг рүү орно. 

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч:

-Тус үйлдвэрийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нь 2016 оны аравдугаар сарын 10-ны өдөр ерөнхий захирлыг төлөөлж "Блаз 75.131" маркийн өөрөө буулгах хоёр машиныг нэг бүрийг нь 3.634.700 ам.доллар буюу 8.9 тэрбумаар худалдан авсан байдаг. Уг худалдан авалтыг хийхдээ төрийн болон орон нутгийн өмчийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5 болон түүнтэй холбогдож гарсан тус үйлдвэрийн худалдан авах ажиллагааны түр журмын 2.1 заалтад заасан компанийн хэрэгцээнд байгаа ажил үйлчилгээг худалдан авахдаа захиалагч цех нэгжүүдээс холбогдох хэлтсүүдэд ирүүлсэн захиалгыг  компанийн барааны үлдэгдэл, зөвлөлийн хурлын шийдвэртэй тулган нэгтгэж, тухайн оны нэгдсэн захиалгыг ерөнхий захирлын чиглэл хариуцсан орлогчтой зөвшилцөн, ерөнхий захирлаар батлуулан зайлшгүй тохиолдолд нэгдсэн захиалгад нэмэлт өөрчлөлт оруулж, техникийн комиссын хурлын шийдвэрийг үндэслэсэн байна гэж заасан. Мөн 2.7 заалтад гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэх тохиолдолд эдийн засаг, маркетинг, техникийн хэлтсийн санал оруулах, чиглэл хариуцсан захирлын зөвшөөрөл байна гэсэн. Эдгээр заалтуудыг зөрчиж гэрээ байгуулан 2.7 жил ашигласан нэг нь 29.242 километр, нөгөө нь 32.251 километр явсан байсныг өндөр үнээр худалдан авсан. 

Блаз машины үнэлгээг хийсэн шинжээчийн дүгнэлт байдаг. Энэ дүгнэлтийг манайх бүрэн хүлээн зөвшөөрч буй. Нийт 2.7 жил ашигласан машиныг 7.3 тэрбумаар тогтоосон байдаг. Хоёр ширхэг, 130 тонн даацтай машиныг тээвэрлэх, авч ирэх, задлах зардлыг бас "Эрдэнэт үйлдвэр" гаргасан. Тухайн өртөг нь 7.442.676. төгрөг болсон байдаг. Нийт есөн тэрбум хохирол учирсан. Шинжээчийн дүгнэлт, гэрээний дагуу төлбөр төлбөрийн зөрүү болон 1.6 тэрбум төгрөгийг иргэний хариуцагчаас нэхэмжилж байна

ТӨБЗГ-ын хууль ёсны төлөөлөгч н.Лхагвадорж:

-"Эрдэнэт үйлдвэр" компани 2016 оны аравдугаар сард "Кью Эс Си" компаниас хоёр блаз машин худалдан авсан. Энэ үед тус үйлдвэрийн 51 хувь төрийн эзэмшлийнх, 49 хувь нь “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнх байсан. Тиймээс төрийн болон орон нутгийн өмчийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийг мөрдөн ажиллах ёстой хуулийн этгээд. Энэ хуулийн 3.1 заалт, 4.1.2 заалтад тусгаснаар худалдан авалт хуулийн дагуу явагдах байсан. Энэ худалдан авалтад 8.1.1. зааснаар нээлттэй тендер шалгаруулахгүйгээр шууд гэрээ байгуулж, худалдан авсан байдаг. Манай газраас 2016 онд шалгалт хийхэд хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг гаргасан. Жишээлбэл, блаз машиныг тухайн үед 8.2 тэрбум төгрөгөөр хууль зөрчиж худалдан авсан нь тогтоогдсон.

Сангийн яамнаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч:

-Засгийн газрын 2020 оны 122 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр Сангийн яам томилогдсон. Энэ хүрээнд хохирогчоор оролцож байна. Тус банкны санхүүгийн үзүүлэлтийг сайжруулах чиглэлээр сүүлийн хоёр жил шат дараатай ажиллаж байна. Тус банкнаас авсан гадаад зээлийг энэ онд төлөх, заримыг нь зохицуулах ажил байгаа. Дотоод талдаа чанаргүй зээлийн авлагыг яаралтай барагдуулах ажил байгаа. Гадаад зээлээс энэ онд төлөх Мазаалай, Евро бондын буцаан төлөх санхүүгийн эх үүсвэр нь чанаргүй зээл. Аль болох төсөвт дарамт багатайгаар чанаргүй зээлээ төлөх шаардлагатай. 

Үүнтэй холбоотойгоор 2019 онд Сангийн яамны улсын байцаагч хуулийн байгууллагад шалгуулах албан шаардлагыг хүргүүлж байсан.

Мэдүүлэг дээрээ энэ компанитай харилцан ажиллаж байгаагүй гэдгээ хэлсэн байдаг. Гэрээний төсөл боловсруулахдаа чиг үүргийн ажилтнаар хийлгээгүй байдаг. Хангамжийн хэлтсийн дарга мэдэн будилсан мэдүүлэг өгч, хэн гэрээний төсөл хийснийг мэдэхгүй байсан. Гэрээ үнэхээр төрд алдагдалтай гэрээ байсан. Үнийн санал 2.7 жил ажилласан машиныг шинэ машины үнээр тооцож авсан байсан. Гэрээгээр зээлээ гурван жилд төлөх ёстой байсан ч нэг сар гаруйн хугацаанд төлсөн юм билээ. Нэхэмжлэлтэй санал нэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дэл 2023-06-15 202.55.188.45

Оюунчимэг хөгжлийн банканд 9 жил удирдах алба хашсан надад ямар ч буруу байхгүй гэлээ тэгээд банк нь дампуурахдаа тулдаг юмуу шинэбаатар бол алдартай хулгайч шүү дээ

Avatar

Нэргүй 2023-06-15 213.87.135.11

))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-15 216.38.195.74

-π-#;

Avatar

Нэргүй 2023-06-15 202.131.245.210

Энэ Шинэбаатар ыг одоо шоронд хатааж а**х ёстой ХХБ-ны байрнаас зөвхөн 2 хон давхарыг нь Хөгжлийн банкинд 10 давхар барилгын үнээр шахсан хулгайч Ер нь маш олон хулгай луйвар болохгүй зүйлд орооцолдож явдаг

Avatar

зочин 2023-06-15 202.21.126.30

ШИНЭБААТАР ГЭДЭГ ЧИНЬ ОЛНЫ ӨМНӨ ТАВАН ӨГҮҮЛБЭР ЭВЛҮҮЛЭЭД ХЭЛЧИХЭЖ ЧАДДАГГҮЙ ТАГ ТҮПИЙ АМЬТАН ШДЭЭ. ХУДАЛ ХУЛГАЙДАА ГАРАМГАЙ ХУЛГАЙЧ ЮМ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж