Лхагва гариг. Иргэн Ө.Золбоогийн автомашины дугаар замын хөдөлгөөнд оролцдоггүй өдөр. Ажилдаа машингүй ирсэн тэрбээр гадуурх ажлаа түрээсийн скүүтэр ашиглан амжуулах гэж байна.
Тэрбээр анх удаа скүүтэр унах гэж байгаа учраас найзаараа заалгаж, төлбөрөө төлж зогсоно. Маршрутын хувьд Төв талбайгаас 13 дугаар хороолол хүртэл нэг удаадаа 20 мянган төгрөгөөр цэнэглээд яваад үзье гэлээ. “Нийслэл хотод ийм үйлчилгээ байх нь зүйтэй. Ядаж машин хөдөлгөөнд оролцдоггүй өдрөө ашиглах боломжтой юм. Харин үнийн хувьд жаахан үнэтэй юм шиг байна. Сая манай найз 700 метр зайд явахад 2100 төгрөг гарч байна гэнэ” гэв.
Зарим иргэд таксигаар 6000 төгрөг төлдөг газар 13 мянган төгрөгөөр скүүтэр унаж байна гэж бухимдана.
Түгжрэлээс залхсан нийслэлчүүд саяхнаас хөл дүүжлэх шинэ “унаа”-тай болсон нь энэ. Хотын гудамжинд энд тэндгүй байршуулсан цэнхэр өнгийн скүүтэрийг иргэд унаж, гудамжинд сүлжилдэх болов. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар цахилгаан скүүтэр түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг өнгөрсөн аравдугаар сард нийслэлээс мэдэгдсэн. 2023-2024 онд нийт 3000 ширхэг цахилгаан скүүтэр оруулж ирэх аж. Одоогоор тоо ширхэгийн нарийн мэдээлэл гараагүй байна.
Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ, дэлхийн томоохон хотуудад байдаг жишиг үйлчилгээ Улаанбаатарт нэвтэрнэ. Энэ бол залууст чиглэсэн, түгжрэлийг бууруулах арга хэмжээний нэг. Тус скүүтэр нь -16 градус хүртэл хүйтэнд тэсвэртэй учраас 3-11 дүгээр сар хүртэлх хугацаанд ашиглах боломжтой. Түрээсийн үнэ, төлбөрийг бизнес төлөвлөгөөнийхөө дагуу хувийн хэвшил өөрсдөө тогтооно. Харин төрийн зүгээс уг үйлчилгээг нэвтрүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэн өгч байгаа гэсэн юм.
Эхлэл, төлөвлөгөөг ийн сайнаар хэлдэг ч үйлчилгээ чанар, хүртээмж, хяналтгүйгээс төр, хувийн хэвшил аль аль нь хохирсон тохиолдол бий. Тод жишээ нь өмнөх дугуй түрээсийн үйлчилгээ байна.
"СКҮҮТЭРЭЭ ХҮССЭН ГАЗРАА ЗОГСООЖ, БАЙРЛУУЛЖ БОЛДОГГҮЙ НЬ ХҮНДРЭЛТЭЙ"
Иргэн Э.Эрдэнэцэцэгийн хувьд гурав дахь удаагаа скүүтэр түрээсэлж буй. Тэрбээр “Скүүтэр унаад явган хүний зам дээр явахад асуудалтай, авто зам дээр явахаар дайруулах гээд хэцүү байдаг. Машин хажуунаас их шахна. Нэг удаа унаж хөлөө бэртээсэн. Би сая Модны хоёроос Төв талбай руу арай урт зайнд явж үзлээ.
Таксинаас үнэтэйгийн хувьд үнэтэй. Аль үйлчилгээг сонгох нь иргэдийн сонголт.
Би байнга такси барьдаг ч өнөөдөр сонирхож хол замд скүүтэр түрээсэлж үзлээ. Гэрээсээ ажил хүртлээ 7900 төгрөгөөр цэнэглэдэг. Өнөөдөр скүүтэр цагийн 16.800 төгрөгөөр түрээсэлж, 30 минут явж талбай дээр ирсэн” тухайгаа ярилаа.
Тэрбээр “Скүүтэрийг минутаар түрээсэлбэл илүү үнэтэй тусах юм шиг байна лээ. Хэрвээ хотын зам сайхан байдаг бол аятайхан үйлчилгээ юм. Хотын төв хэсгээр ойр зуур явахдаа түгжрэхгүйгээр хөдөлгөөнд оролцоход амар санагдлаа. Скүүтэрээ хүссэн газраа зогсоож болохгүй нь хүндрэлтэй. Бас замаасаа өөр скүүтэр аваад явж болдоггүй. Ядаж хүссэн газраа зогсоогоод цэг дээр ирэлгүй скүүтэрээ цэнэглээд унадаг байвал сайн байна” гэдэг саналыг хэлсэн юм.
Урин дулааны улиралд иргэд унадаг дугуй, мотоцикл, скүүтэр ихээр унадаг. Энэ үйлчилгээг авахын тулд иргэд:
- AppStore болон playstore-оос Jet scooter аппликейшнийг татах,
- Дараа нь хэрэглэгчээр бүртгүүлэх,
- Зүүн доод хэсэгт байрлах меню хэсгээс сонголтоо хийж дансаа цэнэглэнэ.
Данс цэнэглэхэд багадаа 4000 төгрөг байх бөгөөд шаардлагатай бусад зааврыг түрээсийн скүүтэр дээр байршуулжээ.
"ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ЗАМ САЙТАЙ БАЙВАЛ САЙН"
Улаанбаатар хот доторх унадаг дугуй, явган зорчигчийн замыг шинээр барьж, нэмэгдүүлэх төлөвлөлтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн өмнө нь танилцуулахдаа "2023 онд төдийгүй цаашид унадаг дугуйн зам, гүүрэн байгууламжийн дэд бүтцээ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 2023 онд дугуйн зам барихад 27.5 тэрбум, гүүрэн байгууламж барихад 52.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна.
Өнөөдрийн байдлаар зураг төслийг нь боловсруулж байгаа дугуйн замын тухайд, 17 байршилд 24.5 км зам барих, найман байршилд 3.1 км гүүрэн байгууламж нийт 27.6 км зам, гүүрэн байгууламжийн зураг төслийг боловсруулсан байна. Энэ онд дөрвөн байршилд 3.18 км дугуйн зам, гурван байршилд 1.67 км гүүрэн байгууламжийг шинээр барина. Ингэснээр түгжрэл гурван хувиар буурах тооцооллыг мэргэжлийнхэн гаргасан талаар мэдээлж байв. Тэрбээр "Дугуйн зам нэмж хийхээр ажиллаж байна. Төсөв санхүүжилтын асуудал тулгарч байна. Бид одоогоор 50-иад километр дугуйн замын судалгааг хийгээд, зураг төсөл хийх зардлыг баталж өгсөн. Одоо компани нь Төрийн худалдан авах ажиллагааны газар дээр явж байгаа" гэдэг хариултыг өглөө.
Зарим иргэд бие биедээ гар утаснаасаа төлбөр төлөх зааврыг нь зааж өгч тусална.
Нэг хэсэг нь түгжрэлээс зугтаж ажлаа амжуулахаар яарч байхад нөгөө хэсэг нь скүүтэр түрээсийн үйлчилгээг сонирхон унаж байгаатай тааралдав. “Найзтайгаа анх удаа скүүтэр түрээсэлж, сонирхож үзлээ. Дажгүй юм байна. Нэг цагийн 16.800 төгрөг жаахан үнэтэй байгаа тухай Б.Баяржавхлан хэлж байлаа.
Харин Д.Энхмэнд “Би анх удаа түрээсийн скүүтэрээр Хангай хотхон руу яваад ирлээ. Минутаар түрээслэхэд одоогийн байдлаар 4800 төгрөг гарчээ. Өмнө нь скүүтэр унаж байгаагүй эвгүй байна. Одоо буцаад “Лавай” зах орох учраас 36 хувьтай цэнэг нь хүрэхгүй байж магад гээд өөр скүүтэрээр солих гэж байна. Уг нь энэ үйлчилгээ их амар юм байна. Диржигнүүртэй зам нь л их хэцүү юм. Тусгай зориулалтын замтай байвал сайн” гэлээ.
Зарим иргэд машинтай стресстэж, бухимдаж байхаар салхи татуулаад скүүтэр унаад явахаар бас кайфтай байна гэдгийг хэлж байлаа.
Шинэ үйлчилгээ нэвтрүүлснээр түрээсэлсэн скүүтэрээ буцааж өгөлгүй гэр рүүгээ авч явах, GPS-ийг нь салгах гэж оролдсон тохиолдлууд гарсан. Гэхдээ сүүлийн үед ийм үйлдэл багасч, өдөр тутамдаа хэрэглэн дадаж эхэлж байгааг иргэд хэлсэн юм.
Түрээсийн скүүтэрийн нэг минутын төлбөр 200 төгрөг аж. “Jet sharing Mongolia” компанийн хувьд тус үйлчилгээг эрхлэхийн тулд 30 хүн цалинжуулдаг байна.
Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн
Холбоотой мэдээ